
Хаврын хугас орсон өдрөөс эхлэн өдрийн цаг уртсах ба зургаадугаар сарын хорьдоор хамгийн урт өдөр тохиодог бол тэр нь 24 улирлын бас нэгэн улирал болох “Зуны туйл”. Түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын хорьд болоход дахин өдөр, шөнө тэнцдэг. Тэр нь мөн 24 улирлын нэг болох “Намрын хугас” болно.
Хаврын хугас болох өдөр нар тэнгэрийн мандлын өмнөд хагасаас хойд хагаст шилждэг аж. Нар тэнгэрийн экваторын нэг цэгийг дайрах хугацаа бидний тоолдог цаг тооллын өдрөөс зөрдөг учраас хаврын хугас нь жилээс жилд өөрчлөгддөг байна. Тэгэхээр хаврын хугас хэмээх энэхүү улирал нь жил бүрийн аргын тооллын 03 дугаар сарын 19, 20, 21 буюу 22-ний аль нэгэнд нь тохиодог бол энэ жилийн хувьд 03 дугаар сарын 20-ны өдөр тохиосон байна.
Өдөр шөнө тэнцэх өдөр нар эгц зүүн зүгээс мандаж, эгц баруун зүгт жаргадаг бөгөөд хар ярианы ойлголтоор бол тэнгэрийн хаяаны дээр 12 цаг, тэнгэрийн хаяаны доор 12 цаг оршдог гэсэн үг юм байна.
