Борлогдоогүй, хугацаа нь өнгөрсөн сонин шиг хямд зүйл гэж алга. Өнөөдөр хаягдал сонинг нэг кг-ыг нь 25 төгрөгөөр дахин боловсруулах үйлдвэрүүд худалдан авдаг. Зарим нь цөөн ширхэгээр багцлан 500 төгрөгөөр борлуулдаг. Нийслэлийн томоохон захуудад ийм наймаа тасардаггүй. Зарим нь орон нутагт аваачиж худалддаг гэж байгаа.
Манайхны хийж байгаа энэ “шавьжин бизнес” энэ төрөлдөө сүүлчийн боломж ч бас биш юмсанжээ. Үүний баталгаа гэвэл Хятадын Шинжэн хотын нэг иргэн хэрийн хүний ухаанд буумааргүй санаа сэдсэнээр цөөн жилд баяжсан жишээ юм. Энэ бол хуучин сонин борлуулж, мөнгө олох санаа байсан бөгөөд “Төрсөн өдрийн сонин”-ы тусгай дэлгүүр хүртэл нээжээ.
Хятад улс 2008 оны олимпийг нийслэлдээ явуулах эрх авсны дараахан буюу 2001 оны нэг өдөр манай мэдээний баатар залуу телевиз үзэж суужээ. Олон улсын олимпийн хорооноос Хө Жин Лян гэдэг хүнд 1929 онд түүний төрсөн өдөр хэвлэгдсэн Английн “Times” сонины дугаарыг өгч явуулсан тухай телевизээр үзүүлэхэд мөнөөх залуугийн ухаанд энэ ирээдүйтэй бизнесийн санаа орж иржээ. “Сонины уг дугаарт түүний төрсөн өдөр дэлхий дахинд ямар үйл явдал болсон талаар бичсэн нь хамгийн сайхан бэлэг болсон” гэж ярьснаас санаа аваад тэрбээр хорь гаруй найзтайгаа Хятадын хотуудаар хоёр жил явж, янз бүрийн цаг үед гарсан хуучны сониноос 800 000 ширхэгийг худалдаж авч, цуглуулжээ. Ингэхдээ маш хямдаар авч чадав. Тэр энэхүү цуглуулгаараа 2003 онд “Төрсөн өдрийн сонины дэлгүүр” нээв. Хүмүүс тус дэлгүүрээс найз нөхөд, ойр дотнын хүмүүсийнхээ төрсөн өдөрт зориулан бэлэг худалдан авдаг болжээ. Наймаа ч урагштай явагдаж байв. Залуу хуучин сониндоо хэвлэгдсэн оноор нь ялгавартай үнэ тогтоожээ. Үүнд,
-1930-аад оны нэг ширхэг сонинг 998 юаниар зардаг байна.
-Мөн үеэс 1949 оноос өмнөх үеийн сониныг 798,
-1949 оны аравдугаар сарын сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны хооронд хэвлэгдсэн сонины нэг дугаарыг 398,
-1950-1959 оны хоорондох хугацааны сонинг 298,
-1960-1969 оны хоорондохыг 258,
-1970-1979 оныхыг 198,
-1980-1989 оныхыг 138,
-1990 оноос хойшихийг 88 юаниар үнэлэн борлуулж эхэлжээ. Сонирхолтой нь сониныхоо үнийг дан “найм”-ын тоогоор төгссөн мөнгөөр илэрхийлсэн нь хятадууд найман тоонд дуртайг билэгдсэн хэрэг. Хэн ч анзаарахгүй байж болох хуучин сонины бизнесээс мөнөөх залуу сард дунджаар 70 000 юанийн ашигтай ажиллаж буй аж.
Энэ бяцхан түүхээс үзэхүй мөнгө гээч юм огт байхгүйдээ биш харин мөнгө олох санаа л дутагддагаас бид бүхний орлого санаснаар болдоггүй юм байна.
