solongonews
Д.Ганбаяр: “Хурд” хамтлагийн фэнүүд залуужиж байна
2015-11-17 16:06
“Хурд” хамтлагийн ахлагч Дамбын Ганбаяртай хэдэн хором хөөрөлдөх завшаан олдож тоглолтын талаар сонирхсон юм.

Сайн байна уу? Үдшийн мэнд хүргэе! “Хурд” хамтлаг Хөххотод хэд дэх удаагийн тоглолтоо хийж байна вэ?

Яг тоолж байгаагүй юм байна. 2-3 жил болоод албан ёсны бие даасан тоглолт хийдэг. Анх тоглосноос хойш энэ удаагийн тоглолт 9,10 дахь удаагийн тоглолт болж байгаа.

Хөххотод анх ирж байсан сэтгэгдлээс өнөөдрийн сэтгэгдэл ямар байна вэ?

Маш хурдан хөгжиж байгаа хот. Анх бид 2000 онд ирж тоглож байсан. Энэ 15 жилийн хугацаанд маш өөр болсон байна. Анх ирсэн Хөххот эрс өөрчлөгдсөн. Эрээн хот яаж хөгжсөн, Хөххот бүр илүү хурдтай хөгжиж байна. Үүний хажуугаар залуучууд эстрад хөгжим, рок поп хөгжмийг сонсох, тэр тусмаа манай “Хурд” хамтлагийг сонсож дэмжиж байгаа байдал жилээс жилд улам нэмэгдэж байгаад маш их баяртай байдаг. Маш хурдацтай хөгжиж байгаа бүхий л зүйл. Соёл урлаг, хотын өнгө үзэмж ч гэсэн хөгжиж байна.

Тоглолтоо ямар уран бүтээлээрээ голлох вэ?

“Хурд” хамтлагийн тоглолт хайр сэтгэл, элгэн садан, ах дүү, аав ээж, монгол гэсэн зүрх сэтгэл, эх орноо, төрсөн нутгаа магтан дуулсан сэдвүүдээр тоглож дуулдаг. Энэ сэдвүүд маань ч Өвөр Монгол гэлтгүй хятад хүмүүст ихээр хүрч байгаа. Хятад хүмүүс бидний дууг орчуулуулаад сонирхож эхэлж байна. Нэлээд олон тооны хятад фэнүүдтэй болж байгаа. Дуу хөгжимд хязгаар байхгүй. Дэлхийн аль ч улс оронд ямар ч хэлээр дуулсан хөгжмийн хэл тусдаа байдаг учир хүмүүс сонсдог. Ер нь хайр сэтгэл, ханийн тухай, аав ээжийн тухай, элгэмсэг монгол сэтгэлийн тухай дуу бүтээл их байдаг. Тиймээс олон дахин сонсоод манай дуунаас уйддаггүй болов уу гэж бодож байна. Энэ л сэдвүүдээрээ тоглоно доо.

Энэ удаагийн тоглолт дээр үзэгч фэнүүддээ шинэ уран бүтээлтэй ирсэн болов уу?

Мэдээж ирсэн. 2016 онд “Нарлаг диваажин нэртэй” байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилго, уриатай 20 дуутай шинэ цомог гаргаж байна. Энэ цомогтоо орсон дуунаас 2-3 дуу оруулсан байгаа. Шинэ дуу гэхээсээ илүү манай үзэгчид хайртай дуртай, сонсоод сурчихсан дуунуудаа сонсохыг их хүсдэг. Тоглолтын эхний хэсэг дээр шинэ дуунууд дуулагдана. Шинэ хуучин гэлгүй хүсэн хүлээж байгаа тэр дууг, тийм л дуу дуулаасай гэсэн дуунууд л тоглогдоно.

Тоглолтын онцлог юунд байна вэ? Онцолбол?

Бие даасан тоглолт яг 2 жилийн өмнө болж байсан. Нэгдүгээрт Хөххотын Улаан театрт хоёр дахь удаагаа тоглож байгаа болон энэ том театрт бие даасан тоглолтоо хийж байгаа нь нэг онцлог болж байна. Өмнө нь бол хамтарсан тоглолтоор энд театрт тоглож байсан. Хоёрдугаарт “Хурд”-ын фэнүүд шинэчлэгдсэн. Залуучууд, оюутнууд шинээр сонсож эхэлсэн нь бид бүхэнд том бэлэг болж байдаг. Фэнүүд шинэчлэгдэж байгаа болохоор шинэ фэнүүддээ тоглож буйгаараа мөн онцлог болж байна.

Хөххотод тоглолтоо хийгээд буцах уу? Эсвэл Өвөр Монголын бусад аймаг хотуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлэх үү?

Энэ удаа Хөххотод тоглолтоо хийгээд буцна. “Харанга” хамтлагтай хамтарсан тоглолтоо 12 дугаар сарын эхээр Шинлийнхотод хийнэ. Энэхүү тоглолт төлөвлөгдөөд бүх зөвшөөрөл соёлын яам, цагдаагийн газар зэрэг зохих ёсны бүх зөвшөөрлийг авчихсан тоглоход бэлэн болсон байгаа. Бид энэ жилийн хувьд Шиньжян Уйгур, Өрөмч гээд хэд хэдэн газраар тойрон тоглолт хийсэн. Өвөр Монголд жилд 5-10-аад удаа ирж тоглодог. “Хурд” хамтлагийг сонсъё гэсэн маш олон үзэгч сонсогч байдаг учир дахин дахин ирдэг. Тоглолтоор болон “Цагаан сарын үдэшлэг”-т оролцох гээд маш олон арга хэмжээнд оролцдог.

- Танд баярлалаа. Тоглолтод тань амжилт хүсье!

-Баярлалаа.  

Зохиогч: Б.Туяа
Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл