Сэтгэлийн симфони
2015-12-28 18:21
Бид алив ертөнцийн сайхныг хүсэн тэмүүлдэг ч харин түүн дотор амьдардгаа мэддэггүй.
Дуртмал сайхан өглөөг сэтгэлээрээ анирдах хичнээн гоё билээ... Нарны түмэн учгаар газар дэлхийд алтан шаргал өнгө зурахыг харж бахдах, нутгийн буурал уулс суудал солбин наашилсан юм шиг санагдахыг аяархнаа мэдрэх, өглөөний сэрүүнд өвс ногооны оройд цох бөнжийхийг харж өхөөрдөнгөө “Өвсний оройд хонож дээ” гэж санаашран бодох, “Өнөөдөр ямар сайхан өдөр вэ” гэж гараа алдлан сэтгэл хөгжих хичнээн сайхан бэ.

Царгиж нисдэг царцаанууд чимээгүйхэн унтаж байгааг сэтгэлдээ төсөөлөх, цангасан жаал хүү данхныхаа цоргоор хярам залгилах нь сонсдох, бөндөн цагаан гэрүүдийн тулганд өглөөний гал молцоглон, даргилах цайных нь ааг түгэн ханхийхийг үнэртэх, газар дэлхийд давтагдашгүй нэгэн шинэ өглөө айлчлах ямархан гайхамшигтай. Сэтгэлийн минь симфонийг эгшиглүүлэх увдис учиг энэ орчлонд ямар олон юм бэ...
Бид алив ертөнцийн сайхныг хүсэн тэмүүлдэг ч харин түүн дотор амьдардгаа мэддэггүй. Дуулсан дуунд минь тэр “сайхан мэдрэмж” тээгдэн оршдог. Дуулсан дуунууд салхинд туугдан, цэцэг болгонд хүртэм алсад сарнихын эгшинд мөнөөх “сайхан агшин” тэврүүлэн бүүвэйлүүлэн хамт эгшиглэдэгийг бид дандаа анзаардагсан билүү? Өглөө өглөөд яаран ирдэг нарны алтрах түмэн үртсийг энгийн зүйлд бодчихоод, мандах нарыг угтан харах хувь заяаныхаа аз хийморийг бид хааяадаа умартдаг нь үнэн.
Сэтгэл бүүдгэрхэн үед гунигаа тэвэрч суулгүй гаднаа гараарай. Тэнд бүх зүйл хэвийн байгааг анзаарахын хэрээр тайвшралын цагаан салхи энгэр заамар тань шурган энхрийлж таныг аргадахыг мэдэрнэ ээ. Эргэн тойрон байгаа алив бүхнээсээ сайн сайхныг анзаарч сэтгэлээ тэтгэн аялгуу хөгжмийг аяар нэгхэн эгшиглүүлээрэй. Сэтгэлийн тань аялгуу бусдад симфони болж хүрнэ. Таны хүргүүлсэн аялгуу бусдын зүрхийг дайлж, өрийг нь дэнслүүлэхийн цагт өрөөл нэгэн бас гунигаа үргээж, инээмсэглэл болоод хайр, тайвшрал гурав эвцэн тэврэлдэнэ ээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
