Гэрээ “Аз жаргалын арал” болгох илгээмж-2
2015-12-28 18:21
Аз жаргал гэдэг, орчлон дээр байгаа хүнийхээ тоогоор онд ондоогоор оршино. Амгалан цовоогоор дуулж, амгалан дураараа гүйж, сэтгэл амгалан унтаж, санаа амар өсч, эрүүл сайхнаар удаан амьдарч, мөн л амгалан тайвнаар нөхцөхийг бид хүснэ. Доктор Фаустын хэлснээр “Үзэхийн төдийд үгүй болох алт, үнсэхийн төдийд хаяж одох амраг, ялагдаж сөнөхийн төлөөх тулааныг хэн ч жаргал гэж үздэггүй”. Задлах вий гэж түгшилгүй нууцаа дэлгэх, гологдоно гэж эмээлгүй сэтгэлээ нээхийг, өвдөхөөс айлгүйгээр ажиллаж зүтгэх, хөөгдөхгүйгээр хаалга тогших нь аз жаргал.
Сайхан харцанд олзлуулж, бусдын сэтгэлийг татах, сэтгэлээ нээгээгүй ч бэтгэртлээ шаналан хэн нэгнийг далдхан хайрлах нь аз жаргал. Хэн гэдгийг нь мэдэхгүй ч хаа нэгтээх замын уулзварт зөрж өнгөрөхдөө халуун эгц харцтай тулгарч инээмсэглэх, хааяа бас гэнэгүй тэр дурсамжийг сэтгэлдээ сэргээж бодох ч аз жаргал бус уу... Гэсэн ч аз жаргалыг эдлэх эдлэхгүйн тухайд хүн эрх чөлөөтэй юм. Чухам юуг аз жаргал гэж бодож чадах хийгээд түүнийг хэрхэн таашаан эдлэх хоёроос л аз жаргалын үнэ цэн урган төлждөг байж мэдэх юм.
Мугуйд цөлхөөр эргэцүүлэн бодвоос хүн гээч бодгаль жаргая гэвээс жаргадаг, байя гэвээс аз жаргалаас ангид оршдог юм биш байгаа... Үхэхийг жаргал гэж үзэх, наслахыг зовлонд тооцох, сайн дүн авчихаад нэрэлхэн уйлах, шалгалтанд уначихаад зоригжин догдлох, 100 саяын чекэн дээр зүдрэн байж тамга дарах, сүүлчийн зоосоо энхрийлэн тоолох зэргийн алийг нь сонгох нь эрдэнэт хүмүүний эрх билээ.
Тийм бол, энэ эрх чөлөөний, ийм баялаг сонголтын эх сурвалж нь хаанаас эхлэлтэй вэ? Ийм боломжийг хүнд юу олгодог юм бол? Бодит амьдралын үзэгдлүүдийн хүрээнд няцаашгүй хүчээр үйлчилдэг зайлшгүйд хүн үл захирагдахын учир чухамдаа юув. Уйлмаар байхад инээх, зэвүүцмээр байхад дурлах, мартмаар хүнийг уяран санах, “чадахгүй ээ зовно доо” гэхэд жаргаж байх тохиолдол байдаг биш үү?
Бодит ертөнцөөс өгөгдөж байгаа мэдээлэл, сайхан муухай нөлөөллийг ямраар хүлээн авч, хэрхэн боловсруулах, уйлах инээх, өлсөх цадах хийгээд мандан буурахыг шийдэгч нууц нь чухамдаа эрдэнэт хүмүүний дотоод ухамсар, аз жаргалыг хүртэн тусгах хандлагад оршдог байж мэдэх юм.
Баян хүний зовлон эгэл нэгнийхээс өөр байж, Гэрлээгийн жаргал Туяад илүү үзэгдэн, Уурхайчин залуу хийсэн хөдөлмөрөөрөө бахдан дуу исгэрсэн шигээ амарч суух нь өөрт нь үнэхээр жаргал байхад хажуугаас нь харсан нэгэн “Яаж ингэж нухлагдаж амьдарна даа хөөрхий” гэж шимшрэхийн учир нь үүнд л оршдог байж мэдэх юм. Тэгэхээр, аз жаргал чухамдаа бодол сэтгэлээс эхтэй, амар амгалангаас улбаатай, буй бүхэнд сэтгэл хангалуун байж чадах эерэг хандлагаас үүдэдэлтэйсэнж ээ.
Задлах вий гэж түгшилгүй нууцаа дэлгэх, гологдоно гэж эмээлгүй сэтгэлээ нээхийг, өвдөхөөс айлгүйгээр ажиллаж зүтгэх, хөөгдөхгүйгээр хаалга тогших нь аз жаргал. Түрийвчиндээ 100 саяын чектэй ч баригдах вий гэсэн түгшүүртэй бол, тансаг эд хөрөнгөнд хөлбөрөн өлгийдүүлэвч, авахаасаа өгөх нь, хүнийг илүү жаргалтай сайхан болгодгийг мэдэрдэггүй бол таныг хэн аз жаргалтай нэгэн гэхсэн билээ.
Аз жаргал сэтгэлээс улбаатай, эерэг хандлагаас хамааралтай ч гэлээ энэ амьдралын эгэл өдрүүд дандаа тийм байдаггүй нь туйлаас үнэн. Заримдаа бид хань ижил үр хүүхэдтэйгээ хүртэл таагүй харьцаа, үл ойлголцолд хүрдэггүй гэж үү? Тийм үед ганцаардан гомдож, “арай ч дээ” хэмээн цөхрөн бодож, шаралхан дургүйцэж, бүр үзэн ядмаар санагддаггүй гэж үү? Эмэгтэйчүүд бид ийм үед гомдож уйлахаас өөр зүйл хийж чаддаг билүү?
Тэгвэл зүгээр л ойлголцож болох энгийн асуудлыг үл ойлголцол, хэрүүл маргаанд хүргэн дэвэргэх, эсвэл түвэгтэй зүйлийг ч хүндлэн хүлцэж, сэтгэл зүрхээрээ ойлгох хоёрын заагт харилцааны НЭГ Л ҮГ гайхалтай нөлөөлдөг. Үүнийг бид хэзээ ч анзаардаггүй бөгөөд чухам эндээс л үүдэж бүсгүйчүүд бид гомдлын нулимсанд хүрэх шалтгаан үүддэг байна. Энэ эгэл хэрнээ “ид шидэт” үгийн нууцыг дараагийн нийтлэлдээ дэлгэх болно.
Гэгээ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
