Дунд зэргийн нуруутай, дөлгөөн харцтай, ингэ саадаг энэ залууг Баяннамар гэдэг. – Талдаа нууртай, нуурандаа хунтай, таван хошуу малтай, саальчны хийгээд сард 7000 юаний цалин авдаг гэж бодож болно хэмээн Сөнид зүүн хошуу нутагтай Баяннамар бардам ярьж байв.
Сөнидийн хонины мах нь хол ойрдоо нэртэй. Мөн энэ нутагт тэмээтэйгээрээ Өвөр Монголдоо онцлогтой аж. Иймдээ ч таван хошуу малаа тавтай сайхан маллаж явсан нутгийн хүмүүсийн бахархал болох юм.
Баяннамарын хэлж байгаа “Байгууллага” гэдэг нь Сөнид зүүн хошууны тэмээт гэр бүлийн мал аж ахуйн газар болно. Тус газар нь 2015 оны хавар Мандалт суурингийн Найрамдал багийн малчид үүсгэн байгуулжээ.
Өдөрт хэдэн литр сүү гардаг вэ?
- Одоогоор бараг 190 гаруй ингэ сааж байгаа. Өдөрт 60 гаруй литр сүү гарна.
Ингэний сүүнд шим тэжээл сайтай, хүний биед хэрэгтэй 18 төрлийн элемент агуулагдаж байдаг бөгөөд уураг, витамин, калц зэрэг шим тэжээл агуулагддаг. Шим тэжээл сайтайгаас гадна төмөр, витамин агуулагдах хэмжээ нь үнээний сүүнээс өндөр тул хүүхдэд уулгах нь хамгийн сайн сонголт юм.
- Тэмээ гэдэг амьтан бас хүн ялгана шүү. Миний хэдэн ингэ ганц надад л ивэлнэ гэж Баяннамар инээмсэглэн ярина...
Хөдөөгийн хүү Баяннамар
“Хүний нутагт хагас жаргана, өөрийн нутагтаа бүтэн жаргана” гэдэг. Баяннамарын хувьд өргөн уудам тал нутагтаа үйлсийн харгуйгаа босгож явна гэдэг нэг ёсны аз жаргал юм. Гэхдээ нутагтаа буцаж ингэ саасан Баяннамарт өөрийн гэсэн үзэл бодол, зам байдаг аж.
Та яагаад хот орохгүй, нутагтаа ирж ингэ саах болсон бэ?
- Би багаасаа малд хайртай, малынхаа дэргэд өссөн. Дунд ангиасаа эхлэн малчин болно гэж бодож байсан юм гэж байв.
Хошууны дунд сургуульд байхдаа аавдаа тусалж мал хариулж байсан. Тэр үеэс л эхэлж малынхаа зан араншинд дасаж, малчин заяагаа өвлөх бодол түүний сэтгэлд буусан билээ.
Аль сургуулийг төгссөн билээ?
- Өнгөрсөн жил Бугатын Төмөр замын мэргэжлийн сургуулиас төгссөн. Энэ сургуулийг төгссөн төгсөгчид шуууд ажлын байранд гардаг. Галт тэрэгний үйлчлэгч зэрэг олон ажилд хуваарилдаг. Төмөр замын ажилтны цалин өндөр гэнэ. Харин би галт тэрэгний тоосыг үнэртэж суухаар нутагтаа буцна гэж бодсон…хэмээн сэтгэл дүүрэн ярьж байлаа.
Бугатын Төмөр замын мэргэжлийн сургуульд орсон шалтгаан нь хятад хэлээ дээшлүүлэх зорилготой байсан гэнэ. - Сургуульд суугаад хятад хэл маш их дээшилсэн гэж байв.
Саальчин Баяннамар
Зорьсон зорилгодоо тэмүүлсэн хүнийг анх харахад сайхан байдаг. Харин гялалзсан амжилт бүтээлийн цаана хүнд харагддаггүй бэрхшээл байдаг юм.
Байгаль орчны талаас л гэхэд өвлийн улиралд цаг агаар хүйтэрч, ингээ саахад гар нь бээрдэг гэнэ.
Хүйтнийг ч юу гэх вэ? Энэ хоёр жил хөрөнгө мөнгөө хуримтуулж байгаад хашаа саравч барина. Эр хүний жаргал гэгч эзгүй хээр гэдэг.
Сөнид зүүн хошуу 30 мянга гаруй хүн амтай бөгөөд мал аж ахуй эрхэлж байгаа болохоор хүмүүс хоорондоо уулзах боломж маш цөөн байдаг гэнэ.
Ирээдүйн төлөвлөгөө юу вэ?
Бидний мал аж ахуй өнөөдөр гол төлөв сүү сааль боловсруулах, тэмээ малаа арчлан маллах, тэмээний мах, тэмээний бүтээгдэхүүнийг боловсруулах зэрэг ажил. Ирээдүйд Шилийн гол аймгийн хамгийн анхны тэмээний ноос, мах, сүү боловсруулах хийгээд тэмээний соёлыг уламжлах аялал жуулчлалыг уялдуулсан тэмээний сууринг байгуулах төлөвлөгөөтэй байна.
Намрын салхи чинээ мэдэн үлээнэ. Холын холоос харагдах засмал зам, машины дуу бөөр түүр сонстоно. Баяннамарын ингээ саасан дүр нүднээ бүртэлзэж, суулганд нь буух цагаан сүүний аяс уртын дуу шиг холын хол цуурайтна...
