- Танд нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг Улаанбаатар хотод “Тэнгэрлэг аян” төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулан, сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг тухай сонслоо. Та энэ тухайгаа ярихгүй юу?
- Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. “Тэнгэрлэг аян” сайн үйлсийн аян зохион байгуулагдаад бүтэн жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 3-нд албан ёсоор зөвшөөрлөө авсан. Манай байгууллага эмзэг бүлгийнхэнд бодит халамж үйлчилгээ үзүүлэн, сайн үйлс, сайн дурын хүмүүнлэгийн аяныг зохион байгуулах, байгаль орчноо хамгаалах, хүүхдийн эрхийг дээдлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

-Танд төрийн бус байгууллага байгуулахад юу нөлөөлөв?
- Одоогоос арван жилийн өмнө миний бие Монгол Улсад ирж, ажиллаж, амьдарч байгаад нөхөртэйгөө хамт Украйн улсад очиж амьдарсан. Саяхан нөхөр бид хоёр дахин Монгол оронд ирээд эмзэг бүлгийнхэнд халамж үйлчилгээ үзүүлэхээр сэтгэл шулуудан ажиллаж байна. Магадгүй энэ маань Украйнд амьдарч байхдаа их зүйлийг алдаж онон, амьдралын гашуун үнэнийг нөхөр бид хоёр мэдэрч, туулсных байх. 2008 онд Украйнд хувийн бизнес эрхэлж байгаад хямралд өртөж хагас өдрийн дотор хаалгаа барих хэмжээнд хүрсэн. Сайн санаатай хүмүүсийн тусламжаар дахин хөл дээрээ босч байсан түүхтэй. Тэр өдрөөс л хүмүүс бид биедээ сэтгэлийн дэм өгч, урам хайрлах юм бол магад маргаашаа өөрчилж чадна гэдэгт итгэдэг болсон доо. Тэгээд л бид эдгээр хүмүүст бага ч болтугай амьдрах итгэл өгөхөөр ажиллаж байна.
- Танай байгууллага нийгмийн ямар хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулж байна?
- Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур иргэд, өнчин хүүхдүүдэд халамж үйлчилгээ үзүүлэх, байгаль орчинг нөхөн сэргээх тухай зөвлөмж аргачлал боловсруулах, мод тарих гэх мэт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Эдгээр үйл ажиллагаа эхнээсээ хийгдээд явагдаж байна. Мөн бодитоор хэлбэл Улаанбаатарын ойролцоо байрлах хоёр хогийн цэгт дээрх хүмүүст хоол унд өгч, олон хүүхэдтэй айлд сар бүр хоол хүнсний материал хүргэж өгөх, хувцаслах, өнчин хүүхдүүдийг хооллох зэрэг ажлыг түлхүү хийж байна.
- Одоогийн байдлаар танай үйл ажиллагаанд хэчнээн хүн нэгдэв?
- Манайх албан ёсны бүртгэлтэй 5 гишүүнтэй. Wechat цахим сүлжээгээр 500 гаруй хүн нэгдээд байгаа. Тэд бидний үйл ажиллагааг зөвөөр хүлээн авч, байнгын туслалцаа үзүүлж, идэвхтэйгээр дэмждэг. Энэ нь ганц нэг хүний хийж чадах ажил биш. Тэгэхээр ийм олон хүмүүс бидэнтэй сэтгэл нийлэн нэгдэж байгаа болохоор зоригтой, эрчтэй ажиллаж байна. Сайн үйлсийн аянд нэгдсэн ахан дүүс маань бидэнд үргэлж л хандивын хувцас хунар, эд зүйл явуулж байдаг.
- Хүмүүс ихэвчлэн юу хандивлаж байна? Хандивын бараагаа шаардлагатай хүмүүст нь ямар арга замаар хүргэж байна?
- Одоогийн байдлаар ихэвчлэн хүүхдийн хувцаснууд ирж байна. Мөн хэсэг тооны ахуйн хэрэглээний эд зүйлс, мөнгөн хандив бас ирдэг. Эдгээр эд зүйлийн ихэнх нь Өвөр Монголын ахан дүүсээс ирдэг. Манай Эрээн хотод байгаа салбарын ажилтнууд хандивын хувцас, эд зүйлийг тэнд нь бүгдийг сайхан ялгаж салган, аль болох сайнаас нь нааш илгээдэг. Мөн бид эдгээр зүйлсийг хүлээн авсны дараа хотын дүүрэг хороо, орон нутгийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн нийгэмлэгтэй холбогдож шаардлагатай хүмүүст нь тарааж өгдөг. Мөн цөөн тооны хүмүүс өөрсдөө бидэнтэй холбогдож байгаад хувцас, эд зүйлийг ирж авдаг. Харин долоо хоногт 2 удаа орон гэргүй хүмүүсийг хооллодог. Хог түүдэг хүмүүст байгаа газарт нь очиж хооллодог. Гудамжны хүмүүсийг бол тогтсон газар, тогтсон цагт нь нэг дор цуглуулан хооллодог. Будаатай шөл, цуйван, гурилтай шөл, мантуу зэрэг хоол хийдэг бөгөөд тэдгээр хүмүүсийн зарим нь бидэнд туслан хоол унд хийж, цэвэрлэгээ хийж өгдөг.
-Гэр оронгүй хүмүүстэй ойр байж, халамж үйлчилгээ үзүүлдэг болохоор хамгийн ойрын хүмүүс нь та нар болж байгаа байх даа. Эдгээр хүмүүст дахин нийгэмших, шинээр амьдралаа эхлүүлэх чадвар байна уу?
- Хэдийгээр тэд гэр оронгүй, эмзэг бүлгийнхэн гэгдэж байгаа ч, тэд бид нарын л адил хүн шүү дээ. Тэгэхээр тэдний дунд боломж гарвал сайхан амьдарна гэсэн бодолтой, итгэлтэй хүмүүс олон байдаг. Хогийн цэг дээр зүгээр ч нэг хог ухаад зогсож байгаа хүмүүс биш, мөн л амьдрахын төлөө хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Тэд гараад ажиллавал магад заримаас нь сайн хийх байх. Гэхдээ тэд ажил хайгаад ч ажлын байр олдохгүй нь харамсалтай. Амьдралын эрхэнд янз бүрийн шалтгаанаас болоод өнөөдрийн энэхүү гунигт түүхээ бичиглэсэн хүмүүс олон байна уу гэхээс яахаа алдсан хүмүүс цөөн байдаг юм шиг ээ. Тийм болохоор ийм хүмүүст боломж байх л юм бол нийгэмших байтугай илүү ихийг хийж бүтээх чадварлаг хүмүүс бий. Хамгийн чухал нь энэ бүлгийн хүмүүс хүний мөсөө алдаагүй, бие сэтгэл нь ариун байдаг санагддаг.

-Та бүхний хувьд байгууллагаа хэрхэн санхүүжүүлэн, төсөв төлөвлөгөөгөө тогтоодог вэ?
- Манай байгууллагын хувьд гадны санхүүжилт гэж бараг байдаггүй. Анхнаас нь бид өөрсдийн хөрөнгөөрөө л байгууллагаа үүсгэн байгуулсан. Одоохондоо бол өөрсдийн хөрөнгө мөнгөнөөс гадна бусад хүмүүсийн нэмэр хандиваар хүмүүст тусалж байна. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандивын эд зүйл тасралтгүй ирдэг болохоор тэр бүхнийг хүргэх ёстой газар нь хүргээд явж байна. Саяхан гэхэд л Шулуунхөх хошуунаас 13 мянган юань, 2 гэр, ахуйн хэрэглээний эд зүйлс гээд хандивууд ирсэн. Ихэнх нь Өвөр Монголын ахан дүүсээс ирдэг.
-Энэ жилийн хувьд хэчнээн хүмүүст туслалцаа, дэмжлэг үзүүлэв?
- 4000 гаруй хүүхдийг хувцаслаж, 5000 гаруй хүмүүсийг хооллолоо.
-Энэ хооронд та бүхэнд хүнд хэцүү, үл ойлголцох асуудлууд гарч байсан уу ?
- Мэдээж асуудлууд гарна л даа. Гэхдээ бид ашиг харж, амьдарч байгаа биш болохоор энэ бүхнийг нэг их тоодоггүй. Гомдох, гоморхох үе ч байдаг. Аль болох зөв ойлгуулахыг хичээдэг. Бид нар ямар нэгэн үзэл суртлын төлөөлөл биш сайн үйлсийн аянд сайн дураараа нэгдэж байгаа л хэрэг.

- Өнөө цагт хүмүүс хоорондоо ялгаж салгаж харьцдаг болсон гэж байгаа. Энэ тухай та ямар бодолтой явдаг вэ?
- Харин тийм ээ. Одоо ч хүмүүс бие биенээ сайн муу, сайхан муухай, баян ядуу гээд зэрэг зиндаагаар хуваан харьцдаг болжээ. Нэг жишээ хэлэхэд, би нэг танилаа хуучин хувцас байвал хандивлаарай гэхэд, би тэдгээр буянгүй хүмүүст юмаа өгөхгүй, буян буурна гэсэн. Энэ үгийг сонсоод маш их цочирдсон. Харин ядарч яваа хэн нэгэнд хувцсаа өгч, дулаан өвөлжүүлснээр буян болох юм биш үү. Бидний амьдрал мөнх биш учир зөвхөн амин хувиа бодон амьдрах бус хажууд байгаа нэгнээ өргөж тэтгэн өөд татаж явах л ёстой гэж боддог.

- Дараа дараагийн удаад ямар төсөв төлөвлөгөө тавин ажиллаж байна ?
- Ирэх онд халуун усны сантай, хоолны газартай, хувцасны өрөөтэй сайн дурын үйлчилгээний газар байгуулах бодолтой байгаа. Тухайлбал хүмүүс ирээд хүссэн үедээ усанд орж, хоол идээд, хувцсаа солиод сэтгэл хангалуун явах нөхцөл бололцоог бий болгохоор ажиллаж байна. Бас жижиг үйлдвэр үйлчилгээний төв байгуулан хүмүүсийг ажлын байраар хангах бодолтой байна.
- Цаг заваа гарган ярилцсанд баярлалаа. Ажил үйлс тань үргэлж өөдөө бүтэмжтэй байх болтугай.
- Та бүхэнд ч баярлалаа.
