Амаржих газрын босго давсан хэдхэн хоромд...
2015-12-28 18:21
Амаржих газрын хүлээн авах хэсэгт түрхэн саатахад л охид, эмэгтэйчүүд маань ямархан байдалтай аж төрж байгааг бэлхнээ харж болохоор байна. Өнөөдөр ганган сайхан хүүхэн, баян тансаг, эрх танхи, ядуу зүдүү, өнчин өрөөсөн аль ч тавиланд эмэгтэй хүн төрсөн бай төрөх орон дээр гардаг, хоёр яс салахын үхлээс дутахааргүй өвдөлтийг бүгд л мэдэрдэг. Ийм л эмэгтэй хүн бүр адил хувь заяа туулдаг болохоор нэгнээ хайрлаж, өрөвдөж, өмгөөлж явах эрхэм нандин үйлс бидэнд заяажээ. Энэ бодролоо түр хойш тавиад амаржих газрын хүлээн авахаас хийсэн бяцхан сурвалжлагаа хүргэж байна.
Хүлээн авахын танхимын үүдэнд эгнүүлсэн сандал дээр олон хүн сууж харагдлаа. Тэдний царайд хүлээлт, шаналал, залбирал илт. Цонхны дээхэн талд байрлуулсан тоон самбарт “Дэлгэрмаа 3400 гр хүүтэй боллоо, Хонгорзул 4100 охинтой боллоо” гээд л шинэ амьдрал хорвоод ирснийг дуулгах баярт мэдээ хөвөрнө. Гэвч хүн бүхэнд энэ аз жаргал хамаагүй бололтой.
Учир нь амаржих газрын үүдээр дандаа төрөх гэж байгаа эхчүүд биш харин эсрэгээрээ олон зовлон бэрхшээлд шаналсан хүүхнүүд цөөнгүй ордог аж.
Эхний жишээ гэхэд савны гадуурх жирэмслэлтээ мэдэхгүй явсаар дотуур цус алдалт болж эмнэлэгт ухаангүй ирээд хагалгаанд орсон эмэгтэйн гэр бүлийнхэн үүдний танхимд эмчийн хөлийн чимээ чагнан сууж байв. Удтал хүлээлгэсэн эмч гарч ирээд гэрийнхнийг нь дуудан авчраад “Савны гадуурх жирэмслэлт нь томорсон байснаас умайн гуурсан хоолойд цус алдалт явагдаж, эд эрхтэнүүдэд нь тэр нь тарсан байсан байна.
Өвчтөн маш хүнд байсан. Бид хагалгаа хийж хэвлийгээс нь 350 гр цус соруулж авлаа. Энэ бол маш их үзүүлэлт юм шүү.
Тиймээс одоо асаргаа сувилгаа маш чухал” гэж хэлж харагдлаа. Азаар эмэгтэйн бие дээрдсэн тухай эмч дуулгаж байв.
Тэдний хажууханд хүлээн авахын үзлэгийн өрөөнд нэгэн эх жирэмсэн эх баргар царайлан сууж харагдав. Түүний доогуур өнгөтэй зүйл гарч эхэлсэн тул түргэний тэрэг хүлээлгүй яаран энд ирсэн нь тэр байжээ. Эмэгтэйг үзсэн эмч “Одоохондоо байдал гайгүй байна. Юу юугүй хүүхэд чинь гарчихаагүй байна. Одоо хэвтэнэ. Эмчилгээ хийлгэнэ.
Өмнө нь үр хөндөлт хэдэн удаа хийлгэж байсан юм бэ” гэж лавлан асуув. Хариуд нь бүсгүй “Хүсээгүй хүүхэд байсан болохоор хийлгэж байсаан” гэж хэлэхдээ хоолой нь чичирч сонсогдов. Харин эмч “Та нар жирэмслэлтээ огт төлөвлөдөггүй. Тэгээд жирэмсэн болчихоороо шууд л үр хөндөлт хийлгэдэг.
Үр хөндөлтийн хамгийн муу тал бол дараагийн жирэмслэлт удаашрах, жирэмсэлсэн ч зулбах гээд байдаг маш аюултай зүйл. Жаахан хариуцлагатай байж биеэ ч, хүүхдээ ч бодох хэрэгтэй ш дээ” гэж зөвлөж харагдав. Тэрхэн агшинд өнөөх эмэгтэй нэгийг бодсон гэдэгт би харин итгэсэн.
Ямартаа ч хэвлий дэх үр нь цагаасаа эрт гарчихаагүйд нь би бас баярлаж суув.
Ээжүүд минь, охид, эмэгтэйчүүд минь биедээ арчаатай байж, биеэ хайрлаж, ирээдүйн ээж болно гэдгээ мэдэрч бодолтой амьдрахыг цаг хугацаа биднээс шаардаж байна гэдгийг тэгэхэд улам ихээр мэдэрлээ.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
