solongonews
Өвгөн намар алсран холдон шаргалтана...
2015-12-28 18:21
Ертөнц мөнх бус хийгээд аливаа бүхэн ирж буцах, хагацах учрах, зовох жаргахын дэнсэн дунд тэрэгний хүрд мэт тасралтгүй өртөөлдгийг сануулаг гэхдээ орчлонд ухаарлын намрыг жилдээ нэг илгээдэг юм болуу...
Их талд нүүдэл хөвөрч харагдана. Үхэр тэрэгний хөсөг нүүдэл эрт өвгөдийн үлгэр зүүдэн лугаа зэрэглээн дунд торолзох нь амсхийх завгүй энэ цагийн түүртлээс оюун тархийг амирлуулж, бодол гэгээлээд ямархан таатайв. Улирлын энгээр нүүдэллэх эгэл ахуй энгийн агаад хэзээний атлаа намрын нүүдэл нэг л ондоон...
 
Айлсаж дассан айлууд нэг л өглөө ачаалаад хөдлөхлөөр ахуй орчлын тэрхэн гортигт орь гацаар үлдэх шиг сэтгэл хөндүүрлэнэ. Нүүгээд явсан айлын буурь, эгээ л унагаа тамгалж, зэлээ эвхэн гүүгээ тавьсны маргааш өдөр шиг эзгүйрч бараантаад, ийм үед анхны цас ганц нэгээр будрахыг үзвэл тэртэй тэргүй хөндүүрлэж байсан сэтгэлийн уг бүр ч сэмрээд явчихыг яана.  
 
Гэрийн дээвэр бүч дэрвэн, яндан хонгинох, шувууд буцаж ус нуур мэлмэрэн үлдэхийн цагт  ямархан нэгийг үгүйлэн санагалзахын аргамжаанд холхин, орж гарахын тоогоор алдсан гээсэн зүйлээ дэмий л баримжаалан хайх шиг хөнгөн уйтай.  
 
Ажиггүй явсан бүхэн энэхэн цагаар яагаад ч юм гэнэтхэн сэдэрч, эргэн дурсах, эргэцүүлэн санахын чагтагт оосорлогдоод, их талд хөврөх нүүдэл, тэнгэрт буцалж байснаа нэг л мэдэхэд сүрэглэн буцах шувууд, өнгө солин хувирах цагийн жам хэлхсэн алив бүхэн санаашралд сэмхэн хөтөлж, ухааралд далдхан дагуулна.
 
Ертөнц мөнх бус хийгээд аливаа бүхэн ирж буцах, хагацах учрах, зовох жаргахын дэнсэн дунд тэрэгний хүрд мэт тасралтгүй өртөөлдгийг сануулаг гэхдээ орчлонд  ухаарлын намрыг жилдээ нэг илгээдэг юм болуу...  Сэрж мэдрэх бүхэн аниргүйн дундаас эхлэл авч, ерийн юм гэж үгүй энэхэн амьдралын утга учрын нугачаанд даллах шиг санагдана. Тэгснээ, буцаж байгаа бүхнийг харахлаар ертөнцийн их нүүдэл тэр аяараа хөвөрч байх шиг, шаргал навчсын дунд ганцаар хоцрох мэт мэдрэмж ахиад л төрнө...
 
Гэлээ ч, хөлийн дор хөглөрөх шаргал навчис чухамдаа ирэх жилийн ногоохон шинэс хуучин борог дороос өндийх цагийг бэлэгдэн буцаж яваа билээ. Үр үндсэндээ халуун амиа даатган хагдардаг байгаль намар эхийн алтан шаргал хэвлийд тээгдэн буйг анзаарахуй хайрлан энэрэхийн дотно бүлээн зөн, гэгээн айзамд бодол сэтгэл минь өөрийн эрхгүй эзэмдүүлнэ. 
 
Их талд хөврөн бараантах нүүдлийн бараа жижгэрсээр бараа тасарч, намиатах хөндий шаргалтсаар хоцрохыг харжээ зогсохуй намар гагцхүү холдож буцахын биш, эргэж наашлахын угтал болж, улирах цагийн нэгээхэн хэмжээсийг эзэгнэн айлсахын жамыг анзаарнам. Ирэх хаврыг далавчин дээрээ тээн ирэхийн төлөө шувууд буцаж, урган дэлгэрэхийн баяр жаргалыг мэдрүүлэхийн тулд модод нүцгэрч, ирэх цагийг авчрахын төлөөнөө өвгөн намар алсран холдон шаргалтна. Ингэж бодохын зуур
 
“Дуниартсан намрын хонгор өдрийг нартай, сартай нь цуг
Дурсгал болгон солилцоод бид саллаа, би явлаа
Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар
Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо, би явлаа
Холдож явсан энэ л мөчөөсөө эхлэн
Хонгор минь би чамдаа ирж яваа юм, очиж яваа юм шүү чамдаа
Өдий ч байна даа гэж чиний минь тоолсон хоногоос
Өнөөдрийг би хасаж яваа юм, ирж яваа юм шүү чамдаа” гэсэн найргийн  мөрүүд сэтгэлд амилна.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл