solongonews
Мөрөөдөл хөврүүлсэн хөдөө нутаг
2025-01-27 11:16
Мөрөөдөл хөврүүлсэн хөдөө нутаг.

Хөдөө орон нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэх явцад хилийн чанадаас буцаж ирсэн "шинэ тариаланчид" алсын хараа, бүтээлч санаагаараа нутгийнхаа хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологийг уялдуулан хөгжүүлж байна. Тэд уламжлалт хөдөө аж ахуйн нөөц бололцоог гүн гүнзгий ашиглаж, шинэ технологийг идэвхтэй ашиглан, ухаалаг, автоматжуулсан аргаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарал хандуулсан байдаг. Цаашид соёлын аялал жуулчлалын салбартай нэгдэж хөгжих нь тариаланчдад орлогоо нэмэгдүүлэн, баян чинээлэг амьдралтай болоход зорилго тавьсан байдаг билээ.

Оюутан тариаланчид

1999 онд Ү Чаофэн Фүжөүгийн их сургуулийн санхүүгийн менежментийн мэргэжлээр төгсөөд Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуульд үргэлжлүүлэн суралцахаар Япон руу явсан юм.

- Энэхүү гадаадад суралцсан туршлага хөдөө аж ахуйн тухай мэдлэгийг маань улам баяжуулж, цаашдын бизнес эрхлэх баттай суурийг тавьсан гэж Ү Чаофэн хэлэв. Иргэдийн амьжиргааны түвшин сайжрахын хэрээр байгаль орчин, хүнсэнд тавигдах шаардлага цаашид улам өндөрсөж, нэн олон боломж бий гэж Ү Чаофэн үзсэн байна.

Ү Чаофэн докторын зэрэг хамгаалсны дараа Японы зэрлэг ногооны клубт амжилттай элсэн орж, органик хүнсний ногоо тариалахад бүх хүчээ зориулжээ. Фүжянь мужийн Жиньжян хотын боловсон хүчнийг  нэвтрүүлэх бодлогоос санаа авсан Ү Чаофэн 2012 онд Хятад руу буцаж бизнес эрхлэхээр шийдэж, гэр бүлийн болон гадаадад сурч, ажиллан байхдаа хуримтлуулсан мэргэжлийн мэдлэгтээ тулгуурлан органик хүнсний ногооны тариалалтад анхаарлаа хандуулж, илүү эрүүл хүнсний ногоог хэрэглэгчдийн ширээнд хүргэхээр хичээн ажилласан байна.

Тухайн үед Хэбэй мужийн Ван Юй ч хувийн бизнес эрхлэх гараагаа эхлүүлжээ. Тэрээр Калифорнийн их сургуулийг дүүргэж, АНУ-д олон улсын худалдааны чиглэлээр ажиллаж байжээ. Найз нөхдөөсөө урам зориг авч Хятадад бизнес эрхлэхээр буцаж ирээд шүүслэг ургамлын шинэ салбар руу анхаарлаа хандуулсан байна. Ван Юй:

- Тэр үед шүүслэг ургамал мод болох хандлага улам бүр нэмэгдэж, хэрэглэгчид ургамлаар гэр орноо гоёж, албан байгууллагаа чимэглэхэд ашиглаж болдог учир залуучуудын таашаалд хүрсэн байдаг.

Жэжян мужийн Ханжөү хотын Линьпин дүүргийн Танчи балгасанд байрладаг Күн Чюе фермийн эзэн Канадаас буцаж ирсэн Жэн Зэчюй дэлхийн 30 гаруй орноор аялсны дараа аялал жуулчлал, зочид буудлын менежментийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулаад зогсохгүй, хөдөө аж ахуйг ихээхэн сонирхож эхэлсэн байна. 2018 онд тэрээр гадаад дахь ажлаасаа гарч, эх орондоо буцан ирж, "шинэ тариаланчид"-ын багт нэгдсэн юм.

Ү Чаофэн Фүжянь мужийн Дэхуа шяны будаа тариалах баазад.Зургийг Ү Чаофэн хангав.

- Орчин үеийн нийгэм хурдацтай хөгжиж байгаа ч олон хүүхэд байгалиасаа аажмаар хөндийрч, байгальтай ойртох боломжоо алдсаар байна гэж Жэн Зэчюй хэллээ.

2020 онд Жэн Зэчюй олон жилийн турш эзгүй орхигдсон Күн Чюе экологийн фермийг байгуулан өөрчлөн сайжруулж эхлэв. Тэрээр:

 - Байгуулагдаад байгаа хэдэн экологийн фермүүд нь хоол хүнсний салбарт голчлон анхаарч, хөдөө аж ахуй, байгаль орчны хоорондын зохицолтой симбиозын тухай ойлголтгүй байсаар байна. Би өөрийн фермээр дамжуулан хүүхдүүдэд байгальд ойртож, хөдөө аж ахуйтай танилцах платформоор хангана гэж найдаж байна гэж ярилаа.

Хөдөөгийн үзэмжийг хот руу

Сүүлийн жилүүдэд Ү Чаофэн органик хөдөө аж ахуйд анхаарлаа хандуулахын зэрэгцээ "хотын тариачин" болж, "хөдөө аж ахуй + байгаль орчин", "хөдөө аж ахуй + урлаг" гэсэн ойлголтуудыг дэвшүүлж, хөдөө аж ахуйг орчин үеийн хотын амьдралтай цаашид уялдуулах оролдлого хийжээ. “Орчин үеийн хүмүүсийн амьдрал материаллаг түвшнээс оюун санааны түвшинд шилжсэн тул хөдөө аж ахуй ч мөн үүний дагуу өөрчлөгдөх ёстой"

Хөдөө аж ахуйг хэрхэн илүү гоё үзэсгэлэнтэй, амьд дүрслэг болгох вэ гэдэг нь Ү Чаофэний хувьд гол сэдэв болжээ. Хөдөө аж ахуйг хотын амьдралтай нэгтгэх хүсэл мөрөөдлөөр хотын оршин суугчдад хотод амьдарч байвч байгалийн сайхныг сонирхож болох боломж олгож, хөдөө нутгийн үзэмжийг хот руу "нүүлгэх"-ээр сэтгэсэн байна.

Энэ зорилгодоо хүрэхийн тулд Ү Чаофэн хөдөө аж ахуйг байгаль орчны урлаг, архитектурын ландшафттай гүн гүнзгий уялдуулах зорилготой үүсгэн байгуулсан. Тэрээр дээвэр дээрээ экологийн ферм байгуулах, ургамлын ханын ногоон байгууламж, оффисын экологийн ногоон байгууламж зэрэг олон шинэлэг төслүүдийг төлөвлөн хэрэгжүүлж, уламжлалт оффисын орчинд илүү "ногоон" мэдрэмж нэмсэн юм.

Хэбэй мужийн Ханьдан хотын Чюйжөү шяньд шүүслэг тариалангийн талбайг өргөжүүлэхээр зорьж буй Ван Юй дагалдах бүтээгдэхүүн болон туслах бүтээгдэхүүнийг мөн идэвхтэй хөгжүүлж байна. Мэргэжлийн дизайны инновацын багтай хамтран ажиллахдаа тохиромжтой шүүслэг ургамлын сагс, ургамлын гэрэл зэрэг 40 гаруй шинэлэг бүтээгдэхүүнийг амжилттай зохион бүтээснээс арав гаруй нь үндэсний патент авчээ. Эдгээр бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр шүүслэг ургамлын өсөлтийн орчин сайжирч, гоёл чимэглэлийн нөлөө сайжран, гэрийн тариалалт илүү тохиромжтой, тав тухтай болсон.

Ван Юй Хэбэй мужийн Ханьдан хот дахь шүүслэг ургамал тариалах бааз дээр.Зургийг Ван Юй хангав.

Ван Юй Хятадын Хөдөө аж ахуйн их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахын тулд тэрээр хөдөө аж ахуйн мэдлэгээ байнга дээшлүүлдэг. Мэргэжилтнүүдийн удирдлага дор Ван Юйгийн баг хөрсний микроэлементийн найрлагыг сайжруулж, өвөрмөц хэлбэр дүрстэй, шинэхэн шүүслэг сортуудыг гаргаж авсан байна.

- Мөн шүүслэг ургамал тарих ажлыг соёлын болон бүтээлч бүтээгдэхүүн, экологийн тавилгатай хослуулж, шүүслэг ургамлын экологийн кофе ширээ, цайны ширээ зэргийг бүтээж, шүүслэг ургамлыг олон өрхөд танилцуулж, гэрийн чимэглэлийн нэг хэсэг болно гэж найдаж байна гэж Ван Юй хэлэв.

Жэн Зэчюгийн үзэж буйгаар уламжлалт газар тариалангийн туршлага нь хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахгүй болсон юм. Тэрээр цэцэрлэгт хүрээлэнг иж бүрэн сэргээн засварлан шинэчилж, өхөөрдөм тэжээвэр амьтад, эцэг эх, хүүхдийн боловсрол, шувууны аж ахуй, загасны аж ахуйг нэгтгэсэн бүс болгон хувиргажээ. Тариалангийн талбайг стандартчилахаас эхлээд усны системийн ландшафтын шинэчлэл, амралт зугаалгын байгууламж зэрэг төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх хүртэл Жэн Зэчю бүхнийг өөрөө төлөвлөн хийсэн. Тогос, буга болон бусад амьтдыг нутагшуулж, фермийг илүү онцлогтой болгосон. Жуулчдад зориулж гүзээлзгэнэ, лууны жимс болон бусад халуун орны жимсийг тарьж түүж, амтлуулах үйлчилгээ ч үзүүлсэн байна.

Хүүхдүүдийг байгальтай улам сайн ойртуулахын тулд Жэн Зэчю цэцэрлэгт хүрээлэнд төрөл бүрийн зугаа цэнгэлийн хэрэгслээр тоноглогдсон хүүхдийн чөлөөт цагаа зөв, зугаатай өнгөрүүлэх газрыг тохижуулжээ. Тэрээр:

- Эцэг эх, хүүхдүүдэд зориулсан фермд илүү их эрч хүч, боломжуудыг оруулна гэж найдаж байгаа бөгөөд эдгээр засвар, шинэчлэл бүгд бидний шинэ оролдлого юм гэж ярилаа.

Баян чинээлэг зүг Хамтдаа

Хөдөө орон нутгийн иж бүрэн сэргэлтийг дэмжих нь уламжлалт хөдөө аж ахуй, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн нягт уялдаатай салшгүй холбоотой.

- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн уламжлалт аргууд нь хязгаарлалттай байдаг бөгөөд технологийн шинэчлэлээр ухаалаг, автоматжуулсан хөдөө аж ахуйд хүрэх нь бидний хувьд маш чухал. Ү Чаофэн хүнсний ногоо тариалах технологийг судлан хөгжүүлж, сурталчлахад анхаарч, цаашид үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэн, зардлыг бууруулна гэж найдаж байна. Би Жиньжян нутагтай хүний хувьд өөрийн хүчин зүтгэлээр хотын хөдөө аж ахуйн хөгжилд хувь нэмрээ оруулж, хөдөө орон нутгийн хөгжлийг цаашид дэмжинэ. Хөдөө аж ахуйг орчин үеийн технологи, соёл урлаг, аялал жуулчлал болон бусад үйлдвэрүүдтэй органик байдлаар нэгтгэж байж л тариачид орлогоо илүү сайн нэмэгдүүлж, баян чинээлэг болно гэж тэрээр үзэж буйгаа илэрхийллээ.

Жэн Зэчю мөн шинжлэх ухаан, технологийн хөдөө аж ахуйг сайжруулах зорилго тавьжээ. Тэрээр өөрийн фермээ технологид суурилсан нүүрстөрөгчийн хий бага ялгаруулдаг үйлдвэр болгон байгуулж, тариалалтын технологийг сайжруулах, фермийн цар хүрээг тэлэх, хүлэмжийн технологийн агуулгыг нэмэгдүүлэх зэргээр олон хүүхдийг татан оролцуулахаар төлөвлөж байна. Ийм шинэлэг арга хэмжээнүүд нь хөдөө аж ахуйн нэмүү өртгийг нэмэгдүүлээд зогсохгүй, хүүхдүүдэд хөдөө аж ахуйг илүү зөн совингоор ойлгох индэр болгож чадна гэж үзэж байна.

Ван Юй багийнхантайгаа хамт олон удаа судалсны эцэст шүүслэг ургамлыг ургуулах шинэ технологи болох саравчийг судалжээ. Энэхүү технологи нь газрын ашиглалтыг сайжруулж, тариаланчдад жил бүр 20,000 гаруй юаниар орлогоо нэмэгдүүлэхэд тусалдаг. Энэхүү амжилт нь түүнд урам зориг өгч, Ван Юйг шинжлэх ухааны хөдөө аж ахуйг үргэлжлүүлэн хөгжүүлэх итгэлийг нь бэхжүүлсэн юм.

Жэн Зэчюй ферм дээр жуулчдад кофе хийж өгч байгаа нь.Зургийг Жэн Зэчюй хангав.

Шүүслэг жимс худалдан авдаг гол бүлэг нь залуу хэрэглэгчид бөгөөд илүү борлуулахын тулд Ван Юй өндөр цалинтай мэргэжлийн шууд нэвтрүүлгийн багийг хөлсөлжээ. Ингэснээр Чюйжөүгийн соёлын элементүүдтэй шууд нэвтрүүлгийн платформ байгуулж, тариаланчдыг сурган, онлайн шууд нэвтрүүлэг хийх зэргээр дамжуулан онлайн борлуулалт хийсэн байна. Энэ нь 1300 гаруй хүнийг шууд нэвтрүүлэгт оролцуулж, онлайн үйл ажиллагаанд оролцоход хүргээд зогсохгүй, Чюйжөүгийн шүүслэг ургамлыг хүмүүст сурталчлан танилцуулсан юм.

-Тариаланчид бидэнд түшдэг гэхээс бид тэдэнд нэн илүү ихээр түшиглэдэг. Хамтын ажиллагаа маш чухал. Манай компани бүтэн жилийн турш "шинэ тариаланчид"-ыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж, худалдан авах үйлчилгээ үзүүлдэг. Компанийн өнөөгийн хөгжил нь бодлогын дэмжлэг, тариаланчдын хамтын ажиллагаа, дэмжлэгтэй салшгүй холбоотой. Бүгдээрээ хамтдаа баян чинээлэг, сайхан амьдарцгаая л гэж боддог. Энэ нь бизнес эрхлэгч бидэнд хамгийн сайхан аз жаргал бэлэглэсэн юм гэж Ван Юй хэлэв.

 

 

 

 

 

Зохиогч: СҮНЬ ЯХҮЙ,ЖЭНЬ ВЭНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл