Эх үрсийн хөгжлийн төв “Ээжүүдийн чин сэтгэлийн уулзалт”-ыг зохион байгууллаа. Уулзалтад СТА Г.Эрдэнэчимэг зочноор оролцож, ээжүүдтэй эзэгтэй, ээж, эхнэр хүний аз жаргал, амьдралын арга ухаан, алба ажил, ахуй амьдралаа хэрхэн авч явж байгаа талаар чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Тус төвөөс зохион байгуулсан уулзалтад дөрвөн хүүхэдтэй 26 настай залуухан ээжээс эхлэн хожим оройхон төрсөн ахимаг настай эмэгтэйчүүд гээд нас насны төлөөллүүд оролцож хүүхдээ өсгөх, гэр орноо авч явах, хажуугаар нь ажил албаа хэрхэн зохицуулж байгаа талаар өөрсдийн бодол санаа, арга туршлагаасаа хуваалцсан юм.
“Сайн байцгаана уу? Лекц уншиж, сүрхий заавар зөвөлгөө өгч сайн чадахгүй шүү, ээжүүдээ. Харин сайн ярилцагч, сонсогч байж чадна. Та нар бас надад өөрсдийнхөө арга туршлага, санал бодлоосоо хуваалцаарай” хэмээн инээмсэглэн танхимд орж ирэх энэ эмэгтэйг ихэнх ээжүүд МУГЖ, УИХ ын гишүүн С.Жавхлангийн эхнэр Эрдэнэчимэг гэдгээр нь илүү сайн мэднэ.
Ингээд гурван хөөрхөн хүүхдийн ээж, жирийн нэг монгол айлын эзэгтэй Эрдэнэчимэгийн ээжүүдтэй өрнүүлсэн дотно яриаг хүргэе.
Дуулах мөрөөдлөө алхам алхамаар биелүүлж явна
Г.Эрдэнэчимэг: Би гурван хүүхддээ сайн ээж, айлын сайн эхнэр, эзэгтэй байх гэж бас хажуугаар нь өөрийнхөө хүсэл мөрөөдлөө орхихгүйг хичээж ажил, амьдралаа зохицуулаад явж байгаа жирийн нэг ээж. Том охиноо тээж эхэлснээс хойш гэртээ суусан гэхээр бараг 2010 оноос хойш хүүхдүүдийн ээж, гэрийн эзэгтэй, айлын эхнэрийн ажлыг хийсэн байна. Одоо ч гэсэн бараг гэртээ сууж байгаа л даа. Гэхдээ гэртээ байх хугацаанд хүсэл мөрөөдөл, зорилгоо гээхгүйг хичээж явна. Дуулах мөрөөдлөө алхам алхамаар биелүүлж байгаа. Гэрт суухаар өөрийн гэсэн ертөнц хумигдах гээд байгаа юм шиг санагддаг. Ээж болохоос өмнө олон зүйл хүсэж байсан бол хүүхэдтэй болсноос хойш бүх анхаарал, цаг заваа хүүхэддээ тавиад ямар нэг хүсэл мөрөөдөл, зорилгогүй болчих гээд ч байх шиг. Гэхдээ аль алиныг нь зохицуулаад явах чадвар, чадал эмэгтэй хүнд байдаг юм байна. Та нар ч гэсэн зарим нь хүүхдээ асарч, хүмүүжүүлж, зарим нь албан ажлаа хажуугаар нь амжуулж яваа ээжүүд байх?

Ээж Солонго: -Хүүхдээ хараад гэртээ удаан суухаар ээжүүдэд бухимдах үе гардаг. Таны хувьд урлагийн хүн тайзан дээр олон хүний урд, аялан тоглолт, зураг авалтаар хөдөө, гадаадаар явж байгаад гэртээ удаан суухаар бухимдах, уйдах үе гардаг байх?
-Тухайн үед хүүхэд хурдан том болоосой, гэрт байх хугацаанд олон зүйл хийж, бүтээх цаг алдаж байна гэх ч юмуу тийм бодлууд төрнө. Гэхдээ эргээд бодохоор тэгж бодох шаардлагагүй байсан юм билээ. Яагаад гэхээр бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Хүүхэд байнга бидний хормойноос зүүгдээд жоохноороо байхгүй ш дээ. Том болно. Эргээд биднийг асарна. Нялх, бяцхан байхад нь асарч, халамжилж, хайрлах ёстой цагийг зөвхөн түүнд нь л зориулж,зарцуулах ёстой юм билээ. Үүнийг гуравдахь хүүхэд дээрээ илүү сайн мэдэрч байна. Эхний хүүхэд дээрээ туршлагагүйгээс ч болдог юмуу гэртээ суух хугацаанд хааяа бухимдаж уйддаг байсан бол бага хүү дээрээ илүү халамжтай, хариуцлагатай болсон. Охидоо хайр халамжаар дутаасан байх вий, хийж өгөх ёстой зүйлийг нь хийж өгч чадалгүй өнгөрчихсөн байх вий тэр алдаагаа хүү дээрээ дахин давтахгүй юм шүү гэж бодох тусам хүүгээ улам хайрлаж, халамж анхаарал тавьж байна. Ер нь гэр бүл, үр хүүхдээ хайрлаж, халамжлаад л байвал тэр айл, гэр бүл улам л өнгө ороод, аз жаргалтай болж байх шиг санагддаг. Тэгэхээр хүүхдээ харж байхдаа “Хүүхэддээ бүх хайраа 100 хувь зарцуулах энэ хугацааг бурханаас надад бэлэглэсэн” гэдгийг л ухаарах ёстой юм билээ. Тэртээ тэргүй нялх үрээ орхиод гараад явах зүрх зориг эх хүнд байхгүй л хойно түүнд бухимдаж бачуураад байх шаардлагагүй л дээ. Хоёр охиноо харж байхдаа хааяа бухимдаж байснаа бодоод одоо их харамсдаг. Ер нь ямар нэг зүйлд харамсаж, сэтгэл дундуур үлднэ гэдэг бол хэзээч түүнийг нөхөж, засаж залруулж болдоггүй сэтгэлд тээртэй хэцүү байдаг. Тиймээс хүүхдээ харж байх хугацааг хүүхэддээ л зориулах цаг хугацаа гэдгийг л ухаарч хүүхдээ өсгөх ёстой юм байна. Хүүхдээ унтасны дараа завтай үедээ дуртай, дурласан зүйлээ хийх цаг зав гардаг. Тэр хооронд хийхийг хүсэж байгаа зүйлийнхээ талаар судалгаа, төлөвлөгөө гаргаж болно шүү дээ. Гэртээ сууж байхдаа “Монголоороо” төвийн талаар судлаад, дэвтэр дээр төлөвлөгөө бичдэг байсан. Хүүхдээ том болсны дараа юу хийх вэ гэдгээ бодож, судалж, төлөвлөж байх ёстой юм билээ.
Гурван хүүхдээ гэртээ төрүүлсэн
-Та хүүхдээ хараад гэртээ байхдаа хэр юм оёдог байсан бэ?
-Бага байхдаа, оюутан байхдаа ч юмуу ерөөсөө юм оёдоггүй байсан. Хүүхдүүдээ хараад гэртээ байхдаа жижиг сажиг юм оёдог болсон. Хүүхдүүдийнхээ дээл, баривч гээд өөрөө хийсэн зүйл дэлгүүрээс авсан зүйлээс үнэ цэнэтэй байдаг.
Ээж Сайнтуяа: -Та бусад залуу ээжүүдийг бодоход уламжлалт арга, ёсыг амьдрал ахуйдаа түлхүү хэрэглэдэг юм шиг санагддаг. Төрсний дараа гам муу барьснаас болж ямар эрсдэлүүд үүсдэг бол?
-Төрсний дараа гам алдах маш муу. Би эхний хоёр хүүхэд дээрээ гам сайн барьсан. Хүү дээрээ хайнга хандчихсан уу эсвэл “Зүгээр л байдаг юм байна лээ” гэсэн бодолтой хэнэггүй хандчихсан уу гам сайн бариагүй. Мэдээж муугаар нөлөөлсөн. Төрсний дараа гам сайн бариагүйгээс болж ходоод, зүрхний хийтэй болохоос эхлээд олон эмгэгтэй болдог гэсэн. Ядаж төрсний дараа эхний 10 хэд хоногт сэрүүн хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Хүүхэд 3 сартай болтол гам барихад илүүдэхгүй. Хүүхдүүдээ эрүүл байлгах тал дээр уламжлалт аргыг илүү барьдаг. Зуны цагт шар сүүнд оруулж, цагаан идээгээр голдуу хооллодог. Хар цайнд оруулж шар тосоор тослох гээд ээж, эмээгийнхээ зааснаар уламжлалт аргуудыг л хэрэглэдэг. Шар тос хүүхдийн яс бэхжихэд маш сайн гэж дээр үеийн хөгшчүүл ярьдаг шүү дээ. Өвөл өнжөөд нэг заримдаа өдөр болгон хар цайнд оруулаад шар тосоор иллэг массаж хийгээд байвал ханиад хүрдэггүй. Хүүхдүүдээ бас хуванцар химийн агаар боловсруулж, хийсэн тоглоом бариулж байснаас шагайгаар тоглуулах нь хамаагүй илүү сайн санагдсан. Малын гаралтай юм чинь ядаж л кальц байгаа, шагайнд. Шагайгаар тоглодог хүүхэд бас юманд нүдтэй, юмыг хурдан тогтоодог чадвартай болдог. Хүүхдүүддээ бас жижигхэн гэр авч өгсөн. Барьж хурааж тоглож байхдаа ядаж энийг нь тооно гэдэг юм байна, түүнийг нь багана гэдэг гээд монгол гэрийнхээ талаар мэдлэгтэй болог гээд. Манай бага хүү цас орохоор “Өрхөө татъя, ээжээ” гэдэг шүү, хөөрхөн.
Ээж Энхжин:- АХА нэвтрүүлгээр дунд ангийн сурагчаас монгол гэрийн тооно, унийг асуухад мэдэхгүй л байгаа байхгүй юу. Энэ бас нэг талаараа эмгэнэлтэй санагдсан?
-Зарим хүмүүс манай нөхөр бид хоёрыг туйлширсан гэж ярьдаг. Гэхдээ бид гадны соёлоос авахыг нь аваад орхихыг нь орхиод явах ёстой гэж боддог. Би ерөнхийдөө бага, оюутан байхын л уламжлал талыг баримталдаг байсан. Оюутан байхдаа ханиад хүрэхээр ерөөсөө эм уухгүйгээр аарц уусаар байгаад ханиадаа эдгээчихдэг байсан. Нөхөртэйгээ танилцаа ч үгүй байхдаа би ахуй амьдралдаа уламжлалын аргыг барьдаг байлаа.
-Таныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр араг түшиж, гэртээ төрсөн гэж ярьж, бичдэг. Нээрээ та гэртээ төрсөн юмуу?
-Миний бодлоор хагалгаагаар төрөх гэж байгаа биш, “Хүнд төрнө” гэсэн эмчийн оноштой биш, тэртээ тэргүй цаанаас заяаж, заасан жам ёсны дагуу төрөх учраас заавал эмнэлэгт очих шаардлагагүй гэж бодсон. Гурван хүүхдээ гурвууланг нь гэртээ гаргасан. Мэдээж төрөх үед хажууд эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар байсан.
“Яаж гэрт амьдарч чадаж байна аа. Та хоёрыг орд харшид гэрийн үйлчилэгчтэй амьдардаг гэж бодсон ш дээ” гээд л гайхна
Ээж Саранцэцэг: -Миний хувьд хүүхдүүдээ гэсээр байгаад нөхөртөө тавих халамж анхаарал багасч байна. “Сайн яваа эр хүний ард эмэгтэй хүн байдаг” гэдэг та хүүхдүүдийнхээ хажуугаар нөхөртөө анхаарал халамж хэр тавьдаг вэ?
-Миний нөхрийн хувьд үзэл бодол нь тэгширсэн. Зорилгоо тодорхойлчихсон, хүрэх оргилоо олоод харчихсан болохоор ингээрэй тэгээрэй гээд зааж зааварлаад байдаггүй. Миний зүгээс шалтгаалах санаа зовоох асуудал гаргахгүй, өөрийнхөө мэдрэмжээр зөвлөж, чадах зүйлээрээ тусалдаг. Нээх сүрхий хатан ухаан гаргаад чи тэгэх ёстой, ингэх хэрэгтэй гээд зааж зөвлөөд байдаггүй . Өөрийнхөө хүрээнд чадах зүйлээрээ тусалж дэмждэг. Жишээлбэл, өнгөрсөн хавар манай хүний сонгуулийн ажилд 60 гаруй хүн ажилласан тэдний гол тогоог хариуцаж ажилласан. Бэлтгэгч, зөөгч, хоол хийх гээд гал тогоонд миний чадах юу байна тэр бүхнийг хийсэн. Хүүхдүүдээ гээд заримдаа нөхөртөө тавих халамж анхаарал орхигдох гээд байдаг. Гэхдээ яаж ийгээд цаг гаргахгүй бол болохгүй шүү дээ.
Ээж Солонго:-Урлагийн хүний эхнэр байх улстөрчийн эхнэр байх аль нь хэцүү вэ?
-Мэдээж улс төр улс орон, ард түмэн гээд хүрээ том, хариуцлага ч өндөр. Нөхөр маань гишүүн болсноос хойш гэр бүлд ачаалал эрс нэмэгдсэн. Шулуун шударга шууд ярьчихдаг, буруу зүйлд нүд хараа, үзэл бодол нь хурц болохоор амьтан хүний дургүй хүргэх вий. Хурал, чуулган дээр хүний дургүй хүргэсэн юм ярих вий гэх мэтчилэн санаа зовно. Урлагийн хүн камерт зориулж өөрийгөө бэлдсэний дараа камертай харилцдаг бол улс төрчид ажлынхаа хаалгаар оронгуут камерын дуранд өртдөг. Бараг гутал нь шороотой байна уу, үс нь тослогтчихсон байна уу гээд анаж байдаг.
Ээж Мядгаа: -Танайхыг Гачууртад гэрт амьдарч байгаа гэж дуулсан. Үнэхээр гэрт амьдарч байгаа юу. Гэрт амьдрах хэцүү биш үү?
-Өмнө нь хоёр жил байрнаасаа гэртээ ирэн очин амьдарч байсан. Сая 5 дугаар сараас эхлэ гэрт суурин амьдарч байгаа. Мэдээж байр гэр хоёр шал өөр. Гэрт ажил ачаалал, хариуцлага нэмэгдэнэ. Гэхдээ хүүхэд өсгөхөд гэр нь илүү санагдсан. Ядаж л хаалгаа онгойлгоод гадаа гарч тогло гээд гаргачихна, агаарт. Өмнө нь яадаг байсан бэ гэхээр, хүүхдүүдээ салхиулах гэж бөөн юм болно.Манай машины гарааш хол болохоор эхлээд хүүхдүүдээ хувцаслачихаад машинаа авч ирэх гэж явна. Тэр хооронд хүүхдүүд халууцна, хөлөрнө. Тэгээд түгжирч явсаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэг юм очно. Тэгэж бөглөрөл дунд явж явж салхилсан нэртэй харьцгаана. Нөгөө талаар гэрт амьдрахаар хүүхдүүд эмх цэгцтэй болдог юм билээ. Гэрт бүх юм нүдэн дээр ил үүдэнд нэг гутал уначихсан байвал эвгүй харагдаад, тэнд нэг хувцас эвхэж хураагаагүй бол муухай харагдаад болдоггүй. Тэгээд л хувцасаа эвхээд шүүгээндээ хийгээрэй, гутлаа тавиуран дээр тавиарай гэж ярих бүрт хүүхэд суралцаж байдаг юм байна. Манайхаар ирсэн хүмүүс “Яаж ингэж гэрт амьдарч чадаж байна аа. Та хоёрыг чинь тасарчихсан орд харшид гэрийн үйлчилэгчтэй амьдардаг гэж бодсон ш дээ. Тэгсэн юу вэ, Эрдэнэчимэг ээ. Бас болоогүй ээ, хажуугаар нь дуулж бариад байгаа юмаа. Байр руугаа яваач” гээд л гайхна, хатгана. Заримдаа хүмүүс ингэж ярихаар сэтгэлээр унана. Аливаа зүйлийн болж бүтэж байгааг нь түрүүлж хараад урам өгөх шиг сайхан зүйл хаана байна, тиймээ?
Манайд ихэнх хүн ченж сэтгэлгээтэй болчихсон юм шиг санагддаг. Жишээлбэл, нэг гар утас худалдаж аваад эргүүлээд хэдэн төгрөг нэмэж зараад талхаа авна гэсэн бодолтой. Хүн ер нь хөдөлмөрлөж байж, зүгээр суухгүй байснаар энэ бие өнгө ордог, сэтгэл нь тогтдог юм шиг санагддаг. Саяхан нэг сэтгүүл байсан уу, сайт байв уу, эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулахад намайг “бахархалт эмэгтэй” гэж тодруулсан байна лээ. Эндээс надад юу ойлгогдсон бэ гэхээр, хүмүүст зөв үлгэр дууриал болох ёстой юм байна даа гэж бодсон. Дууныхаа зураг авалтын хооронд хүүхдүүдээ харахын хажуугаар ширдэг оёдог. Дараачийн дууны зураг авалт ирэх нэгдүгээр сард болно. Тэр хүртэл хэдэн ширдэг оёно гээд эсгээд тавьчихсан байгаа. Ер нь тэгээд аливаа зүйлийг зохицуулах арга зам, боломж заавал байдаг.
Эмэгтэй хүн өөрийгөө хайрлах, өөртөө гаргах цагийг хэзээ ч хойшлуулж болохгүй

-Та нөхрөө гэрийн ажил, үр хүүхдээ өсгөж харах ажилд хэр оролцуулдаг вэ. Ихэнх аавууд маш завгүй байдгаасаа болж гэрийн ажлаас хөндий байдаг. Таны нөхөр ч гэсэн завгүй аавуудын нэг байх?
-Манай хүн ер нь мэдэрдэг. Би чинь заримдаа гэрийн ажилдаа түүртээд дуу шуугаа хураагаад, уурлаж бухимдана аа /инээв/. Тэгэнгүүт манай хүн өнөөдөр би хоол хийе, маргааш би хүүхдүүдээ салхилуулъя гэдэг ч юмуу өөрөө гэрийн ажилд ороод ирдэг. Заримдаа үнэхээр тэр хүнд гэрийн ажилд цаг гаргая, зориулъя гэсэн ч зав гардаггүй үе байна.
-Та “Монголоороо” төвийг удирдаж ажиллуулдаг уу?
-Үндэсний соёлоо урлаг тал руу нь хөгжүүлэх зорилгоор “Монголоороо” төвөө нээсэн. Одоо манай төв Монгол бичиг, уртын дуу, бие биелэгээ, амьдрах ухааны бясалгал, эсгий урлалын сургалт явуулж байна.
Ээж Мядгаа:-Бид нар ихэвчлэн хоол хүнсний зүйлээ цуглуулдаг, хоол ундаа хийдэг болохоор “Гэр бүлийнхээ Эрүүл мэндийн ерөнхий сайд” гэж ч нэрлэдэг. Та гэр бүлдээ эрүүл хоол хүнс хэрхэн сонгодог вэ?
-Бэлэн, бэлдчихсэн хүнс ерөөсөө авдаггүй. Хэрчсэн гурил, дэлгүүрийн бууз банш авдаггүй. Өөрөө хийх нь илүү эрүүл санагддаг. Монголын уур амьсгалд тохируулсан хоол хүнс түлхүү хэрэглэдэг. Цагаан хоол, дан ногоо идэхээр монгол хүний биед бас тохиромжгүй. Манайх өвөл голдуу адууны мах, хавар борц түлхүү, зун цагаан идээ, намар самар жимс, шинэ ногоог хоолондоо түлхүү хэрэглэдэг.
Ээж Сэлэнгэ. –Хүүхдүүдээ хараад гэр орныхоо ажлын хажуугаар Монголоороо төвийг авч явж, бас дуугаа дуулна гээд таны хувьд ачаалал их юм. Энэ бүгдийг хэрхэн зохицуулж байна?
-Эрт босож эрт унтаж байгаа минь алба ажил, ахуй амьдралаа зохицуулах эхний алхам болдог гэж боддог. Хүүхдүүдээ хараад гэртээ суухдаа хүсэл мөрөөдлөө, зорилгоо гээж болохгүй гэдгийг мэдсэн. Гэрийн ажилд даруулаад хүсэл мөрөөдлөө битгий орхиорой гэж хэлмээр байна. Мөн эмэгтэй хүн өөрийгөө хайрлах, өөртөө гаргах цагийг хэзээ ч хойшлуулж болохгүй юм байна. Ямарваа нэг зүйлийг хийх гэж чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдвөл цаг зав, арга боломж заавал олддог.
