Хүнсэнд хэрэглэхийг хориглосон нэмэлт бодисуудыг ялгаж сурцгаая
2015-12-28 18:21
Зориг сангийн Залуу манлайлагч-11 хөтөлбөрийн "Ухаалаг сонголт" төслийн багийн гишүүн, төслийн зохицуулагч М.Мөнхжаргалтай ярилцлаа. Хэрэглэгчийн хүнсний хэрэглээний боловсролыг дээшлүүлэх ашгийн бус, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагааг тус төслийн баг хэрэгжүүлж байгаа аж.
Энэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.facebook.com/pages/Ухаалаг-Сонголт/1390795741194700 -аас авч болох юм байна.

-Юуны өмнө хүнсний хэрэглээний боловсролыг дээшлүүлэх төслөө танилцуулахгүй юу?
-Хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед хэрэглэгч буюу худалдан авагч өөрөө ухаалаг сонголт хийсний үндсэн дээр эрүүл, чанартай, зөв хүнсний бүтээгдэхүүнээ сонгон авч, хүнснээс хамааралтай одоо буюу ирээдүйд бий болох эрсдлээс бүрэн сэргийлж чадна. Хэрэглэгчийн ухаалаг сонголт нь чанартай бүтээгдэхүүнийг хэрхэн танихаас эхлээд худалдан авч буй бүтээгдэхүүн дээрх сав баглаа боодол, шошгон дээрх мэдээлэл, хэрэглэх заавар, хадгалах хугацаа, хориглох заалт, дүрсэн тэмдэглэгээ, тайлбар зэргийг уншиж, ойлгох мэдлэгээс хамаарч байгаа юм.
Тиймээс Зориг сангийн “Залуу манлайлагч 11” хөтөлбөрийн 2 дугаар багийн залуус хэрэглэгчийн ухаалаг сонголтод тулгуурлан хүнсний зөв хэрэглээг дэлгэрүүлэх зорилготой “Ухаалаг сонголт” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Ухаалаг сонголт төслийн хүрээнд хэрэглэгчдийн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт, сонголтод тус болохуйц мэдээлэл, мэдлэгийг энгийнээр хүргэх зорилгоор аян, нөлөөлийн үйл ажиллагаа явуулж байна. Мөн хэрэглэгчийн худалдан авалт хийх үйл ажиллагаанд хамгийн ойроос нөлөө үзүүлж чадах дэлгүүр, супермаркетын худалдагч нарт хүнсний зөв хэрэглээний талаарх цуврал сургалтыг явуулж төслийн үйл ажиллагаа дуусах шатандаа ороод байна.
Энэхүү хэрэглэгчийн хүнсний хэрэглээний боловсролыг дээшлүүлэх төслийг Хас банк, ШӨХТГ, МҮХАҮТ дэмжиж, “Алтан Жолоо” группын Сансар хүнсний худалдааны сүлжээ хамтран ажиллаж байна.
-Хүмүүс орчин үед цаг завгүй ажилладаг болсноос дэлгүүрээс шууд идэх зориулалттай хүнс сонгох боллоо. Тэгэхээр бэлэн бүтээгдэхүүн ихсэхийн хэрээр хүнсний аюулгүй байдлаа хамгаалах сонголтыг хэрхэн хийх вэ?
-Хүнс болгон хүнд хэрэгтэй байдаггүй. Харин хүн бүр хүнсний бүтээгдэхүүний хэрэглэгчид байдаг. Тиймээс бид юу идэж ууж байгаагаа сайтар мэдэх шаардлагатай. Бэлэн бүтээгдэхүүн худалдан авч байгаа хэрэглэгчийн хувьд юун түрүүнд тухайн бүтээгдэхүүний шошгоны мэдээллийг анхааралтай, бүрэн унших хэрэгтэй. Шошгон дээр хүнсний бүтээгдэхүүний найрлага, хэрэглэх заавар, тэжээллэг болон илчлэг чанар, цэвэр бохир жин, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, хүнсний нэмэлт хэрэглэсэн бол олон улсын Е тэмдэглэгээний код зэрэг хүмүүс байнга анзаараад байдаггүй чухал мэдээллүүд байдаг. Тиймээс худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ шошгыг хэрхэн уншиж, ойлгох мэдлэгийг хүмүүст олгох, найрлага болон хэрэглэх заавар, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг байнга харж сурах дадал хэвшлийг хүмүүст олгох, энэ талаар уриалах нь төслийн нэгэн чухал зорилго байгаа юм. Тиймээс дараахь зөвлөгөөг хүргэж байна.
Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа:
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэхийг шалгах
Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах
Дэлгүүр, супермаркетад байгаа хяналтын жинг ашиглан бүтээгдэхүүний цэвэр бохир жинг үзэх /хүнсний бүтээгдэхүүн чийгээ алдсанаас 5-10 хувиар хорогддог гэдгийг мэдэх хэрэгтэй/
Хэрэглэх заавар, хориглох заалт, Е тэмдэглэгээг харах.
-Тэгвэл хүнсний нэмэлт гэж Е үсгээр тэмдэглэсэн бодисууд хүний биед хортой юу. Үүнийг яаж ялгаж таних вэ?
-Хүнсний нэмэлтүүдийг Е тэмдэглэгээгээр илэрхийлдэг. Гэхдээ хүнсний нэмэлт болгон хүнд хортой биш гэдгийг онцлон тэмдэглэе. Гагцхүү хүний биед хортой, хүнсэнд хэрэглэхийг хориглосон нэмэлтүүд байдаг ба эдгээрийн кодыг мэдэх шаардлагатай.
ХҮНИЙ БИЕД ХОРТОЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ХҮНСНИЙ НЭМЭЛТҮҮД:
Аюултай E1108, E123, E127, E129, E150, E151, E173-175, E210, E212, E16-219, E227, E228, E235, E242, E339-341, E400-403, E450-452, E521-523
Эргэлзээтэй E102, E104,E120, E122, E124,E141, E150, E161, E173
Хавдар үүсгэгч E131, E42, E239
Амин дэм задлагч B12 E220
Ходоод гэдэсний замын хямрал E221-226
Арьсны үйл ажиллагааг алдагдуулах үйлчилгээтэй E230, E231, E233
Тууралт үүсгэх E311, E312
Их хэмжээний холестирин агуулсан E320, E321
Хоол шингэлт алдагдуулах E338, E340, E341, E407, E450, E466
Манай улсын хувьд өмнө нь дотоодын үйлдвэрийн тарагнаас хүнсэнд хэрэглэхийг хориглосон нэмэлт гарч ирж байсан. Хамгийн сүүлд гэхэд энэ оны 4-р сарын эхээр БНХАУ-аас импортлон оруулж ирдэг хүүхдүүдийн иддэг бөгжтэй чихэр, тэсэрдэг чихэрнээс аюултай хүнсний нэмэлт болох Е110, Е129 код бүхий хүнсний нэмэлт будагч бодис илэрснийг МХЕГ шинжлэн тогтоосон. Тиймээс эцэг эхчүүд мөн адил үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах үүднээс хүнсний нэмэлтийн Е тэмдэглэгээг харж мэдэж сурах шаардлагатай байгаа юм.
-Манайх шиг импортын хүнсээр хэрэгцээгээ хангадаг улсад эрүүл, зөв хооллолт гэхээр юм хомс юм. Тиймээс манай уншигчдад зориулж эрүүл зөв хүнсээ хэрхэн таньж авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
- Юун түрүүн шинэ бүтээгдэхүүн эрүүл байдаг. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон дараах бүтээгдэхүүнүүд шинэ эсэхийг дараах шинж чанараар танина:
Мах: Тод улаан өнгөтэй, махны гадаргуу нь цэвэр, хуурай, салс өнгөргүй, загсаалтын хальсан бүрхүүл үүссэн, хуруугаар дарахад үүссэн хонхорхой хурдан арилдаг, өөх нь үл мэдэг шаргал туяатай, цагаан өнгөтэй, хатуу, шинэ махны өвөрмөц, аятайхан үнэртэй байна.
Загас: Хайрс нь гялгар өнгөтэй, тунгалаг салсаар бүрхэгдсэн, цэвэрлэхэд хялбар салахгүй, нүд нь тунгалаг, гялгар, ширгээгүй, загалмай нь тод улаан ягаан өнгөтэй, мах нь нягт, хэт зөөлөн биш, уян хатан, гэдэс нь дүүрэн биш, шинэ загасны өвөрмөц үнэртэй байна.
Хиам: Бүрхэвч хальс нь бүтэн, хуурай, цэвэр, өнгөргүй, хөгцний үнэргүй, зүсэж үзэхэд таташ нь жигд, нягтшил сайтай, хийн цэврүүгүй, шүүслэг ягаан, өөх нь цагаан өнгөтэй, исгэлэн, гашуун биш, аятайхан амттай байна.
Өндөг: Хальс нь хатуу, бүтэн, цэвэр, хэт жижиг биш (удаан хадгалах тусам чийгээ алдаж жижгэрдэг), өнгө, үнэр нь хэвийн байна.
Сүү: Ялимгүй шаравтар туяатай, цагаан өнгөтэй, аятайхан амт, үнэртэй байна. Зохих хэмжээний өтгөн байх бөгөөд усархаг, салслаг байж болохгүй.
Гурил: Исгэлэн, хөгцөрсөн үнэргүй, гашуун, эсвэл чихэрлэг амтгүй, шинэхэн буудайн аятайхан үнэртэй байна. Гурилын зэрэг, нэр төрлөөс хамаарч цагаан шаргалаас сааралдуу боровтор өнгөтэй байж болно. Сайн чанарын гурил нь хуурай байх бөгөөд гартаа атгаад тавихад бөөгнөрөхгүй, амархан бутардаг байна.
Будаа: Харлаж цоохортоогүй, хөгцний үнэргүй, гашуун, хөгцөрсөн амтгүй, хортон шавьж, мэрэгч, тэдгээрийн өт, авгалдай, ялгадсаар бохирлогдоогүй байна.
Жимс, хүнсний ногоо: Цэвэр, бүрэн бүтэн, хэлбэрээ алдаагүй, хортон шавьж, мэрэгч, ургамлын өвчний улмаас гэмтэж муудаагүй, ялзраагүй, хөгцгүй, гаднын аливаа үнэргүй, хөлдөөгүй, хатаагүй байна.
Хамгийн чухал нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зөв харьцаа, хэмжээтэйгээр хэрэглэж сурах нь зөв хооллох үндэс болно.
Мөн сүүлийн үед дэлхийн хөгжингүй ихэнх улс орнууд генийн өөрчлөлттэй хүнс буюу ГМО GMO агуулсан хүнснээс татгалзаж байгаа. Харин манай улсад ГМО-г хуулиар хориглоогүй зөвхөн эрсдлийн шинжилгээ хийж хүнсэнд хэрэглэхээр заасан ба одоогоор энэ талын шинжилгээ, судалгаа манай улсад тун ховор байгаа. Иймээс хэрэглэгч бид өөрсдөө ГМО-гийн талаар сайтар мэдээлэлтэй байж, энэ төрлийн хүнснээс татгалзаж, органик байгалийн гаралтай хүнс хэрэглэх нь бидний хүнсний зөв хэрэглээ байх болно.
мөн доорхи зурган дээр дарж манай грүппт нэгдэх болохмжтой
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

