solongonews
Хорогдох зүйл байхгүй юм шиг мөртлөө сална гэхээр төсөөлөгдөхгүй байна...
2015-12-28 18:21
Бид 2 хамт амьдраад 6 сар болж байна. Тэр минь надаас 10 насаар ах. Бас тэр 4 настай охинтой. Бид 2 анх танилцахдаа л хамт амьдрана, сууна, ирээдүйгээ хамтдаа байна гэж огт боддоггүй, бие биедээ ч хэлдэг байсан. Тэр олон охидуудтай зүгээр уулзаж, зугаацдаг нэгэн л байсан. Бие биеэ хүндлээд л, дутуугаа нөхөж хамт байдаг байсан. Гэхдээ секс биш л дээ.
Ганцаардал, нөмөр нөөлөг, халамж гээд л ... нэг л мэдэхэд бид бие биедээ маш их дассан. Тэр үеэс эхлээд л асуудал үүсч эхэлсэн. Тэр минь уух болгондоо намайг хардаж, зовоодог. Өнгөрсөн амьдрал сөхөж, намайг элдэвээр доромжилдог. Тэгээд сална, зайл, амьдралаа бод гээд л янз бүрээр хэлдэг. Би ч юу ч хэлдэггүй. Угийн их дотуур тамиртай, дуугай хүн. Тэгээд архи нь гарахаараа уучлал гуйдаг. Намайг тэгэж доромжилсноо санадаггүй. Нэг удаа миний тэвчээр алдагдаад тэднийхээс явж байсан. 
 
Тэгээд 5 хоногийн дараа буцаад нийлсэн. Буцаж нийлэхдээ тэр надад амласан “төрсөн өдөр хүртлээ архи уухгүй, бас өнгөрсөн амьдрал сөхөж хардахгүй...” гэж. Тэр хичээсэн. Мэдээж 2 жил архи уусан хүн шууд л архинаас гарчихгүй л дээ. Хамгийн дээд тал нь 7 хоног уухгүй байж үзсэн. Тэгээд л гэнэт нэг шалтаг гаргаж ирээд л уучихна. Гэхдээ урьдых шигээ хэдэн сараар үргэлжлүүлж уухаа больсон. Намайг ч гэсэн өнгөрсөн амьдрал сөхөж хардах нь гайгүй болсон. Хамгийн хэцүү нь хол явах бүртээ дээд зэргээр хардана.
 
Тэрийг хөдөө, гадаа явсан үед охинтой нь хамт байхгүй л бол хардаж, бөөн хэрүүл хийх болдог. Би угаасаа хэрэлдэх дургүй, дуугай байдаг болохоор тэр л над руу орилж, намайг элдэвээр хэлж, доромжилж, сална гээд л... тэгээд би дуугүй, таг байгаад байхаар буцаад л залгаад “уучлаарай” гээд л эхэлдэг. Би урьдых шигээ юу ч ярихгүй, уурлахгүй, юу ч болоогүй юм шиг л байдаг. Гэхдээ л би хэр удаан ингэж тэвчих бол гэдгээ мэддэггүй. “Тавхан минутын тэвчээрийг гаргавал 50 минутын хэрүүл гарахгүй” гэж үргэлж өөртөө хэлж, хэлээ хазаж, чихээ таглаж байдаг. Гэхдээ л түүний хэлсэн үгнүүд зүрхэнд минь хүрч байгаа шүү дээ. Шантарч байна...
 
Ингэж тэвчлээ гээд тэр хүн намайг ойлгодог ч юм уу үгүй ч юм уу... Заримдаа би хүнтэй суух ийм хэцүү байдаг юм уу ч гэж боддог. Тэр намайг үргэлж хорьж цагддаг. Би монголын томоохон компанид ажилладаг. Уг нь бол ажилчидтайгаа ойр байвал надад л сайн. Даанч намайг хориод ажлыхантай уулзуулдаггүй, бас аялал зугаалганд ч явуулдаггүй, 7 хоногтоо нэг удаа ажлыхантайгаа зааланд тоглоно гэхээр ч бас явуулдаггүй. Надад найз нөхөд ч байхгүй болсон. Яахав тэдний найзуудтай нь гэр бүлийн найзууд гэж уулздаг л даа. Гэхдээ л надад ямар ч өөрийн гэсэн хүрээлэл байхгүй болсон. Гэрийн үйлчлэгч, тогооч,  хүүхэд асрагч, хүсэл хангагч шиг л байдаг. Би энэ хүнийг хэтэрхий давраасан ч байж магадгүй.
 
Хааяа тэр минь гарч найзуудтайгаа уулзлаа, хурим, төрсөн өдөр, гээд гарахад нь би юу ч хэлдэггүй. Бас араас нь ч залгадаггүй. Тэгээд л тэр 12 гээд л согтуу орж ирдэг. Би юу ч хэлдэггүй. Гэртээ намайг охинтойгоо үлдээж явчихаад согтуу ирээд хардана. Намайг байхгүйд хэнтэй утсаар ярив, хэн рүү мсж бичив гээд л ... би амихандаа л тэрийг найз нөхөдтэйгөө тайван уулзаж байгаад ирэг л гэж боддог. Би ч гэсэн тийм байхыг хүсдэг болохоор л түүнд өөрийн биеэр мэдрүүлэхийг хүсдэг. Даанч тэр мэдэрдэггүй. Харин ч би буруутдаг.
 
Одоо би яахаа ч мэдэхгүй байна. Би тэр хүнийг яваандаа намайг ойлгох байх гэж бодоод л их л хүлээцтэй, тэвчээртэй ханддаг. Тэр хүн ойлгодог болов уу. Хэд хоногоор хол явна гэхээр нь үнэхээр айдаг. Хардаад, сэтгэлийн там хийдэг. Тэгээд л сална, хагацана, зайлаарай, надад чам шиг хүн хэрэггүй гэж хэлээд л... намайг юу ч хэлэхгүй дуугүй байхаар эргээд тайвширчихдаг. Би тэгнэ гэдгийг нь мэддэг ч надад үнэхээр ядаргаатай байна. Салчихья гэхээр яагаад ч юм салж чадахгүй байна.
 
Хорогдох зүйл юу ч байхгүй юм шиг хирнээ яагаад ч юм байгаад байна... Дассан сэтгэл гэдэг нь энэ юм уу, Би одоо яах ёстой вэ? Буруу хүнээ сонгочихсон юм болов уу. Ганц олдох амьдралдаа алдмааргүй байна. Буруу сонголт хиймээргүй байна. Надад зөвлөөч. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл