solongonews
Хүүхдээ 2 нас хүртэл нь хармаар байна
2015-12-28 18:21
Ингэж боддог ээжүүд надаас гадна олон арваараа байдаг гэдэгт итгэлтэй байна. Гэвч бидний бодол мөрөөдлөөс цаашгүй өнгөрдөг нь харамсалтай. Олонх нь сайндаа л хүүхдээ 6 сар хүргээд эргээд ажилдаа орцгоодог биз.
 
Би анхны хүүхдээ 6 сар гарантай байхад нь ажилдаа орсон. Байрны лизинг, хоол унд, өмсөж зүүх гээд айлын хэрэглээ ямар барагдах биш. Нөхрийн минь цалингийн 70 хувь нь байрны зээлэндээ явдаг. Үлдсэн жаахан хэсэг нь хоол унд болоод дуусдаг байлаа. Тиймээс л би ажилдаа тийм эрт орсон юм. 
 
Бидний хоёр дахь хүүхэд саяхан мэндэллээ. Би дахиад л гэртээ хэсэг хугацаанд суух болоод байна. Энэ хооронд дахиад л санхүүгийн бэрхшээл үүсэх нь. Нөхрийн цалингаар дөрвийн дөрвөн хүн амьдрах болоод байдаг. Гэтэл тэр цалингийнх нь 70 хувь нь байрны зээлэнд явж, үлдсэн хэсгээр нь дөрвөн хүн амь зуух хэрэг гараад байдаг.
 
Ингэхээр би хоёр дахь хүүхдээ 6 сар хүргэж байж л ажилдаа орох ээлжит сонголт тулгарч байна. Уг нь эх нь хүүхдээ 2 нас хүртэл нь харвал хүүхдийн эрүүл мэнд, бойжилт хамаагүй сайн байдаг гэж хаанаас ч билээ дуулсан юм. Нээрээ л ажилдаа яваад ирэхэд хүү минь шинэ юм сурчихсан, шинэ шинэ авиа гаргадаг болчихсон байж билээ. Би тэр бүхний анхны гэрч нь байж чадаагүй.
 
Одоо бага хүүхдээ 2 ой хүртэл нь харж түүнийхээ анхны бүхэнтэй хамт байхсан гэж мөрөөдөх юм. Даанч санхүүгийн нөхцөл байдал ээжүүдийг хүүхдээ хэтэрхий багад нь ажил хөдөлмөр эрхлэхээс аргагүй байдалд хүргэж байна. 
Ядаж л хүүхдээ 2 нас хүртэл нь харвал тэр хооронд хүүхэд хүссэн үедээ хөхөө хөхөж, ээжийнхээ хайр халамжаар дүүрэн торних сон. Над шиг ийм бодолтой ээжүүд зөндөө л байгаа байх. Бидэнд ямар боломж байна вэ. Монголжингоогийн ээжүүд маань ямар бодолтой байна вэ. 
 
Хүүхдээ 2 нас хүртэл нь харъя гэхэд бидэнд үнэндээ санхүүгийн боломж алга. Сар бүр өгдөг 40 мянган төгрөг нь хүүхдийг ой дөхөхөд нь олголт нь зогсчихдог. Тэгээд л сар бүрийн 20 мянгаас өөр санхүүгийн хөшүүрэг бидэнд алга. Ядаж сарын хүнсний хэрэглээний зардалтай тэнцэхүйц тэтгэмж олгодог байсан бол хүүхдээ санаа амар гэртээ харах л юм. Даанч одоо хүртэл тийм боломж бололцоо нь алга. Яавал дээр юм бол...
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл