О.Баярмаа: Цас орсны дараа заавал нарны тос түрхэж гэрээсээ гараарай
2015-12-28 18:21
Өвлийн улиралд охид бүсгүйчүүд маань арьсаа хэрхэн зөв арчилж, толигор бөгөөд эрүүл байлгах талаар мэдэхийг хүсдэг билээ. Бүсгүй та энэ хүйтэнд арьсаа хэрхэн зөв арчлах тухай арьсны мэргэжилтэнтэй хийсэн ярилцлаганд анхаарлаа хандуулаарай.
Арьсны Өвчин Судлалын Үндэсний төвийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны магистрант, эмч О.Баярмаатай ярилцсанаа хүргэж байна.
-Өвлийн улиралд бүсгүйчүүд маань арьсаа хэрхэн арчилвал зохимжтой вэ?
-Өвлийн улирал өөрөө маш ширүүн хүйтэн уур амьсгалтай байдаг. Харин ихэнх монгол эмэгтэйчүүдийн маань арьсны онцлог их хуурай, мэдрэмтгий. Өвлийн хуурай уур амьсгал, мөн арьсны өөрийн онцлогоос хамаараад дандаа чийгшүүлэгч бүтээгдэхүүн түрхэх шаардлагатай.
-Чийгшүүлэгч бүтээгдэхүүн гэж та яг ямар бүтээгдэхүүнийг хэлж байна вэ?
-Энэ бүтээгдэхүүнийг хувь хүн өөрийн сонголтоор хэрэглэж болно. Чийгшүүлэгч бүтээгдэхүүн гэдэг маань заавал крем биш, крем гэдэг бол өөрөө их тосон суурьтай. Ази арьстай хүмүүс дунд тослог арьстай хүн цөөнгүй байдаг. Ийм тослог арьстай хүмүүс бол чийгшүүлэгчийн оронд крем түрхээд байх юм бол эсрэгээрээ батга, сэвх үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Тиймээс бүтээгдэхүүн сонгохдоо мэдэхгүй тохиолдолд заавал мэргэжлийн гоо сайханч, арьсны мэргэжилтнээс зөвлөгөө авах хэрэгтэй.
-Зөвхөн нүүр гэлтгүй өвөл гарын арьс маань ихээр хуурайшдаг. Гарын арьсаа хэрхэн арчлах вэ?
-Гарны арьсыг мөн л яг ижилхэн арчилна. Тос түрхэнэ, хамгаалах тос түрхэнэ, мөн бээлий өмсөх хэрэгтэй.
-Цас орсны дараа нүүрний арьс ихээр гэмтдэг гэдэг. Үүний талаар тайлбарлаач?
-Шинэхэн цас орсон өглөө гэрээсээ гарахдаа нүүрэндээ нарнаас хамгаалах тос заавал түрхэж байх хэрэгтэй. Яагаад гэхээр, нарны шууд туяа маань цасан дээр ойгоод, нүүрэн дээр илүүгээр туяа ойдогтой холбоотой.
-Тэгвэл энэ улиралд арьсаа гуужуулах нь зөв үү? Хүмүүсээс сонсоход ихээр гэмтэнэ гээд байдаг?
-Арьсыг 7 хоногт 1-2 удаа гуужуулах шаардлагатай. Гуужуулсны дараа арьс өөрөө мэдрэг болох учраас дараагийн өдрөөс авахуулаад нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй. Мөн маскийг байнга буюу 7 хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
-Батгатай арьсыг өвөл хэрхэн арчлах вэ?
-Батган дээр өвөл, зун гэж ялгах шаардлага байхгүй. Энэ арьс нь өөрөө их эмзэгшсэн, хуурай болчихсон байдаг. Гэтэл зарим гоо сайханч батгатай арьсанд хуурайшуулах бүтээгдэхүүнийг зөвлөдөг. Батганы үед арьс өөрөө их эмзэг болчихсон байдаг, тэгтэл энэ үед хуурайшуулах бүтээгдэхүүнийг хэт их хэмжээгээр хэрэглэх юм бол арьс маань өөрөө зохиомлоор хуурайшаад, сүүлдээ эмчилгээний бүтээгдэхүүнээсээ эргээд харших магадлал өндөрсдөг. Тиймээс өвөл зун гэлтгүй батгатай арьсанд хатаах бүтээгдэхүүнийг хэрэглэхийн хажуугаар чийгшүүлэх бүтээгдэхүүнийг маш сайн түрхэх шаардлагатай.
-Танд нэмж хэлэх зүйл байгаа бол бидэнд хуваалцана уу?
- 12-р сард охид бүсгүйчүүд маань шинэ жилийн үдэшлэгт ихээр оролцдог. Үүнтэй холбоотой маш их будалт хийдэг. Будалт гэдэг маань өөрөө арьсыг хамгаалдаг боловч, эргээд гэмтээж байдаг. Тиймээс будалтыг мэргэжлийн хүнээр хийлгэх ёстой. Мөн гадуур их ажилтай явдаг хүмүүс арьсаа хэт хуурайшихаас сэргийлэх, бас нүүрэн дээр байрлах жижиг хялгасан судаснуудыг гэмтэхээс хамгаалж байх хэрэгтэй. Энэ эрс тэс хуурай, ширүүн уур амьсгалтай улиралд арьсандаа хамгаалалтын тос, чийгшүүлэгч бүтээгдэхүүн мөн нарны тосыг заавал хэрэглэж байгаарай гэж бүсгүйчүүддээ захья.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
