solongonews
Аз жаргал хаанаас эхэлдэг вэ?
2015-12-28 18:21
Үр хүүхдээ анхнаас нь л эрүүл сайхан орчинд өсгөе гэвэл яг одооноос эцэг эхчүүд болсон бид анхаарах хэрэгтэй юм шиг. Ингэж байж л тэд маань бусдад хайрлагдаж, хүний итгэл дааж сурч, мөнгөөр биш сэтгэлээр амьдралд хандах ухаанд суралцах байх гэж найдах юм.
Хүний амьдралын бал бурам, үнэ цэнэ чухам юунд оршдог юм бол. Энэ асуултад олон хүн хариулт бодож олсон байдаг ч тэр нь амьдралд зуун хувь биеллээ бүрэн олдоггүй. Бусад хүмүүсийг харж байхад олонх нь аз жаргалыг мөнгөнөөс, нөгөө хэсэг нь сайхан унаа тэрэгнээс, эсвэл гоо үзэсгэлэнгээс гээд өөр өөрөөр тайлбарлаж байна. Тэгэхээр энэ бол эцэс төгсгөлгүй асуулт, хариулт юм шиг. 
Гэхдээ олонх хүмүүсийг харахад аз жаргал гээч нь гэр бүлийн уур амьсгал, гэр бүлийн харилцаанаас эхэлдэг шиг санагдах боллоо. Ээж, аав нь нэгнээ хүндэлдэг айлд өссөн хүүхэд бусдыг хүндэлж өснө. Бусдыг хүндэлдэг хүнийг өрөөл бусад нь бас л хүндэтгэнэ. Эндээс тэр хүн бас л аз жаргал мэдэрнээ дээ. 
 
Гэр дотор нь ах дүү нь хэн хэндээ халамжтай айлд өссөн хүүхэд бусдыг халамжилж, санаа тавьдаг болж өсч төлөвшинө. Ямар ч хүнд санаа тавиад халамжлаад байхад өөрөөсөө холдуулж лав чадахгүй нь мэдээж. Ингэхээр бас л хайр халамж нь аз жаргалын эхлэл мэт. 
 
Тэгвэл хамгийн чухал зүйл бол гэр дотор нь хэрүүлгүй, хараал хэлдэггүй, уур бухимдлаар асуудлыг шийддэггүй орчинд өссөн хүүхэд өөрөө аз жаргалын эх булаг юм. Энэ бүхнийг бид амьдралаараа л харж байна шүү дээ. Энд олон тоо баримт, олон жишээ дурдах ч шаардлага алга. Аав нь ээжийг нь хүндэтгэдэг, асуудал гарвал эв зүйгээр шийддэг, хэчнээн бухимдсан ч уур уцаараа хөөрхөн шоглолоор илэрхийлчихдэг, хараал хэлэхээс зайлсхийдэг гэр бүлд өссөн хүүхэд хараажаар тайван, бусадтай нийлэмжтэй байдаг нь харагддаг. 
 
Харин үүнээс эсрэгээрээ байсан гэр бүлд төлөвшиж буй хүүхэд бол амьдралыг өөрийн өссөн орчноороо л төсөөлдөг болохоор бусдад итгэдэггүй, бусдыг дарамталж, элдвээр хэлж байж санаа нь амрах нь олонтаа. Тэгэхээр анхнаасаа л муу хүн гэж байдаггүй, харин муу хүн болгох орчин, нөхцөл гэж байдаг юм шиг санагдлаа. 
 
Ингэхээр үр хүүхдээ анхнаас нь л эрүүл сайхан орчинд өсгөе гэвэл яг одооноос эцэг эхчүүд болсон бид анхаарах хэрэгтэй юм шиг. Ингэж байж л тэд маань бусдад хайрлагдаж, хүний итгэл дааж сурч, мөнгөөр биш сэтгэлээр амьдралд хандах ухаанд суралцах байх гэж найдах юм. 
 
Би сүүлийн үед энэ тухай маш их бодох болсон. Тиймээс ханьтайгаа ам мурийх үе тулгарвал дуугаа хураах, эсвэл шогч байдлаар түүнийг буруутгах ч юм уу тиймэрхүү арга хэрэгсэл ашиглах болоод байгаа. Нэг удаа өглөө босч өгөхгүй болохоор нь би “Мантуун бууз аа босооч ээ, босохгүй бол гамбир болголоо шүү” гээд орилчихсон.
 
Гэтэл манай нөхөр инээгээд л босоод ирсэн. Ханиа өглөө дуудаж босгох гэж хүүхэд цэцэрлэгт өгөхтэй бараг адил хэмжээний ажил болдог болохоор би ч бухимддаггүй гэж өөрийгөө лав хэлэхгүй. Энэ мэтээр асуудалд эергээр хандах, шийдвэрлэх арга барилаа өөрчлөх нь бидэнд биш харин бидний үргэлжлэл болж үлдэх үрсэд минь хэрэгтэй юм даа гэж бодох болсон.
 
Ер нь эцэг эхчүүд маань гэр бүлдээ хэрхэн аз жаргалыг бий болгож, ямар арга хэрэглэдэг юм бол. Энэ талаар Монголжингоо найзуудынхаа санаа оноог ч бас сонсмоор л байна. Та бүхэнд байгаа арвин туршлагаасаа сэтгэгдэл болгон үлдээж, бусдадаа аз жаргалын үнэтэй хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт тань итгэж байна шүү. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл