Стрессээ удирдах энгийн аргууд
2015-12-28 18:21
Атлантын болон Карибын тэнгисийг завиар 6 жил аялах аяллыг дуусгаж, “Ухаалаг амьдрах урлаг” хичээлийг зон олонд хүргэх зэргээр амьдралдаа тоо томшгүй бүтээлч үйлс хийсэн Heather Lyn Mannы зөвлөгөөг хүргэж байна. Тэрбээр амьдралын цөөнгүй жилүүдээ сэтгэл зовнил гутрал дунд үдсэний дээр тэр бүхнээс ангижирсан бодит зөвлөгөөгөө өдгөө бусдад түгээн хуваалцдаг нэгэн.
Гялс тайвшруулах арга. Өөрийгөө амьсгалаараа хайрла. Уртаас урт цээж дүүрэн амьсгаа авч, хайр дүүрэн харцаар хүүхэд хүүгээ хардаг шиг сайхан хайраар өөрийгөө хайрлан бод. Амьсгалаа аваад гаргах бүртээ өөртөө хайрыг илгээ. Санаа зовж байсан бүхэн юу ч биш, би энд байна. Эрүүл саруул сайхан байна хэмээн сана. Энэ нь өөрийгөө хайрах эхний алхам бөгөөд хүний дотоод сэтгэлийг нэн даруй өөрчилж чаддаг юм.
Мөч бүхэн чиний амьдрал. Олон зүйлийг нэгэн зэрэг хийхээ боль. Хүний тархи аливааг дэс дараалалтайгаар хийх чадвартай.Тиймээс яг одоо ачаалал ихэдсэн тархиа хариуцлагаас чөлөөл. Яг одоо алхаж яваа бол зүгээр л алх. Хооллож байгаа бол идэж байгаа хоолоо сайхан амтал. Эхэндээ энэ нь уйтгартай утгагүй санагдаж магад. Үгүй дээ хэсэг дасгал сургуулилт хийсний дараа тархи чинь сайхан амарна. Тархин дотор чинь байдаг элдвийг шивнэх бяцхан чөтгөр чамайг түмэн зүйлд ятгана. Дэмий бодлуудаа хянаж, тэдэнд замхран одох боломж олго. Өнгөрснөө мартаж, ирээдүйд санаа зовохоо зогсоож, яг одоо хийж байгаа зүйлдээ анхаарлаахандуулж, илүү үр бүтээлтэй, аз жаргалтай амьдрах боломжтой.
Амьдралд чинь юу чухал гэдгээ сонго. Урт нарийхан вааранд элс, хайрга, том чулуу бүгдийг багтаах хэрэгтэй гэж бодъё. Хэрэв чи элс хайрганаас эхэлбэл том чулуунууд багтахгүй. Тиймээс хамгийн эхэнд том чулуугаа вааранд хий.Том чулуу бол чиний амьдралын хамгийн чухал зүйлсийн төлөөлөл. Сайн ээж байх, халамжит эхнэр байх, боловсрол, карьераа ахиулах, зөв хооллож эрүүл сайхан байх... чамд аль нь чухал вэ?
Бүгд л хэрэгтэй нь мэдээж , эдгээр “том чулуунууд” -аа ваарандаа хий. Чухал зүйлсдээ өдөр бүр цаг гаргаж бай гэсэн үг. Харин дэлгүүр хэсэх, найзуудтайгаа чалчих, партидах, видео, фэйсбүүк гээд сонирхрол татах жижиг зүйлс мэдээж бий. Энэ бүхнээ элс, хайрга гэж сана. Тэр бүхэн том чулууны хажуугаар аандаа гулсаад орчихно. Тэгэхээр тэр бүхэнд нэг их санаа зоволтгүй. Бүгдийг төлөвлөж бүгдийг амжуулна гэсэн үг. Одоо элдэв зүйлд стресдэх хэрэггүй боллоо.
Талархаж сур. Бүтэхгүй зүйлд бус харин сайн сайхан зүйлд оюун санаагаа чиглүүл. Юм юманд сэтгэл дундуур, шүүмжлэлтэй ханддаг хүн хэзээ ч аз жаргалтай байдаггүй. Тиймээс талархаж сур. Ойр дотныхондоо, өглөөний наранд, танихгүй хэн нэгэнд ч талархаж болно. Танихгүй хэн нэгэнд гэдэг нь идэх талхны чинь тариаг ургуулсан тэр тариачинд, өөрөөс тань алхаж яваа сайхан бүсгүйд таларх. Сэтгэл доторх талархал, эерэг бодол хүнийг гайхалтай сайхан амраадаг юм.
Эерэг хүмүүстэй нөхөрлө. Ухаалаг сайхан хүмүүстэй нөхөрлөх нь бухимдлыг дарж, чи бүхний эсрэг ганцаараа зогсож байгаа мэт мэдрэмжийг багасгадаг. “Аз жаргалтай амьдралын нууц тэнэгүүдтэй нөхөрлөхгүй байхад оршино” гэж Буддаа айлдсан нь бий. Тиймээс бухимдлыг чинь хөгжилтэй яриагаар тайлдаг,чамайг амжилтанд хүрэхэд чинь нөлөөлж дэмждэг, тайван, эрч хүчтэй, сэтгэл хангалуун зөв хүмүүстэй нөхөрлө. Амьдрал ямар сайхан, бас ямар амар амгалан болохыг эрхгүй мэдрэх болно.
Сэтгэл зүйн энэ зөвлөмжийг амьдралдаа мөрдөөрэй бүсгүйчүүд ээ.
ГЭГЭЭН САЙХАН АМЬДРАЛЫН ЭЗЭД ТА НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
