Эрчүүдийн эхнэрээ хардах шалтгаан...
2015-12-28 18:21
“Цамбагарав төв”-д ахимаг насны нэгэн залуу өгүүлбэрээ ингэж эхлэн лекц уншиж байна. Энэхүү лекцийн нэр нь “Аз жаргалын эрэлд”. Таалагдсан учраас зорьж очсон хэрэг л дээ. Гэвч ажлынхаа цаг нарыг нарийн төлөвлөөгүйгээс баахан хоцорлоо. Олон сайхан яриа, сэдвээс хоцорсон харамсалдаа хөтлөгдөн лекц уншсан залуугийн нэрийг нь лавлахаа мартчихаж. Ямар ч байсан тэр уран илтгэгч нөхрүүдийн эхнэрээ хардах шалтгааныг ингэж тайлбарласан юм.
Их хөгжилтэй...”Монголжингоо”-гийн нөхөд минь, та нарынхаа цагийг бараад яахав. 2 цагийн лекцийг байдгаараа товчлон хүргэж байна шүү.
Илтгэгч: Эрчүүд ямар хүүхэнд дуртай вэ?
Хүмүүс: Ажилсаг, ухаантай, хоол сайн хийдэг, цэвэрч ...
Илтгэгч: Үгүй ээ. Ердөө хоёр төрөл. 2 дахиас нь эхэлье. Аальгүй. Тэгвэл нэгдүгээрт ямар эмэгтэй орох вэ?
Хүмүүс: Даруухан, эелдэг, боловсролтой...
Илтгэгч: Үгүй ээ, бүр аальгүй.
Уран илтгэгч ингэж хэлэхэд танхим дүүрэн инээд боллоо. Ийм илтгэлээс би хэд хэдэн чухал зүйл, олон эмэгтэйн гаргадаг алдааг олж харсан юм.
Нэгдүгээрт: Эмэгтэй хүн гэртээ байхдаа ч нүүрээ будан үс зүсээ янзалж байх хэрэгтэй. Учир нь хамгийн сайхнаараа харагдаж байх учиртай эрхэм хүн бол таны хань ижил. Бид гэртээ өнгө зүсээ торддоггүй хэрнээ гадагш гарахдаа будаж эхэлдэг. Энэ үйлдлийг харсан нөхөр тань
“Хэндээ сайхан харагдах гэж хичээж байгаа бол” гэсэн хар төрж эхэлнэ.
Хоёрдугаарт: Гэртээ өмсдөг хувцсандаа ч бас анхаарал тавь. Эр нөхрийнхөө өмнө өнгө доожоогүй хувцасладаг хэрнээ, өөр бусад хүмүүстэй уулзахын тулд байдгаараа гоёдгийг эрчүүд ойлгодоггүй. Эндээс ч бас хардалтын сэжүүр цухуйна.
Гуравдугаарт: Ямар ч уур бухимдалтай байсан хань ижил, үр хүүхэд рүүгээ хашигарч, зандрахгүй байхыг хичээгээрэй. Байдаг л муу муухайгаар нь дуудан нөхрөө загнаж байснаа, утасны дуудлагаа аваад эелдэгхнээр ярих нь ямар ч эр хүнд хардах сэтгэгдэл төрүүлдэг байна.
Дөрөвдүгээрт: Хэрвээ таны эрэгтэй эсвэл гэр бүлийн найз танайд зочлох гэж байгаа бол хэрээс хэт хөл алдан гүйх хэрэггүй. Энэ мөн л хардалтын шалтгаан...
Эцэст нь олон эрэгтэй бүр аальгүй эмэгтэйд дуртай байдгийн шалтгааныг хэлж өгье.
Аальгүй хүүхэн үргэлж үс зүсэндээ анхаарч, ямагт гоё сайхан харагдаж чаддаг. Нөхцөл байдалдаа тохируулан инээмсэглэл, эелдэг үг, хөгжилтэй байдлаар нөхрийнхөө ая талыг засаж чаддаг байна.
Тиймээс бүсгүйчүүд ээ, эр нөхөр, хань ижлийнхээ өмнө үргэлж гоё, найрсаг байгаарай. Үнэндээ бид тэдэндээ л өнгөлөг харагдаж, гоо сайхнаараа бахдуулж явахгүй юм бол, өөр хэний өмнө сайн сайхнаа дэлгэх билээ дээ. Амьдралынхаа түшиг тулгуурын өмнө биеэ зөв авч явна гэдэг асар том хүндлэл юм.
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
