solongonews
Хайрын захидлын уралдааны ялагч тодорлоо
2015-12-28 18:21
Хамгийн олон Like цуглуулсан таван захидлаас “Mongoljingoo.mn” сайтын зөвлөл шилдгийг тодруулахад үнэхээр бэрх байсныг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Хамгийн гэгээлэг бүхнийг шингээсэн захидал бүр өөр өөрийн өнгө, элч цацрагаа хайраар өнгөлж байхад тэр нь л шилдэг хэмээн нэрлэх амаргүй даваа байсан юм шүү.

“Монголжингоо” сайтын хамт олон уншигч олныхоо дунд хайрын захидлын уралдаан зарласан билээ. Хосуудын сэтгэлийг мялааж, хэн бүхний зүрхэнд хэзээ ч үл мартагдах дурлалын нандин мөчийг дахин сэрээх дуусашгүй эрлийг үргэлжлүүлэх нь бидний зорилго байлаа. Үл цуцах, эс дундрах, үүрдийн гэгээн хайрынхаа гандашгүй түүхийг мөнхлөн илгээсэн эрхэм уншигч та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье.  Сэтгэлээ чилээн байж хамгийн нандин гэсэн бүхнээ дээжлэн сийлж бидэнд илгээсэн захидал бүр мөнхийн хайрын үнэлж баршгүй гэрч болон үлдэх болно.

 

Манай захидлын уралдаанд илгээсэн уншигчдын захидал нэг бүрийг бид сайтаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн билээ. 2015 оны хоёрдугаар сарын 4-14-ний өдрүүдэд зарласан уралдаанд нийт 39 захидал ирлээ. Шалгаруулалтын дүрэм ёсоор хамгийн олон Like цуглуулсан таван захидлыг шалгаруулж нэгийг нь шилдгээр тодруулахаа бид амласан билээ.  
 

Эдгээрээс:

 

1.Амьдрал цаг хугацаа урсан одсон ч дурсамж хэвээрээ  155 Like

2. Дэрэн дээр үлдээсэн захидал 179 Like

3. Бидний хайрын түүх 281 Like

4. Гэгээн хайрын эзэн чамдаа 1.3 мянган Like

5. Чамтайгаа үдэх 100 жилийн хайр 1.3 мянган Like

 

Дээрх таван нийтлэлийг “Монголжингоо” сайтын уншигчид маань онцлон сонгосон байлаа. Үнэхээр ч дээрх захидлууд нэгийг бодогдуулсан, хайрыг энгийнээр биш эгэл бусаар илэрхийлж, хамгийн  нандин бүхний учир утга юунд оршдгийг үгэн аялгуугаар эгшиглүүлжээ. “Хүмүүс  жаргалтай газраас л дурлалыг хайдаг.......... Яг одоо би тийм нэгэн харцыг ханатлаа ширтмээр  .... яг одоо би тийм нэгэн тэвэрт ханатлаа өнжмөөр байна.... яг л тийм нэгэн ..... Тэр харцыг мөнхөд ширтсэн ч уйдахгүй , тэр тэвэрт хичнээн дулаацсан ч хэзээ ч ханахгүйд ч байж магад ......”. Энэ бол хайрын төгс илэрхийлэл болсон мөртүүд гэдэгтэй уншигчид маань маргахгүй биз ээ. “Амьдрал цаг хугацаа урсан одсон ч дурсамж хэвээрээ” хэмээх захидалд шингээсэн энэ мөртүүд уншсан хэн бүхний сэтгэлд тэртээ хол мартагдах дөхсөн гал халуун хайрын унтаршгүй дөлийг дахин асаасан ч байж мэдэх.

Тэгвэл 1.3 мянган Like цуглуулж чадсан хосгүй бүтээл болох “Чамтайгаа үдэх 100 жилийн хайр” захидалд “Чамтайгаа би 100 жил байх амлалтаа дахин амлаж байна, Харин чамдаан дурлахгүй байхын аргагүй 100 шалтгааныг бас мөнхөлхийг хүснэ. Хэлж амжаагүй бүхнээ хүргэхийг хүснэ. Басхүү аав , ээж болсноо мэдэгдмээр байна. Тиймээ энэ бол чиний минь бүтээсэн бидний гэр бүл. Чи бид хоёрт минь ирсэн хамгийн том бэлэг бол бидний хэвлий дахь үр минь юм шүү” хэмээн өгүүлжээ. Гайхалтай биш гэж үү. Алтан хэвлийдээ үрээ тээж, амраг хайртынхаа үнэнч хань нь болж, мянга мянган өдрийг хамт туулж, насан буурал болтлоо ханьсан жаргахаа амлах тэр л мөч хэчнээн агуу вэ. Завгүй амьдралынхаа хаа нэгтээ зайчилж орхисон тэр л мөчүүдийг дахин сэрээсэн эдгээр захидлуудын эздэд нийт уншигчдынхаа өмнөөс халуун талархлаа дахин илэрхийлье.

 

Энэ бүхний эцэст, хамгийн олон Like цуглуулсан таван захидлаас “Mongoljingoo.mn” сайтын зөвлөл шилдгийг тодруулахад үнэхээр бэрх байсныг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Хамгийн гэгээлэг бүхнийг шингээсэн захидал бүр өөр өөрийн өнгө, элч цацрагаа хайраар өнгөлж байхад тэр нь л шилдэг хэмээн нэрлэх амаргүй даваа байсан юм шүү. Ямартаа ч амласан ёсоороо ялагчийг тодруулах өндөр хариуцлагаа биелүүлж, сайтын зөвлөлөөрөө хэлэлээд “Дэрэн дээр үлдээсэн захидал”-ыг шилдэг бүтээлээр тодруулснаа хуваалцахад таатай байна. Хайрын утга учрыг эгэл амьдралын үнэнээр илэрхийлэн гаргасан энэ захидлаас мөрөөдлийн гэхээсээ илүү бусдад ухаарал хайрлах эрэл, сэжимтэйг нь онцолмоор байна. Like цуглуулсан захидал олон байсан ч тэдгээрийн тооны олон, цөөндөө биш харин хайрын мөн чанарыг бодит амьдралаар бусдад сургамжтайгаар өгүүлэн гаргасан нь нийт уншигчдын сэтгэлийн утсыг хөндөж, догдлол, ухаарал, гэмшил, баяр хөөрийг нэгэн цэгт огтлолцуулж чадсан нь энэ бүтээлийн үндсэн шинж байлаа.

“Бага маань төрөөд удаагүй хатгаа авч, Багануурын эмнэлэгт үхэл сэхлийн заагт өнгөрүүлсэн хэдэн өдрийг яахин мартах, хань минь. Уйлж шаналахаас өөрийг мэдэхээ байгаад тэнхэл алдран сэтгэл сэмэрч байхад чи минь өөдөсхөн нялзрай үрээ хором бүр анзаарч байхгүй бол болохгүй гээд нүд цавчилгүй хэдэн шөнийг давж билээ. ...Харин хүү минь эдгэрч, хөхөө хөхөж чаддаг болоход түүн шиг эрхэм жаргал энэ хорвоод үгүйг мэдэрч, тэр л жаргалаар бид хоёрын тамирдсан бие, сэтгэл хүч тэнхээ сэлбэсэн дээ. Ганцаараа зовохгүй, ганцаараа хийхгүй, ганцаараа сэтгэлээ чилээхгүй гэсэн омголон бодол минь тэр л үед замхран холдож, чамайгаа ямар их өрөвдсөн гээ. Миний омголон залуу насны бодол ялалт дагуулж байна гэж би эндүүрдэг байж”. Энэ мөртүүдийг ганцхан л удаа гүйлгээд уншихад хайр гэдгийн үнэн дүр төрх юутай ил харагдана вэ. Хайр гэдэг мөнхрөн үлдэхийн тулд ганц эр, эмийн сэтгэлээс хальж, тэдний дундаас ургасан хөөрхөн үрсийн минь жаргал гэрэлтсэн харцаар тэтгэгдэн ивээгддэгийн эгэл хэр нь дэндүү үнэ цэнтэй үнэн энэ болов уу.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл