solongonews
Дэлхийн тоглолт Хөххотыг хөгжөөлөө
2015-12-19 21:29
Арван хоёрдугаар сарын 19-ний үдэш буюу Өвөр Монголын Үндэстний жүжгийн театрт залуу уран бүтээлч Дэлхийн уран бүтээлийн тайлан тоглолт боллоо.

Урлагийн хүчин гэдэг хэмжээлшгүй. Мөн энэхүү хэмжээлшгүй хүчин зүйлийн төлөө хүмүүс өөрийн сэтгэл оюун, баяр гуниг, хайр бүх л зүйлээ зориулж чаддаг. Ийм хүний нэг бол Өвөр Монголын залуу уран бүтээлч Дэлхий билээ.

Улаанцав хотын Цахар Баруун Гарын Хойд хошуунд унаган насны мөрөө үлдээж явахдаа Дэлхий хэчнээн ч удаа өөрийн “тайлан тоглолт”-оо хээрийн цэцэг, дэнжийн салхи, хөвөн үүл, янзаган зэрэглээнд өргөж байсан бол. Тэр л цагаас урлагийн эрэлхийлэлд мордох гэж бяцхан зүрхэндээ нууцхан шивнэж байсан бол удалгүй нэг сэтгэл, нэг зоригоор урлагийн аянд шуранхайлан орсон ажээ.

Тэрээр тоглолтдоо морин хуур, шударга, аман хуур, модон цоор зэрэг олон төрлийн хөгжмийн хамтрал болон хөөмийг уялдуулж өвөрмөц онцлог бүхий “ганц хүний хамтлаг”-ийг амилуулж, монгол үндэстний хөгжмийг урьд байгаагүй шинэ хэлбэрээр ертөнцийн сонорт хүргэжээ. Дэлхий мөн Одсүрэн, Ч.Отгонбаяр, Отгонхүү, Алдар зэрэг нэр алдартай хүндэт багш нараас хөгжмийн техник мэргэжил сурч, үндэстнийхээ хөгжмийн уламжлалыг өөрийнхөө дархан үүргээ болгож, Монгол, Тува, Шиньжян зэрэг газраар эртний монголчуудын орхигдож хаягдсан уламжлалт хөгжмийг эрж судалсны дүнд одоо “Шанаган хуур” гэх хөгжмийг судлан бүтээж байгаа билээ.

Дэлхий өмнө нь “Хүрд” хамтлаг, “MONGOL BAND” хамтлаг, “Анд хамтлаг”-ийг үүсгэн байгуулж байсан бол 2008 онд тэрээр Японд суралцахаар явжээ. Японд байхдаа мөн арав гаруй удаа тайлан тоглолтоо хийж, хүний нутагт үндэстнийхээ соёлыг гайхуулж, монгол үндэстний хөгжим болон хөөмийн урлагийг харь нутгийн иргэдэд уламжлан зааж явжээ.

2011 онд Дэлхий “ганц хүний хамтлаг”-ийн мөрөө эхлүүлж, Австрали, Европ тив дэх аялан тоглолтоо хийжээ. 2013 оны сүүлээс 2014 оны хооронд өөрийн нэрээрээ нэрийдсэн “Delehei” гэх цомгоо тараан, Америк, Япон, Тува зэрэг улс болон Хятадын найман муж орны арав гаруй хотод тайлан тоглолтоо хийсэн байна. Америк дахь аялан тоглолтынхоо үеэр бүх дэлхийн монгол үндэстний “Чингис хааны тахилга”-д уригдан оролцож, Тува улсын эмэгтэй дуучин Sainkho Namtchylak-тай хамтран тоглолтоо хийсэн бөгөөд урилгаар Нью-Йорк хотын Манхэттен радиод ярилцлага өгч байжээ.

Энэ удаагийн тоглолтоороо “Морины засал”, “Хонгоорой”, “Хавар” зэрэг арваад үзүүлбэрээр үзэгч түмэндээ бэлэг барилаа. Тоглолтод “Замч” хамтлагийнхан ая дуугаа өргөж, залуу уран бүтээлчдээ урам хайрласан байна.

Язгуур урлагийн содон гайхамшигтай торгон агшнаар аялуулж, урлагийн асар их хүчийг үзэгч түмэндээ мэдрүүлсэн Дэлхийдээ уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

Зохиогч: Цолмон, Сурнаа
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл