Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газар, "Жунрүнь Ресурс Инвестмэнт" ХК, "Болд Төмөр Ерөө Гол" ХХК-иуд "Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа саяхан болж өнгөрлөө.
Ерөө голын төмрийн хүдрийн уурхай нь баялаг нөөц ихтэй бөгөөд одоогоор 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа ба 10 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай уурхай, 100 километрийн тусгай төмөр зам барьж байгуулаад байна.

Жунрүнь Ресурс Инвестмэнт ХК нь Хятадын Шэньжэнь хотын хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд голлон уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг. "Жунрүнь Ресурс Инвестмэнт" ХК нь нийт 5 тэрбум ам. долларыг төвлөрүүлж энэхүү уурхайд хөрөнгө оруулалт хийх, өр төлбөрийг барагдуулах болон төслийн ажилд зарцуулсан. Үүнээс ойролцоогоор 2 тэрбум ам.доллар нь төслийн дараагийн ажилд зарцуулагдаж байгаа бөгөөд 30 сая тоннын хүчин чадал бүхий томоохон уурхай болон тоноглол бүхий баяжмалын үйлдвэр зэргийг байгуулах юм.
Энэхүү хөрөнгө оруулалт амжилттай болсноор Монголын эдийн засгийн өсөлт, ажлын байр, Монголын төмрийн хүдрийн экспорт болон Монгол, Хятад хоёр улсын эдийн засаг, гадаад худалдааны хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.
Хэлэлцээрийн агуулга ёсоор Хятадын Банк нь дотоодын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран "Жунрүнь Ресурс Инвестмэнт" ХК-ийн хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалт зэрэг бүхий л шатанд хамтран ажиллаж, хамтын ажиллагааны хүрээгээ тэлэн Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих, Монгол, Хятадын эдийн засаг, гадаад худалдааны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болно.
