Аз жаргалын цэцэг
2015-12-28 18:21
Аз жаргалын цэцгийг бид өөрсдөө ургуулж, дараа нь өөрсдөө үгүй хийчихдэг. Голдуу хэн нэгнийх нь бодлогогүй хийсэн жаахан алдаанаас болж энэ нандин зүйл хатаж гандах нь олон ч яах ч аргагүй нөхцөл байдлаас болж Аз жаргалын цэцгийн дэлбээ хийсэн одох нь даанч харамсалтай...
Миний амьдралд ийм л харамсалтай зүйл тохиолдсон ч дараа нь бодоход нэгэн сайхан дурсамж зүрх сэтгэлд минь гэгээнээр бас тод томруунаар үүрд үлдэждээ. Хайр гэдэг өчүүхэн зүйл, дурлал бол бүүр ч хий хоосон... Харин үнэ цэнэ гэдэг бол насан туршын итгэл найдвар, зүрх сэтгэлийн тэмүүлэл гэдгийг би ухаарч сууна. Хүн амьдралдаа хайртай учирдаг ч цаг хугацааны эрхэнд бүдгэрч мартагддаг бол үнэ цэнийг нь олж харсан үед цаг хугацаанаас үл хамаарч, итгэл найдварын дулаахан элчээр намайг хаа нэгтэйгээс төөнөсөөр байдаг.
Хүн болгон өөр өөрсдийн үнэ цэнэтэй.... Өөрийнхөө үнэ цэнийг одоохондоо олж мэдээгүй ч хүмүүс байдаг. Хайртай тэр маань ч өөрийнхөө үнэ цэнийг гүйцэт ойлгоогүй л явсан. Гэхдээ чин сэтгэлээсээ би түүнийг хайрлаж байсан болохоор үнэ цэнийг нь хэнээс илүү мэдэрсээн. Ямар ч тохиолдолд түүнийг үнэлэх миний үнэлэмж алга болоогүй.
Надад муухайгаар хандаж, өдөр бүр гомдоох үг хэлдэг ч би уучилсан, түүнийг бусад хүмүүс сайн эсвэл муухайгаар ярьж, хүн болгон л түүнийг гэх үед тэр миний уйтгарт харц, гунигтай царайг анзаарахаа больсон ч миний хувьд зүрх сэтгэлийн эрх бяцхан гүнж минь хэвээрээ л байсан. Эмэгтэй хүн бүрийн сэтгэлд эрх бяцхан гүнжийн дүр байдаг гэж би хувьдаа боддог. Бид хамтдаа аз жаргалтай байх үед түүний минь юунд ч санаа зоволгүй инээмсэглэх, эрхлэх дүр яг л жаахан хүүхэд мэт эгдүүтэй...
Яг одоо чи минь үүнийг уншиж байгаа бол хэн нэгний хувьд чи хэзээ ч үнэ цэнээ алдахааргүй ариун нандин дурсамжийг бий болгосон гэдгийг хэлмээр байна. Сэтгэл гонсойлгон, зүрх зүсэх мэт намайг гомдоох үгсээ надад чи хэлээд “баяртай” гээд явахтай чинь адил алга болоогүй юм шүү. Үнэ цэнэ гэдэг зүйл нүдэнд харагдах, гарт баригдах, чихэнд сонсогдохоос илүү түүний зүрх сэтгэлд оршиж, ямар ч цаг хугацаанд хуучирч гандаагүй...
Аз жаргалынхаа цэцгийг бид өөрсдөө л бий болгож, сэтгэлээсээ хайрлан ургуулсан. Цэцэг маань дэлбээгээ нээж, биднийг хайраар бас аз жаргалаар ч мөн адил гэрэлтүүлсэн. Хэзээ нэг өдөр энэ нандин дэлбээг өөрсдийнхөө гараар тасдана гэж даанч бодолгүй, эрх дураараа тэнгэрт дүүлэн нисдэг байждээ. Анхнаасаа энэ цэцгийг соёолуулах хэрэггүй байж гэж хэн хэнд маань бодох үе байсан л байх. Гэхдээ тийм бишээ. Миний хувьд бол чи минь ганцхан... Хаанаас ч хайгаад, хүсээд ч олохгүй нандин эрдэнэ минь байсан. Амьдралд минь цор ганцхан тохиох чи минь л байсан болохоор энэ аз жаргалын цэцэг дэлбээлсэн. Тиймээс энэ цэцэг миний амьдралд цор ганцхан гэдэгт би эргэлзэхгүй байн. Чи минь энэ цэцгийг олон дахин тасдсан ч сэтгэлдээ би эвлүүлсээр, хайрласаар л байх болно...
Захидал бичсэн
Our ♥ space
2015.02.14
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
