Дэргэд чинь чамайг мэдэрдэг хүн байхад л туйлын чухал. Миний таних хижээл эр эхнэрээсээ салж одов. Саяхны явдал. Ингэх шалтгаан нь эхнэр нь машиныг нь унаж яваад мөргүүлээд нэлээн юм болцгоож. Айж зовсон бүсгүй ахаасаа мөнгө зээлээд засуулах гэтэл “Эд хогшилыг маань сүйтгэж үгүйрүүллээ.. Дээр нь зээл тавьлаа. Хэзээ ч намайг хайрладаггүй хүн байна. Хайр гэдэг чинь ийм өнгөтэй байдаггүй юм” хэмээжээ.
Уучлах, хүлцэх тэр чинь өөрөө хайр юм шүү дээ. Дэргэдэх хүмүүсээ аятай таатай байлгах, асуудал гарсан бол эвцэх өнцгөөс нь харж чадах, бусдыг өөрийн байранд тавьж бодохыг бид мэдээд байх шиг хэрнээ хийдэггүй юм бол уу? Зохиолч Шуурайн Солонгын илгээсэн сайхан мэдээллийг би мэдэх юм. Оросын зохиолчийн хэн хүнгүй уншууштай өгүүлэл. 2 охинтой ээж. Зуслангийн байшинтай болох гэж мөнгөө хураагаад, өсөн торниж байгаа цэцэг шиг 2 охиноо хуучин пальто, багадсан шаахайтай өсгөсөн тийм ээж.
Ээжийн санаа нь уг нь буруу байгаагүй ч, шийдэл нь буруу байж. Ээжийнх нь хүсэл мөрөөдөл он удаан жилийн дараа сая хэрэгжихэд зуслангийн тэр байшинг 2 охин өчүүхэн ч тоогоогүй гэдэг. Тэр л байшингийн төлөө сайн сайхныг амсан, баяр хөөрөөр цалгиж өсөх он жилүүдээ булаалгасан охид зөвхөн ядуу зүдүүг л мэддэг болж торнисон байна. Тэд мөнгө зарахаас айдаг, өөрийгөө үнэлдэггүй тйим л ертөнц болж өсөж.

Бид үүний төлөө амьдардаггүй. Туулах нас, амсах жаргал, эдлэх баяр бүгд хэмжээтэй. Цаг нь ирвэл маргааш хэн маань ч амьдралаас буцаж мэдэх юм. Тиймээс амьдралаа хөглөж, аз жаргалаа дэргэд байгаа бүхэндээ зориулж, өнөөдрийг маргаашаас илүү өнгөлөг болгоно хэмээн бодож, бас хийж амьдарцгаая. Маргааш л сайхан амьдаръя гэж андуурдагаа больцгооё. Мөнхөд амьдрах шалтгааныг өөрөөсөө битгий хай. Мөнхөд амьдрал гэж хаана ч байдаггүй ээ. Өнөөдрөөр л амьдрах нь үр хүүхдийн маань заяа завагт ч гэрэл авчирдагсанж.
