solongonews
Мэлмий баясгаж сонор мялаагч ардын дууны ханхүү
2025-01-22 16:44
МУСТА, дуучин Б.Алтанжаргалтай ярилцлаа.

     “Ундааны дээд архи, идээний дээж сархад” гээд л хуран сууж, хурим найр болоход хундага өргөн, хуур дуу хөглүүлэх нь үндэстэн ястан ялгалгүй хүн ардын маань зан биз ээ. Харин балчир багаасаа найрын дуу, тэр байтугай “архины дуу” гээд ойлгочихсон нэгэн аялгуу, Өвөр Монголд хүн болгон бараг бүгд аялчихдаг “Алтан хундага” дууг гэнэт нэг удаа ой санамжид минь байдаг тэр л мэдрэмжээс шал өөрөөр сонссон нь Алтанжаргалаас үүдэлтэй. Тэгээд л энэ дуучинд сонирхол төрж, дуулсан дуу болгоныг нь хайж сонсон, ардын дууны далай санд эргэж буцалтгүй шумбаж өдгөөг хүрлээ. “Ардын дууны Алтанжаргал” гэгдэх нэр нь хүртэл яруу сонсогддог, өөрийнх нь үгээр бол “Нүүдэлчин угсааны уран бүтээлүүдийг хойч үедээ түүчээлэх эрхэм үүрэгтэй ажил хийж яваа” энэ эрхэмтэй ярилцах юмсан гэж олон сар бодож явсны дүнд 2024 оны сүүлийн сард хүсэл маань биелсэн билээ.

- “Ардын дууны Алтанжаргал”-ыг хайрлаж хүндэлж, дууг нь сонсож тайтгардаг олон мянган Өвөр Монгол фенүүдийнх нь нэгэн төлөөлөл миний бие энд сууж байна. Тэгэхээр саяхан болсон “Хурмаст тэнгэр” тоглолтынхоо тухай мэдээлэл өгнө үү?

- Уран бүтээлч хүн, тэр дундаа нүүдэлчин угсааны уран бүтээлүүдийг хойч үедээ түүчээлэх эрхэм үүрэгтэй, хариуцлагатай ажил хийж явдаг гэж үздэг. Энэ дундаа ямар нэгэн зүйлээр буруутгаж, үндэсний дуу хуур нүүдэлчин ахуй соёлын сан хөмрөгийг гажуудуулах вий гэдгээс маш их эмээж явдаг. Болж өгвөл жил болгон илүү олон олон уран бүтээл хүргэж явах юмсан гэдэг эрхэм зорилготой.

Дуучин Батцэцэглэнгийн хамт “Хурмаст тэнгэр” тоглолтоо Соёлын төв өргөөнөө зохион байгуулсан. Ардын богино дуунд ихэвчлэн хосоороо дуулах дуу байдаг. Тэдгээрээс тэр болгон дуулагддаггүй дуунууд, хоршил байж болохуйц, тэртээ цагаас өнөөдрийг хүртэл хосоороо дуулагдаж байгаа дуунуудыг сонгон авч дуулсан. Тоглолтоо хоёр хэсгээс бүрдүүлж, эхний хэсгийг Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамтран, хоёр дахь хэсгийг тайз, өнгө дэлгэцийн хувьд арай өөр шийдлээр авч үзэхийг хүссэн. Өөрсдийнхөө зорьсон хэмжээнд хүрч чадаагүй ч гэсэн бас тодорхой хэмжээгээр амжилттай болгосон.

- Өвөр Монголчуудын хувьд Алтанжаргалыг “Алтан хундага” дуунаас салгаж ярих аргагүй гэж хэлж болно. Тэгэхээр энэ дууг дуулах болсон түүхийг сонирхъё?

- Миний хүүхэд байхын хүсэл. Лхасүрэн гуай дуулж байхыг анх сонсон. Тэгээд энэ дууг дуулах юмсан гэж олон жил бодсон. Мэдээж, хоолойн өнгөний хувьд Лхасүрэн гуайг хараахан яаж гүйцэх вэ. Миний хувьд маш их зүйлийг тэр хүнээс олж авсан гэж хэл болно.

Ер нь найрын ширээний дуу гэж ямар байх ёстой, хүмүүст найрлах сайхан сэтгэгдлийг төрүүлэхийн тулд яаж дуулах ёстой гэдэг байдлыг бас нэлээд их судалж бодсон. Дуу, дуучид огтлолцох тийм цаг байсан юм байна. Шилийнгол аймгийн Зүүн Сөнид хошууны Цэвэрцэцэг гэдэг дуучинтай хамтарч дуулсан.

- Ардын дуу гэдэг нутгийн өнгөтэй юм шиг санагддаг. Ямар утгатай вэ гэхээр уул ихтэй газрын дуу нугалаа олонтой, тал шил нутгийн дуу урт түрлэгтэй гэдэг ч юм уу. Тэгэхээр дээр үеийн ардын дуу бараг адилхан үгтэй хэрнээ нутаг нутагт арай жааханн ялгаатай дуулагддаг. Та олон нутгийн дуунуудыг дахин амилуулж дуулсан хүн. Хүний нутгийн дууг дуулахад дуунаасаа гадна тухайн нутгийн ёс заншил, түүх соёлыг нь бас харгалзах шаардлага гардаг байх? Дууныхаа түүх, дуулагдах цээр ёстой нь танилцах гэх мэтчилэн. Тэгэхээр та дуугаа дуулахаас өмнө хэр их судалгаа хийдэг вэ?

- Мэдээж тухайн дуу аль цаг үеийн дуу байх уу, тодорхой бичиж тэмдэглэж үлдээсэн зүйл байгаа юу гэх мэтчилэн судална. Ардын дуу ихэвчлэн домгоос сэдэвтэй байдаг. Зарим нь бодитой үлгэр түүхтэй, жишээ нь “тийм хүн тэгж явахдаа дуулжээ” гэх мэтчилэн. Үнэхээр бичиж тэмдэглэсэн зүйл олдохгүй байвал тэр дууны үгэнд ямар юм гарч байна, жишээ нь хайлаас гэдэг үг байвал хайлаас ер нь хаана ургадаг вэ, ямар голын тухай дуулаад байгаа, тухайн дууны өнгө донж нь аль зуунд хамаарагдахаар байна гэх мэтчилэн байдлаас авч үзэж, олон талаас нь харьцуулж судална.

Дууг зүгээр нэг хүн дуурайж дуулах биш, тодорхой цаг үеийг нь олж, бүтээж гаргана гэдэг бол хэцүү. Тэгээд нөгөө талаасаа бид чинь хөдөө ахуйтай хүмүүс шүү дээ. Хөдөө өссөн хүмүүст илүү давуу талтай. Үндэсний соёл, ардын дуу хуурыг дэлгэрүүлж, дуулах уран сайхны мэдрэмж нь илүү. Тодорхой дууны сэдвийг бодоход л хөдөө тал нутаг, уул хангайтай газар байдаг бол тэр сайхан уул хангай, багадаа морин дэл дээр давхиж явсан тэр бүхий л зураглал сэтгэлд орж ирнэ. Ээж аавын, өвөө эмээгийн, наадамд цуг явж байсан, магадгүй хүүхэд насны хөөрхөн бяцхан дурлал байдаг ч юм уу гэх мэтчилэн олон сайхан амьд зураглал байж болно. Тийм учраас тэр дуу сайхан бүтдэг байх гэж боддог.

- Манай нэг найз бас таны үнэнч фэн. “Ардын дуу аялах нь бүү хэл, сонсох ч сонирхолгүй надад ардын дуу гэдэг чинь ийм утга агуулгатай, увдистай гэдгийг дуу хоолойгоороо мэдрүүлсэн” гэж таныг дүгнэж байсан. Ийм хүмүүс манай найзаар зогсохгүй олон. Энэ бол ардын язгуур урлагийг түгээн уламжлах тал дээр таны гаргаж байгаа гавьяа зүтгэл гэж хэлж болно. Ер нь язгуур соёлын уламжлалд ямархан хувь нэмэр оруулахыг хүсдэг вэ? Ямар бодитой ажлуудыг хийж явна вэ?

- Монгол ардын дуу, тэр дундаа 14 угсаатан ястны ардын дуунуудаас тэр бүр дуулагддаггүй, тодорхой цаг үед дуулагдаж байгаад зогссон, эсвэл одоо хүртэл дуулагдаж байгаа дуунуудаас 14-ийг сонгон авч, цуврал нэвтрүүлэгтэй, цомогтой, тоглолттой бүтээх ажил хийхээр төлөвлөж, мөн хийж эхлээд байна.

Энэ дундаас маш өргөн дэлгэр, тансаг хэрэглээтэй, дуу урлагийн түвшинд ч гэсэн маш үзэсгэлэнтэй дуу хууртай Үзэмчин ястнаас эхлэхийг хичээж байна. Үзэмчид гэдэг бол хэдийнээсээ эрдэнийн дээдийг хэрэглэдэг байсан ард түмэн, одоо ч гэсэн хэрэглэсээр байна. Хувцас гоёлын хувьд үнэхээрийн гайхамшигтай, дуу хуурын хувьд тэр эдлэл хэрэглэл шигээ дэлгэр сайхан дуунуудтай ард түмэн. Юутай ч зүйрлэшгүй уран тансаг ардын дуунуудыг яаж улам сайхан болгож, хүнд хүргэх үү гэдэг уран бүтээлчээс л хамаарна.

- Та ямар ч үед нүүрийн баясгалантай дуулж, түүгээрээ хүмүүст хүчтэй гоё энерги өгдөг. Тэгэхээр тайзандаа зориулж ийм инээмсэглэсэн царайтай болсон уу, эсвэл төрөлхийн баясгалантай царайтай хүн үү?

- Төрөлхийн бол биш. Уран бүтээлч хүн гэдэг хүмүүст гоо зүйн мэдрэмж өгөх ёстой. Шаналал гашуудалтай дууг заавал дүрд нь орж хямраад дуулах хэрэггүй гэж боддог. Ягаад гэхээр ямар ч нөхцөлд тийм жижигхэн гэрэл гийж л байгаа. Тэр гэрлийг л би дуулах гэж хичээдэг. Тэгэхээр инээмсэглэх л ёстой гэж ойлгодог.

Зохиогч: Ярилцсан: С.УРЬХАН, Э.ТЭРГҮҮН, С.САРАНЧИМЭГ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл