
SOHO China компани
Өөрийн хүчээр баян болсон дэлхийн 10 эмэгтэйн нэг Хятадын үл хөдлөх хөрөнгийн тайкуун Zhang Xin тууштай хөдөлмөрч нэгэн. Багадаа 12 цагийн турш үйлдвэрт ажиллаж хоолоо олж иддэг байсан энэ эмэгтэй харин одоо 3.7 тэрбум долларын хөрөнгөтэй. 49 насандаа олонд танигдсан бизнес эмэгтэй болж чадсан ба тэр "Би хэн нэгэн баян хүний үр хүүхэд биш ээ, гэхдээ би боломжийг харж ажил хэрэг болгож чадсан л хүн. Үүн дээрээ тууштай хөдөлмөрийг нэмж чадвал ямар ч хүн баян болох боломжтой" гэж хэлжээ.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн тайкуун Жан Шинь
Түүнийг Бээжин хотыг барьсан эмэгтэй гэж нэрлэдэг. 1995 онд тэр нөхөртэйгөө хамтран Хонконг-д төвтэй Хятадын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компанийг үүсгэн байгуулсан. Тэр дэлхийн хамгийн шилдэг архитекторуудыг хөлслөн одоогийн Бээжин хотын хамгийн гоёмсог барилгуудыг бариулсан юм. Түүнийг бага байхад нь аав нь хаяад явжээ. Ээжтэйгээ үлдсэн Zhang Xin багаасаа Хонконгт даавууны үйлдвэрт ажиллан хожим Кембрижийн Их сургуульд сурах төлбөрөө өөрөө цуглуулсан гэдэг. Дэлхийн хамгийн шилдэг их сургуульд амжилттай сурч төгсөөд хөрөнгө оруулалтын Goldman Sachs компанид ажиллаж байгаад Бээжинд буцаж ирсэн байна. Тэрээр Бээжинд нөхөртэйгөө танилцан гэр бүл болж, 2 хүүгийн эх болжээ.

Жан Шинь болон түүний нөхөр Пань Ши-и /pan shi-yi/
"Миний бизнес алхам алхмаар маш урт замыг туулсан. Анхандаа ажилчдынхаа цалин, үйл ажиллагааны зардлаа төлөх гэж үйлээ үзэж байлаа. Тэгээд аажимдаа өртэй байсан компаниа өрнөөс салгаж, санхүүгийн бүрэн хяналт тогтоон, дараа нь бага багаар ашиг олж эхэлсэн юм" гэж ярьжээ.
3.7 тэрбум долларын хөрөнгөтэй ч Zhang маш даруухан, хөрөнгө мөнгөө хэзээ ч гайхуулдаггүй. Тэр ямар ч үнэтэй брэндийн цүнх, хувцас хэрэглэдэггүй, нүүрээ ч бараг буддаггүй гэнэ. "Яагаад" гэсэн асуултад тэр "Хүн мөнгөтэй боллоо гээд заавал өөрт дарамттай санагддаг зүйлээ хэрэглэх ёсгүй гэж би боддог. Мөнгө өсч болно, харин бид бүгдээрээ л газар дээр хөлөөрөө л явдаг хүн шүү дээ..." хэмээн инээмсэглэлээ.
