Эхнэр Ариунзулаас нөхөр Ариунболдод
2015-12-28 18:21
Энэ дэлхийд намайг хамгийн жаргалтай хүн болгодог чамдаа юуны өмнө гэгээн хайрын баярын мэнд хүргье. Төмөр төмрөө ирлэдэг шиг хүн хүнээ хурцалдаг энэ орчлонд хайр хэмээх эрхэм сэтгэлээр чамтайгаа холбогдон насан турш эрүүл гэр бүлийг бүтээх болсондоо би үргэлж баярладаг. Хүсэл зорилгоо нэгтгэн хүний орчлонг хайраар хөглөөд бид өдий 5жил болжээ. Өнгөрсөн бүхэн хэнд ч бахархан ярих дэндүү сайхан ч ирээдүйд бүтээх түүх дурсамж түүнтэй зүйрлэмгүй их байна гэдэгт итгэн баярлаж сууна. Чи бол надад амьдралаас шагнасан хамгийн том, хамгийн агуу шагнал. Хааяа надад чамаас өөр ертөнц байхгүй мэт, байсан ч өөр бусад нь дэндүү бага хувьтай байдаг юм шиг санагддаг. Тиймдээ ч чинийхээ хэлсэн сайхан үгэнд дэлхийг тойрсон мэт баярлан бодож дэндүү жаргалтай болдог юм. Мөн санамсаргүй хэлсэн таагүй ганцхан үгийг гоморхон хүлээн авч сэтгэлдээ шаналдаг бэлэн нулимстай эрхлэнгүй бүсгүй юм шүү дээ.
Нэгэн өдөр ажилдаа явахдаа амь амьдрал минь гээд үнсээд гарахад чинь би ямар их баярлаж хичнээн хүнд бахархан ярьсан гэж санана. Би хайрынхаа нандин эрдэнээс гадна бүр амь амьдрал нь гэж бодох бүр л өөрийн эрхгүй инээмсэглэл тодорч аманд хайрын дуу аялагдаж билээ. Чиний амнаас гарах үг бүр надад үнэ цэнэтэй байдаг юм. Яагаад вэ гэвэл намайг жаргалтай болгож, хайраар үргэлж услаж, үнэ цэнийг минь үргэлж мэдрүүлж чаддаг болохоор тэр.
Миний эхнэр ч сайхан хоолтой шүү гэж хэлэхэд чинь баярлахдаа өөр хэний ч хоолыг амсууламгүй санагдаж рестораны ахлах тогооч шиг гараа гарган олон сайхан хоол хийх гэж хичээдэг. Аливаа шийдвэрийг гаргахдаа, асуудал бэрхшээлийг шийдэхдээ зөвлөн ярилцахад чинь би төгс хариултыг мэддэг тест боловсруулсан багш шиг байх гэж оролддог. Бусдын дунд намайг магтахад чинь санаа зововч битүүхэндээ баярлан омогшиж төгс эмэгтэй байх гэж хичээдэгтэй би жаргалтай байдаг. Хааяахандаа нэг эрхлэн халамж хайрыг чинь хүсэхдээ дуугаа хурааж, сайхан үгс, гэнэтийн бэлэг хүсдэг би нууцлаг хүн. Гэвч энэ бүхий л ойлгох ойлгогдохгүй зангаа ганцхан чамдаа гаргах ганцхан чиний эмэгтэй юм шүү.
Одоогоос зургаан жилийн өмнө анх намайг алдмааргүй байна гэж хэлээд үерхэхийг гуйхад чинь ажиж байж болно доо гэж бодож байсан ч өөд болсон аавийн минь газар дээр очин өөдөсхөн бяцхан охинийг нь гуйж, өөрийн чадахаараа жаргалтай амьдруулхаа амлаад ирлээ гэхэд чинь өөрийгөө чамдаа бүрэн тушаахаар эргэлзэж тээнэгэлзэлгүй шийдэж билээ. Түүндээ ч би алдаагүй.
Хайр гэдэг үнэхээр агуу 10хан минутыг 10 цаг болгож, агшин хоромыг амьдрал турш ч үргэлжлүүлж чадах зүйл.
Зайсангаас 17-р сургууль хүртэл алхаад явахад хоромын төдийд л ирчихсэн мэт санагддаг байж билээ. Атгасан гарыг минь санаандгүй тавичаад утсаа алдсан мэт сандран тэвдэж байсныг чинь санахад одоо хүртэл инээд хүрдэг юм. 2010.05.13 бидний сүй тавьсан баярт өдөр гэнэтийн бэлэг байсан. Оройн зоог, цэцэг, бөгж, амлалт, уяангийн аяз гээд энэ бүгдийг чи минь хамт олонтоогоо үнэхээр төгс зохион байгуулсан байж билээ. Үргэлж л өчигдөр юм шиг сэтгэлд ойр санагддаг юм шүү. Чамгүйгээр би амьдралаа төсөөлж чаддахгүй ээ.
Чамтай учирсандаа, чиний хайрын эзэн болсондоо энэ амьдралд би үргэлж талархдаг. Бидний амьдрал аз жаргалын үргэлжлэл хүү, охиноор биднийг шагнасан. Аав болсон тэр мөчид асар их баяртай байсан ч төрөхийн зовиуртай эхнэрээ хараад бие сэтгэлээрээ шаналж, хүүгээ ганганан сэрэх тэр л дуунаар год хийн босч хөхүүлэхээс бусдыг нь хөнгөхөн хийчихдэг байснаар нь одоо ч хайр нь бахархан ярих дуртай. Чамтай минь инээхээсээ идэх нь хүртэл адилхан хоёр үрээ хараад би энэ дэлхийн хамгийн жаргалтай эмэгтэй болдог шүү.
Ийм л сайхан сэтгэлтэй, өрөвч энэрэнгүй, хөгжөөн наргиантай, шулуун шудрага зантай, шинэхэн сэтгэлгээтэй, халамж хайраар дүүрэн архи тамхи хэрэглэдэггүй сайхан залуу миний хань. Тиймдээ ч чамаас их зүйл хүсдэг байж магадгүй. Эрхлэн туних арга минь тэр юм шүү. Одоо харин үлдсэн амьдралдаа үнэн зөв үлгэр дуурайлалтай, үнэнч хайраар биесээ жаргааж явъяаа хайраа. Чамдаа би чинь дэндүү их хайртай. Намайг 100 хүн муухай байна гэвч ганцхан чи минь сайхан гэвэл чиний л үгэнд итгэж чадах тийм л их хайртай. Хонгорхон чинийхээ хөөрхөн хацар булбарай уруул дээр нь чангаа гэгч нь шуналтай нь аргагүй үнсье. Нандин эрдэнэ болсон эхнэр Ариунзул нь
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
