solongonews
Нэгэн захидлаар өөрчлөгдсөн амьдрал
2015-12-28 18:21
Амьдрал гэгч үнэт бэлгийг өөртөө болон хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлд зориулан амжилтын эзэд болсон гайхамшигт хүмүүс хичнээн олон.

Амьдрал гэгч үнэт бэлгийг өөртөө болон хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлд зориулан амжилтын эзэд болсон гайхамшигт хүмүүс хичнээн олон. Тэд, жижиг зүйл дээр ч агуу их байж чадах зорилго тэмүүллийнхээ гал дөлөөр улс орондоо  болоод дэлхийд танигдаж, аз жаргалыг бие махбодоороо төдийгүй сэтгэл зүрхээрээ амтлах боломжийг бодит түүхээрээ бүтээдэг. Харин тэр гал дөлийг нь бусдад итгэлийн бамбар болж чаддаг гайхамшигт хүмүүс асааж өгдөг нь гайхалтай. Бүсгүйчүүд, ижий та нар маань энэ л босгон дээр илүү ойрхон зогсдог юм шүү дээ. Хань ижил, үр хүүхэддээ нүднийх нь гал гялалзаж, сэтгэл зүрх нь догдлон цохилох гэгээн сайхан үгийг бүсгүй та л хэлж чадна. Таны үг дотнын тань хүмүүсийн сэтгэлийн чавхдасыг доргиож тэдний өөрийгээ нээх аз, боломжийг нээж өгөх болно. Итгэхгүй байхын аргагүй нэгэн түүхийг хуваалцъя.

 Английн  алдарт зохиолч  Чарльз Диккенсийн гэр бүл ядуу зүдүүгийн туйлд өлөн зэлмүүн амьдардаг байлаа. Хэдийгээр зохиолч болохыг хүсдэг байсан ч мөрөөдлөө биелүүлэх боломж байсангүй. Удаан хайсны эцэст хулганаар дүүрэн зооринд будгийн шилэнд шошго наах ажил олжээ. 22-тойдоо анхны зохиолоо бичихдээ хүн бүхэн тохуурхан шоолохоос эмээн шөнө дөлөөр нэгэн хэвлэлийн газарт илгээсэн гэдэг.

Үүнээс хойш нэлээд хэдэн зохиол илгээсэн ч бүгд гологддог байж. Итгэл найдвар, урам зоригоо алдсан Диккенст нэг өдөр хэвлэлийн газрын эрхлэгчээс захиа   ирсэн байна. “Таны өгүүллэг надад тун их таалагдлаа. Амжилт хүсье”. Захидлын энэ мөрийг уншаад хязгааргүй баярласан залуу гудамжаар өдөржингөө уйлан алхсан гэдэг. Нэг ч гэсэн хүнд зохиол нь таалагдана гэдэг түүнд хэмжээлшгүй үнэтэй бэлэг байсан юм. Үргэлжлүүлэн бичих урам зоригоо ахин олж авч, сэтгэл зүрхээ шингээн бичиж эхэлжээ. Энэ өчүүхэн магтаал түүний амьдралыг үндсээр нь өөрчилсөн юм. Хэрвээ энэ магтаалын өгсөн урам зоригоор зохиол бичихээ үргэлжлүүлээгүй бол магадгүй үлдсэн амьдралаа хулганатай зооринд будгийн шилэнд шошго наасаар өнгөрөөх байсан ч байж мэдэх юм.

Нэгэн захидлаар өөрчлөгдсөн энэ амьдралыг бид хааяадаа ч болов санууштай. Францын жанжин Наполеоныг эмэг эх нь өглөө бүхэн “Францын агуу хүү минь босоорой” гэж сэрээдэг байсныг энгийн зүйлд бодолгүй хэрэгжүүлүүштэй.

Гэгээ

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл