solongonews
Хятад, Монголын дипломат харилцааны 75 жилийн түүхэн дэх алтан үе эхэллээ
2025-01-06 15:25
Хятад, Монголын дипломат харилцааны 75 жилийн түүхэн дэх алтан үе эхэллээ

Энэ жил Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн жилүүдэд хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, Монгол улс мөн Хятадын "Бүс ба Зам" санаачилга, ФАО-Хятадын Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа зэрэг зохион байгуулалтын тогтолцооны ашиг тусыг хүртэгч юм. Одоогийн үе бол Хятад, Монголын харилцааны түүхэн дэх хамгийн таатай үе юм. Тахлаас хойших хугацаанд хоёр орон тус тусын хөгжлийн төлөвлөгөөгөө нэгтгэж, эдийн засаг худалдааны харилцаа, иргэдийн солилцоог тасралтгүй ахиулж байна.

Өнөөдөр Монгол, Хятад хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт эрчимтэй хөгжиж байна. Цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд хоёр орны харилцааг 21-р зуунд олон улсын харилцааны жишиг загвар болгон хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаар хоёр тал санал нэгдэв.

2022 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав.

Энэхүү мэдэгдлийг тахлын дараах бодит байдалд тулгуурлан одоогийн байгаа хоёр талын харилцааг сайжруулах зорилгоор гаргасан юм. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын “Талын зам” хөгжлийн стратегийг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, Монгол Улсын “Шинэ сэргэн мандалтын бодлого” болон БНХАУ-ын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай уялдуулах түүнчлэн Монгол Улсын "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлого, Хятадын "хоёр алхам" хөгжлийн стратегийн зорилтууд зэрэг хоёр орны үндэсний бодлогын механизм, хөгжлийн төлөвлөгөөг илүү сайн холбож, нэгтгэж байгаа юм. Энэхүү хамтарсан мэдэгдэл нь хоёр орны харилцааны замын зураг төсөл болж, Монгол Улс, БНХАУ-ын хөрш орнуудын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам бэхжүүлж байна.

Ийм улс төрийн сэдэл, урам зориг нь хоёр орны харилцаанд чухал үйл явдал болоод зогсохгүй, хоёр талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг олон салбарт бэхжүүлэх таатай нөхцөл болж байгаа нь ойлгомжтой. Тиймээс энэ үе бол Монгол, Хятадын харилцааны түүхэн дэх хөгжлийн хамгийн таатай алтан үе юм.

Улс төрийн өндөр түвшний солилцоо нь хоёр орны урт хугацааны стратегийн түншлэлийн харилцааны үндэс болсон хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг нэмэгдүүлэхэд тустай юм. 2014 оноос хойш хоёр талын худалдааны хэмжээ хурдацтай өргөжиж, 2022 онд 10.1 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь "Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр"-ийн шууд үр дүн юм.

Энэхүү хөтөлбөр нь хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цаашид холбогдох салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэх үндсэн суурь болно. Энэ нь уул уурхай, эрчим хүч, санхүү, зам тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын чанар, түвшинг дээшлүүлэхэд анхаардаг байна.

Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгын үр шимийг хүртэх маш таатай нөхцөл байдалд байгааг анхааран тэмдэглэх нь зүйтэй. Санаачилгыг гаргаснаас хойш Монгол Улс идэвхтэй дэмжиж, идэвхтэй оролцож ирсэн. Монгол-Хятадын харилцааны урт түүхэнд арван жил богино мэт санагдаж болох ч тодорхой, мөнхөд ул мөрөө үлдээсэн. Энэ нь Хятадын хэрэгжүүлж буй Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа, хөгжлийн стратегийг санагдуулдаг төдийгүй, "Бүс ба Зам" санаачилгаар дамжуулан хөрш орнуудтай худалдааг дөхөм болгох, бүс нутгийн хангамжийн гинжин хэлхээг хялбаршуулахад дэмжлэг үзүүлэж байна.

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага-Хятадын Ази дахь Өмнөд Өмнөд Хамтын Ажиллагааны Хөтөлбөрийн анхны төсөл Монгол Улсад хэрэгжсэн. Энэхүү төсөл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн түвшинг дээшлүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж байгаа юм. Оролцогчид болон ашиг сонирхлыг талууд ихээхэн ашиг хүртэж, Монгол Улсад хөдөө аж ахуйн хүнсний илүү хүчирхэг тогтолцооны үндэс суурийг тавьсан.

Энэхүү гурван талт хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

2024 оны эхээр Монгол Улс БНХАУ-ын үүсгэн байгуулсан Дэлхийн хөгжил, Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны сангийн дэмжлэгтэйгээр ойн түймэртэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх, ногоон нөхөн сэргээлтийг бий болгох шинэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн нээлтийн ёслол дээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань:

- Энэхүү төсөл нь Монгол Улс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх, ногоон хөгжлийг дэмжихэд тус дэм болно гэж хэлсэн юм. Дэлхийн хөгжил, Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны сангийн дэмжлэгээр Хятад улс олон талт хөгжлийн хамтын ажиллагаанд улам идэвхтэй оролцож, хамтын ирээдүйтэй дэлхийн хөгжлийн хамтын нийгэмлэгийн байгуулалтыг ахиулах болно.

Хамтын ажиллагааны бас нэг боломжит чиглэл бол байгаль орчныг хамгаалах, ялангуяа Монгол-Хятадын хил орчмын бүс нутгийн цөлжилтийг хянах явдал юм. 2023 онд Хятад, Монголын цөлжилтөөс сэргийлэх, зохицуулах хамтын ажиллагааны төвийг байгуулах нь хоёр талын хамтын ажиллагааны сайн эхлэл, тавцан болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гуравдугаар чуулга уулзалтын үеэр:

- Байгальд ээлтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийг нягт уялдуулж, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлснээр хоёр улс ногоон торгоны замыг хамтдаа байгуулж, хүн байгалийн эв найртай зэрэгцэн оршихыг ахиулж чадна гэжээ.

Тиймээс хил орчмын бүс нутгийн цөлжилтийн хурдацтай байдлыг таслан зогсоохын тулд ойн халхавч, тармил баян бүрд, ан амьтны хамгаалалтын бүс зэрэг экологийн ногоон байгууламжийг хамтран байгуулах нь Монгол, Хятад хоёр орныг стратегийн хамтын ажиллагааны шинэ загвар руу хөтөлж чадна.

Тахлын  дараах эрин үед ард түмний дипломат харилцаа, соёл боловсрол, мэргэжлийн солилцоо байнга бэхжиж байна. Энэ тал дээр Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг олон арван жилийн түүхтэй “Монгол-Хятадын найрамдлын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалд шинэ элемент нэмж, хоёр орны муж, хот хоорондын соёлын шууд харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа нь хоёр орны нийтлэг ашиг сонирхолд  нийцсэн түншлэлийн шинэ хэлбэрийг бий болгох чухал үе шат юм.

Гэрэл зургийг: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд асан, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Галсангийн Батсүх  

Зохиогч: Нийтлэл:Галсангийн БАТСҮХ
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл