Та өөрийгөө танилцуулна уу?
Намайг Алгаагийн Төрбаатар гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлгээр ӨМӨЗО-ны нийслэл Хөххотод суралцаж байна.
Хятад, Монголын экспод та ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
Энэ удаагийн Хятад, Монголын анхдугаар экспод “Дээд боловсролын форум”-д Хятадын талаас зохион байгуулагчаар оролцлоо.
Экспод оролцсон таны сэтгэгдэл? Сурсан зүйлээсээ хуваалцвал?
Форумд оролцох явцад хүндрэлтэй асуудал гэвэл хүн бүрд хүрч ажиллахад жаахан бэрх байсан шүү. Монгол Улсаас 20 гаруй их, дээд сургуулийн зочид төлөөлөгчид ойролцоогоор 50 орчим хүний бүрэлдэхүүн ирсэн байсан. Оюутан хүний хувьд энэ удаагийн форумаас олж, сурч авсан зүйлс гэвэл хувийн зохион байгуулалт гэдэг ойлголтоос бүлгийн зохион байгуулалт гэх зүйлийг сурч авлаа. Хүмүүст хэрхэн зарыг амар хялбар аргаар хурдан хугацаанд хүртээмжтэй хүргэх вэ? гэх мэтчилэн нэлээд хэдэн зүйл сурсан болов уу гэж бодож байна.
Өвөр Монголд бас өөр ямар ямар арга хэмжээнд оролцож байсан бэ?
Би өөрөө Өвөр Монгол дахь Монгол оюутны холбоонд ажилладаг. Тийм болохоор энд сурч байгаа Монгол Улсын оюутан залуус болон ажиллаж амьдарч буй иргэддээ зориулан зохион байгуулагддаг ӨМӨЗО-ны бүхий л арга хэмжээнд зохион байгуулалтын түвшинд оролцсоор ирлээ.
Өвөр Монголд ирсэн сэтгэгдэл?
Өвөр Монголд ирсэн сэтгэгдэл сайхан байна. Үндэс нэгтэй Монгол түмэнтэйгээ, тэднийхээ нийслэл хотод суралцаж байгаадаа их баяртай байдаг. Энд ирээд гадаад улсад ирсэн мэт сэтгэгдэл бага байдаг шүү. Хоол унд, идээ будаа гээд хаа ч явсан таарах Монгол ахуй минь бүгд энд байдаг тул сэтгэлд нэг л дотно байдаг юм. Энэ завшааныг ашиглаад он цагийн урт хугацаанд хэл соёл, ёс заншлаа алдалгүй авч яваа Өвөр Монголын ах дүүсдээ баярлаж явдгаа илэрхийлье.
