solongonews
Хүүхэд бол тоглоом биш, тэр бүхэл бүтэн шинэ ертөнц
2015-12-28 18:21
Хүүхэдтэй болохоор шийдвэр гаргах гэж буй бүсгүйчүүд энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө эргэлзээ бүхнээ тайлаасай.
 
Насаараа ханилна гэж сонгох гэж буй эр тань ямар ч үед дэргэд чинь байж чадах уу, тартагтаа тултлаа хоосорсон ч, хүн харахын аргагүй царай зүстэй болсон ч, хүний гарт орж өвдөж зовох үед ч дэргэд чинь үнэнчээр үлдэж чадах нэгэн мөн үү гэдгийг өөрөөсөө нэг асуугаарай.
 
Таны дотор хүн таны бодож байгаагаас илүү мэдрэмжтэй, зөн билэгтэй. Тэр бүхнийг мэддэг. Түүнд итгэ. Нэг л болмооргүй, энэ занг нь л засчих юм сан, яваандаа болно биз дээ гэж хийсвэр хоосноор төсөөлсөөр тэрхүү төсөөлөл тань эргэлзээтэй байвал өөрийгөө бүү хүчил.  Учир нь зөвхөн та бус таны үр хүүхэд үүнээс гарах үр дагавар, зовлон шаналлыг нь амсах болно. Зөвхөн та зовох бус танаас гарсан, аминаас амь тастаж төрүүлсэн, өөрөөс тань илүү үнэтэй үр хүүхдээ доголон нулимстай орчлонг туулахыг харахыг хүсээгүй л бол сонголтоо ухаанаараа бас зөн билгээрээ хий. 
 
Үргэлж дэргэд чинь байж чадах, хэчнээн хэцүү үед ч сэтгэлийн ноён нуруугаа алдалгүй нэгэнт эхэлсэн амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл тантай, бас хүүхдүүдтэйгээ, таны, хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хамтдаа тэмцэж, ухаарч, бүхнийг ялан дийлж чадах тэр нэгнийг сонгосон гэдэгтээ итгэлтэй байвал энэ орчлонгоос ч гүн гүнзгийг өөртөө агуулсан, гайхамшиг бүхний дээж нь болсон үр хүүхдээ хэвлийдээ тээх агшнийг өөртөө зөвшөөр. Яагаад гэвэл хүүхэд тоглоом биш. Тэр бүхэл бүтэн ертөнц. Тэр таны мэдэрч буй бүхнийг мэдэрч, хүний хорвоогийн жам бүхнийг алгасах эрхгүй нэгэн байх болно. Тийм л болохоор түүний амьдралын төлөө зөвхөн та л зөв шийдвэр гаргаж чадна. 
 
Монголхатагтай 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл