НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 58 дахь чуулган орон нутгийн цагаар энэ сарын 24-нд Женев хотноо нээлтээ хийлээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхийлөгч Филемон Янг илтгэлдээ дэлхий дахинд хүний эрхийн ноцтой сорилтууд тулгарч буйг онцолж, хүний эрх, нэр төрийг хамгаалахын тулд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалав.
Филемон Янг хэлэхдээ, зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн тэгш бус байдал нэмэгдэж, ядуурал гүнзгийрч буй нь хүний эрхийн нөхцөл байдлыг улам дордуулж байна. Өнөөдрийн байдлаар 300 сая гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай бөгөөд Газын зурвас, Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг бүс нутагт энгийн иргэд асар их хохирол амсаж байна. "Дайн ч гэсэн дүрэмтэй. Энгийн иргэдийг онилох ёсгүй" хэмээжээ.
Мөн тэрээр Газын зурваст гал зогсоож, хоригдлуудыг сулласанд талархаж буйгаа илэрхийлээд, Ойрх Дорнодын мөргөлдөөнд "хоёр улсын шийдэл" гол үүрэгтэй гэдгийг дахин тэмдэглэв. Филемон Янгийн хэлснээр, зөрчилдөөнийг зохицуулах гол арга зам нь яриа хэлэлцээг бэхжүүлэх явдал юм. Түүнчлэн НҮБ-ын 80 жилийн ойг дэлхийн энх тайвныг дэмжих чухал боломж болгон ашиглах ёстойг сануулж, гишүүн орнуудыг Хүний эрхийн зөвлөл болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хүний эрх, нэр төрийг хамгаалах үүргээ бодитой хэрэгжүүлэхийг уриаллаа.
