ӨМӨЗО-нд суралцагч гадаад оюутан сурагчдын “Авьяас чадварын тэмцээн” болон “Эсээ бичлэг”-ийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 12 дугаар сарын 4-ны үдшийн 19:00 цагт Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Дуу хөгжмийн танхимд болов.
ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Чэнь Баочуань, ӨМӨЗО-ны Боловсролын танхимын дэд дарга Жан Яапин, Соёлын танхимын дэд дарга Жао Шиньминь, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн захирал Юүн Гүөхун, Өвөр Монголын Их Сургуулийн дэд захирал Эрдэнэбаяр, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Намын хорооны дэд дарга Хоу Чэньшинь, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны дэд ерөнхий редактор Уртнаст, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын нэгдүгээр нарийн бичиг С.Ариунтуяа, Өвөр Монголын “Солонго” мэдээллийн төвийн эрхлэгч Н.Алтан-Уул нар урилгаар оролцлоо.
Өвөр Монголын Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Боловсролын танхим санаачлан, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Гадаад харилцааны нийгэмлэг болон Өвөр Монголын Багшийн Их Сургууль энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан юм.
Арга хэмжээ нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол, Орос, Япон, Тайланд, Пакистан зэрэг улсаас Өвөр Монголд суралцаж байгаа гадаад оюутан сурагчид хятадын соёл урлагийг тайзнаа амилуулсан нэгэн үдэш боллоо.
Гол зорилго нь Хятад улсад суралцах хугацаандаа цаг заваа зөв боловсон утга төгөлдөр өнгөрөөх, суралцаж ажиллахад нь урам зориг өгөх, оюутан сурагчид энэхүү үйл ажиллагаагаар дамжин хятад соёл урлагийг ойлгох, хятадын соёл түүхтэй танилцах, судлах, суралцах, хятад улсын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх, өөрийгөө нээх, бусадтай харилцах, хэлний чадвараа нэмэгдүүлэхэд нь тус нэмэр болох үүднээс зохион байгуулан явуулдаг болно.
“Эсээ бичлэг”-ийн тэмцээнийг их дээд сургуулийн оюутан, дунд болон бага сургуулийн сурагчдын дунд зохион явуулж, оюутнуудын шилдгийн шилдгээр Монгол Улсын оюутан Сандуйжавын Нүрзэд шалгарсан бол нэгдүгээр байранд Япон улсын оюутан Yamaga Kengo, хоёрдугаар байранд Тайланд улсын оюутан Boonpatinat Siriporn, Монгол Улсын оюутан Батхишигийн Молор-Эрдэнэ, Пакистан улсын оюутан Ijaz ul haq, гуравдугаар байранд Кригизтан улсын оюутан Almaz Sharshembiev, Монгол Улсын оюутан Энхтөрийн Дашням, Того улсын оюутан Messan Komi, Монгол Улсын оюутан Оршихын Тэгшжаргал, Орос улсын оюутан Martkachakova Ekaterina нар тус тус шалгарсан байна.
Дунд болон бага сургуулийн сурагчдаас нэгдүгээр байранд Замби улсын сурагч Nkunde Mwila, хоёрдугаар байранд Монгол Улсын сурагч н.Хулан, Монгол Улсын н.Мишээл, Монгол Улсын сурагч Мөнхбатын Намуунзул, гуравдугаар байранд Монгол Улсын н.Баярчимэг, Монгол Улсын н.Энэрэл, Монгол Улсын н.Гөеөг, Монгол Улсын н.Мөнхтуяа, Монгол Улсын сурагч н.Төгсбуян нар тус тус шалгарлаа.
Энэ үдшийн “Авьяас чадварын тэмцээн”-д нийт 13 сургуулийн 9 улс орны сурагчид өрсөлдсөнөөс Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Улсын оюутнуудын “Тал нутгийн баатрууд” бүжиг шилдгээр шалгарлаа. Хоёрдугаар байранд Өвөр Монголын Их Сургуулийн Орос улсын оюутны “Намаа магтан дуулъя” гоцлол дуу, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн “Хар сувд” бүжиг, гуравдугаар байранд Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн оюутнуудын “Just Dance”, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн оюутан Энхдөлийн “Kiss, Goodbye” /吻别-wen bie/ гоцлол дуу, Өвөр Монголын Их Сургуулийн оюутнуудын “Хятад соёлын үзүүлбэр” тус тус шалгарлаа.
ӨМӨЗО-нд суралцагч гадаад оюутан сурагчдын “Авьяас чадварын тэмцээн” болон “Эсээ бичлэг”-ийн тэмцээн жил ирэх тусам улам чансаатай болж, өргөжин тэлж буй нь оюутнуудын бэлтгэн үзүүлсэн уран сэтгэмжит тоглолтууд, шинэлэг санаа, хөдөлмөр зүтгэлээс тод харагдаж байлаа.
