Манай сайтад хаягласан олон эхчүүдийн захидлыг уншаад тэдний төлөө, тэдний мэдэрч байгаа зовлон шаналлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч зүрхэлсэнгүй. Нэг үг байдаг юм билээ. “Хорвоо дэлхий дээр түм буман муу хүн бий. Үнэн хэрэгтээ тэр муу хүмүүс биш харин тэр муу хүмүүсийг муу юм хийхийг нь зүгээр л хараад сууж байгаа, тэр муу хүмүүсийн гарт хүч дорой нэгнийг зовоох боломжийг нь гаргаж өгөөд байгаа “буруугүй” гэгдэж буй тэр хүмүүс л хамгийн муу хүмүүс” гэж хаанаас ч билээ уншсанаа санаж байна.
Өөрөөсөө хүч дорой нэгнийг дээрэлхэж, тэдэнд хүчээ гаргаж буй муу хүмүүсийг харсан ч хараагүй юм шиг “сохор” царайлагчдыг нийгмээрээ зогсоож, хөдлөх газаргүй болгож сурцгаая.
Өөрөөсөө хүч дорой нэгнийг дээрэлхэж, тэдэнд хүчээ гаргаж буй муу хүмүүсийг харсан ч хараагүй юм шиг “сохор” царайлагчдыг нийгмээрээ зогсоож, хөдлөх газаргүй болгож сурцгаая. Хажууд чинь хүүхэд уйлж, дэргэд чинь хөл хүнд эмэгтэй шаналалдаа тээсэн үртэйгээ хамт живж байвал энэ хүчирхийллийн эсрэг хамтдаа зогсож сурцгаая.
Жирэмсэн эхнэрээ хөл хүнд боллоо гээд ор хөнжлийн ажил нь “завсарлага” авахаас аргагүй болохоор өөр нэгэнд харц унагаж, ханиа халуун нулимсанд нь хатаадаг эрчүүдэд энэ нийтлэлийг хаяглаж байна. Өөрөө эхийн умайгаас унаагүй юм шиг хуншгүй зан гаргагч эрийн сэтэртэй өчүүхэн зүрхтнүүдэд уншуулах гэсэн юм. Тэр эрийг ч гэсэн ээж нь хэвлийдээ тээж байхдаа үрээ бие бүтэн төрүүлье гэсэндээ ор хөнжлийн ажил битгий хэл чангахан гишгэхээс ч эмээж байсан цаг саяхан л биз. Хэвлийд цохилох бяцхан зүрхийг мөр бүтэн амьдруулъя гэсэндээ чулуу бүхнийг тойрч, зөөлөн зөөлөн алхалдаг бүсгүй хүний сэтгэл тийм л уужим байдаг юм. Хэрэв эр хүн таны ээж ийм сэтгэл, зүтгэл, золиос өөрөөсөө гаргаагүй байсан бол та энэ хорвоод эр хүн гэгдэж, орчлонгийн түмэн жаргалыг амсах байсан болов уу... Өөрөөсөө энэ асуултыг нэг асуугаад үзээрэй. Таныг хэвлийдээ тээж байхдаа ухаан муутай эрийн дарамтанд орж өөрөөсөө таныг буцаачихсан бол, эсвэл тан шиг өмдөндөө хамаг амьдралаа ширгээчихсэн эрийн хүслийг гүйцэлдүүлэх гэж явахдаа гэм алдаж цагаасаа өмнө төрчихсөн байсан бол та энд байх байсан болов уу. Та хорвоод яаж ирсэн тэр л замаар таны үрийг тээж буй бүсгүй хүн шинэ хүнийг амьдралд авчирдаг юм. Хэн ч энэ замаас хазайж, хойш урагш хөдөлгөж эс чаддаг юм.
Жирэмсэн эхнэрээ хөл хүнд боллоо гээд ор хөнжлийн ажил нь “завсарлага” авах нь гээд өөр нэгэнд харц унагаж, ханиа халуун нулимсанд нь хатаадаг эрчүүдэд энэ нийтлэлийг хаяглаж байна.
Хүүхэд, нялхаст хүчээ гаргагч эрчүүдэд бас энэ захидлыг дайж байна. Өөрөөсөө хүч дорой нялхаст гарын хүчээ бүү гаргаач. Та ч бас нэгэн цагт нялх, бага насыг дайраад л өнгөрсөн байлгүй. Тэр үеийн гомдол шарх тань одоо ч гэсэн хатаагүй байгааг анзаараач. Бие жижиг бага насанд томчуудын дээрэлхүү зан, хуншгүй авир, хэлсэн муу үг бие өсч, эрийн цээнд хүрлээ ч насан туршид аньдаггүй шарх үлдээдгийг санаач. Өөрт заяасан үр хүүхдээ энэрч хайрлаж, сайн сайхан амьдралд хөтөлж чадвал насны эцэст таны хөлийг хучих, орчлонд харамсах зүйлгүй тэнгэрийн оронд одоход хэрэг биш үү. Бага балчир насанд нь үр хүүхэддээ санаа сэтгэлээ чилээж, тэднийг өргөн ихээр хайрлаж өсгөвөл алсдаа өөрт чинь л энэрэлтэй байх даа. Залуугийн омгоор халгиж наргиж амьдарч болох ч эрийг нас, уулыг цас дардаг гэдгийг бүү мартаарай. Та одоо тэдэнд хүчээ гаргаж, гамгүй зовоож байгаа бол алсдаа та нарын байр солигдох өдөр ирдгийг санаарай.
Орчлонгийн жам хатуу шүү. Олдсон анхны ханийг орлох хүн энэ дэлхийд цөөхөн л гэж дуулсан. Одоо байгаа ханиасаа илүүг хүсч, илүүг эрээд та дордуулна уу гэхээс илүүрхдэггүй жамтай юм даа. Ханилсан ханьдаа ойлгуулж, мэдрүүлж чадвал хайгаад байгаа бүхнээ гэр дотроосоо мэдэрч чаддаг нь юутай үнэн бэ.
Олон хань сольж, гэр бүлээс гадуур таашаал хайсан эрийн хийморь сүлд доройтно уу гэхээс дээшилдэг гэж лав сонсоогүй. Ханилсан ханийнхаа өмнө буруугүй явсаар насыг барвал хэчнээн сайхан. Тэрбумтан, тэг хоосон хүн бүр адилхан л хөгширч, ядарч, өвддөг л юм. Нартаас нэг нь түрүүлж одохын цагт үлдсэн нэг нь өнчирч хоцордог хуультай л юм. Тэр цагт ханиа гомдоосон, баярлуулснаа цэгнэх агшныг харамсалгүй үдэх нь нэг талын буян ч юм билүү.
Олон хань сольж, гэр бүлээс гадуур таашаал хайсан эрийн хийморь сүлд доройтно уу гэхээс дээшилдэг гэж лав сонсоогүй.
Тархи, зүрх хоёроо өмдөндөө биш цээжиндээ өргөж яваарай, эрчүүд минь. Хормойн жаргал биш, ханьдаа үнэнч үлдсэн, үр хүүхдээ энэрч хайрласан холч ухаан л амьдрал, хайрыг авардаг юм. Нэгэн цагт хумхын тоос болох богинохон амьдралд илүүг харж, савнаасаа халих хэрэг байна уу, эрчүүд минь.
Өөрийнхөө өмнө харамсах зүйлгүй, ханийнхаа өмнө буруугүй, үрсийнхээ өмнө хайраар дүүрэн явбал нэг насны баяр, орчлонд элээсэн тавилангийн цаад учир биелэх биз ээ.
