Олон улсын автомашины үзэсгэлэн, харь улсын хотын гудамж, хилийн чанад дахь үйлдвэрийн тасагт Хятад үйлдвэрлэлийн цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслүүд улам бүр түгээмэл болж байна. 2024 онд Хятадын цахилгаан хөдөлгүүрт авто машины салбар гаднын орнуудад итгэл төгөлдөр хөгжиж, хөгжлийн шинэ шатанд гарсан байна.
Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт автомашин олширно
Африкийн орнуудад “бода-бода”, “тук-тук” хэмээх хоёр дугуй, гурван дугуйтай мотоциклууд олон жилийн турш замын хөдөлгөөний “нүүр царай” болсоор ирсэн бол өнөөг болоход Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт шинэ тээврийн хэрэгслүүд энэхүү байдлыг шинэчилж, хотын гудамжинд олноор давхих боллоо.
Хятадын Чанчэн, Хавал, BYD зэрэг автомашины брэндийн цахилгаан авто машинууд сүүлийн жилүүдэд Өмнөд Африкийн зах зээлд түрэн орж, хэрэглэгчдийн таашаалд хүрч байна. Энэ оны эхний улиралд Египетэд зөвшөөрөл авсан авто машины тоо сүүлийн гурван жилийн нийт хэмжээний гуравны нэг хувиас давсан бол тэдгээрийн дийлэнх хувийг Хятадад үйлдвэрлэсэн байв. Хятадын BYD компани орон нутгийн хамтрагчтайгаа Зүүн Африк дахь анхны BYD цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалтын төвийг Руандагийн нийслэл Кигалид нээсэн байна.
2024 онд болсон Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд үйлчлэх албан ёсны автомашины хувьд BYD брэндийн цахилгаан хөдөлгүүрт авто машин нь Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд “ногоон” аяллын үйлчилгээ үзүүлж, дэлхий нийтийн анхаарлыг татсан. Үүнээс өмнөхөн BYD брэндийн “ATTO3” загвар нь “News UK” компанийн “2023 оны Их Британийн хамгийн шилдэг цахилгаан машин”-аар шалгарч байсан бол Хятадын NIO брэнд нь мөн Норвег, Герман, Нидерланд, Швед, Дани зэрэг Европын таван оронд бүтээгдэхүүн ба үйлчилгээ үзүүлж эхэлсэн байв.
Өмнөд Америкийн Бразилд Хятадын брэндийн автомашины дэлгүүрүүд энэ жилийн хувьд ээлж дараалан нээгдэж, үйлдвэрүүд нь мөн үйл ажиллагаагаа эхлүүлэх буюу шинэчилж, шат ахиулсаар байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь Бразил улсын хувьд Хятадын экспортын дөрөв дэх гол бүтээгдэхүүн болсон бөгөөд Бразилын цахилгаан тээврийн хэрэгслийн холбооны тайлангаас харахад BYD, Чери, Чанчэн нь 2023 оны цахилгаан тээврийн хэрэгслийн хамгийн их борлуулалттай брэндүүдийн тоонд багтсан байна.
Эдэлгээ сайтай, дэвшилтэт технологиор тоноглогдсон, чанар сайтай үйлчилгээ зэрэг давуу талаараа Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашины брэндүүд олон улсын зах зээлд улам бүр тодорч байна. Статистик мэдээллээс харахад Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэл нь Европ, Ази, Номхон далай, Америк, Африк зэрэг бүс нутгийн 180 гаруй оронд экспортлогдох болжээ.
Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр 2024 оны эхний 10 сарын байдлаар Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашины экспорт нэг сая ширхгээс давсан нь өнгөрсөн оны мөн үеэс илт өссөн. 2023 онд Хятад улс нийт 1.203 сая ширхэг цахилгаан хөдөлгүүрт автомашин экспортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 77.2 хувиар өссөн байна. Хятадын цалхигаан автомашин олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар сайтай байгаа ба Хятад үйлдвэрийн брэндүүд дэлхий даяар улам бүр хүлээн зөвшөөрөгдөж байгааг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд магтацгааж байна.
Экспортын цар хүрээ өргөжин тэлж, экспортлогдох загвар олширсоор байна. Бүрэн цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс гадна Хятад үйлдвэрийн гаднаас цэнэглэх боломжтой цахилгаан ба шатахуун хавсаргасан автомашин /PHEV/ мөн борлуулалт сайтай байна. 2024 оны эхний 10 сарын байдлаар тус төрлийн автомашиныг нийт 222 мянган ширхэг экспортолсон бол энэхүү үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсжээ.
Жижиг оврын зорчигч тээврийн хэрэгсэл төдийгүй, Хятадын цахилгаан хөдөлгүүрт бизнесийн зориулалттай тээврийн хэрэгсэл мөн хэрэглэгчдийн таашаалыг хүртэж байна. 2024 оны 06 дугаар сарын 13-нд цахилгаан хөдөлгүүрт 30 шинэ автобус Тургатын боомтоос хөдөлж, Киргизстаны нийслэл Бишкек хотыг зорьсноор Киргизстанд экспортолсон Хятадын автобусны хамгийн том захиалгын сүүлийн алхам амжилттай дууссан байна.
Бэлэн автомашины экспортын үнэ аажмаар нэмэгдэж байгаа нь экспортын машины загварууд тансаг зэрэглэлд шилжиж буйн илрэл юм. Жишээ нь, Чэри брэндийн гадаад зах зээлд зориулсан тансаг зэрэглэлийн Омода загвар бий. Анхны цахилгаан хөдөлгүүрт Омода E5 загвар нь Зүүн Өмнөд Ази, Европын 40 гаруй улс орон, бүс нутагт “нутагшаад” байна.
Дэлхийн хэрэглэгчдийн сонголтыг баяжуулна
Парисын олон улсын автомашины 90 дэх үзэсгэлэн 10 дугаар сарын 14-нөөс 20-нд Францын Парис хотын Порт де Версаль үзэсгэлэнгийн төвд болсон. Европын автомашины компаниуд давамгайлдаг 4-р танхимд ормогц Хятадын Липмотор /Leapmotor/ брэнд эхний байранд дэлгэгдсэн байлаа.
Липмотор брэнд болон Европын автомашины Стелантис /Stellantis/ групп хамтран 2024 оны 05-р сард Липмотор олон улсын компанийг үүсгэн байгуулжээ. Энэхүү хамтын ажиллагааны үндсэн дээр Липмотор нь олон улсыг чиглэсэн алхмаа хурдасгаж, 09 дүгээр сараас эхлэн Европын зах зээлд нэвтрэн орсон бол өнөөг болоход Европын 13 оронд нийт 200 гаруй дэлгүүрээ ажиллуулаад байна.
Стелантис группийн гүйцэтгэх захирал Карлос Таварес:
- Хятадын сэргээгдэх эрчим хүчний автомашины компаниуд дэлхийн тэргүүлэгч технологи, бие даасан өвөрмөц загвар, үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадал зэрэг бүх талаараа маш сайн давуу талтай юм гэж хэллээ.
Бээжингийн Автомашины групп /BAIC/-ийн Фотон автомашины компанийн цахилгаан хөдөлгүүрт жижиг оврын ачааны машины хил дамнасан хамгийн том захиалга болох Тайландыг зорьсон 258 ширхэг цахилгаан хөдөлгүүрт жижиг оврын ачааны машин 2024 оны 05-р сарын 22-нд бэлэн болж, агуулахад орлоо. Тус захиалга нь Тайландын засгийн газраас илээр зарласан тендер байсан бөгөөд тендерт оролцогч брэндүүдээс эрчим хүчний бүтээгдэхүүн хангах шинэ шийдэл гаргахыг шаардсан байв.
Боломж тохиол гэдэг бэлтгэл сайтай хүмүүст л ирдэг зүйл. Тухайн үед Тайландын жижиг оврын ачааны машины зах зээлийн 90 хувийг эзэлж байсан Японы брэндүүд холбогдох бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж эхлээгүй байсан. Улмаар автомашины хэрэглээний нөхцөл байдал, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ зэрэг мэдээллийг урьдчилан судалж, орон нутгийн онцлогт нийцсэн цахилгаан хөдөлгүүрт ачааны машин үйлдвэрлэн, бүтээгдэхүүнээ байнга шинэчлэн төгөлдөржүүлсээр байсан Фотон брэндийн Тайланд дахь компани тухайн орон нутгийн цахилгаан хөдөлгүүрт жижиг оврын ачааны машины зах зээлийг хошуучлан нээж чадсан байна.
Тендерт оролцогч компаниудын дотор Хятадын Фотон брэнд л Тайландад хамтарсан компани байгуулаад байсан нь бие даасан бизнесийн үйл ажиллагааны давуу талаараа цулгарч гарсан төдийгүй илүү их нөөц, хөрөнгө оруулалтын боломж, илүү бүрэн систем тоноглолтоороо Тайландын зах зээлд урт хугацаагаар суурьших нөхцөл байдлыг бүрдүүлэн, итгэлцлийн бат бэх үндэс суурийг тавьсан байна.
Фотон компани мэт Хятадын автомашины олон ч компаниуд Тайланд, Малайз, Бразил, Вьетнам, Унгар, Мексик, Испани зэрэг орнуудад үйлдвэрлэлийн шугам байгуулах, эсвэл байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь тухайн бүс нутагт их хэмжээний ажлын байраар хангах төдийгүй олон улсын хэмжээн дэх сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийг түлхүү ахиулах болно.
Хятадын цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн хурдацтай хөгжил нь 5G, гар утасны интернэт, дата мэдээлэл, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ болон өртгийн гинжин хэлхээ нь зам тээвэр, эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг салбаруудад өргөжин тэлсээр байгааг онцлон дурдах ёстой юм. Хятадын автомашины брэндүүд дэлхийг зорьсон “том алхам” хийж байгаа нь аж үйлдвэрийн гол гинжин хэлхээнд нээлттэй боломжийг авчирч байна.
Жишээлэхэд: Ухаалаг жолооны салбарт “WeRide” компанийн хоёр ч тээврийн хэрэгсэл Сингапурт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон нийтийн зарим зам дээр туршилтын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Цахилгаан аккумляторын салбарт “CATL” компани нь Герман, Унгарт хоёр шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаас гадна, Испанийн Сарагосад томоохон үйлдвэр байгуулахаар товлоод байна.
Хятадын автомашины төвийн Стратеги, бодлого судалгааны хэлтсийн ерөнхий инженер Ү Сүнчюань:
- Хил дамнасан автомашины компаниудын олон улсын хөгжлийн үйл явцыг харахад ихэнх нь бараа бүтээгдэхүүн экспортлох, хилийн чанадад бүс нутагт зохицсон үйл ажиллагаа явуулах, бизнесийн загварын даяарчлал гэсэн гурван үе шатны дагуу хөгжиж байна гэж хэллээ.
Хятадын “Ногоон хөгжил”-ийг нийтэд түгээнэ
Хятадын автомашины үйлдвэрлэлийн хувьд 2024 он нь онцгой утга учиртай байсан. Тодруулбал, 11-р сарын 14-ний өглөө Хятад үйлдвэрийн сэргээгдэх эрчим хүчний тээврийн хэрэгслийн жилийн үйлдвэрлэлийн хэмжээ анх удаа 10 саяд хүрч, дэлхийн шинэ рекордыг тогтоосон. Энэ нь Хятадын автомашины үйлдвэрлэлийн хөгжилд төдийгүй дэлхий дахины нүүрсхүчлийн хий бууруулах арга хэмжээний хувьд ногоон хөшөө болсон юм.
5000 гаруй сэтгээгдэх эрчим хүчний тээврийн хэрэгслийг ачсан “BYD EXPLORER NO.1” хөлөг онгоц 2024 оны 01 дүгээр сарын 15-нд Шэньжэнь гарам дахь Шяомө олон улсын логистикийн гармаас хөдөлж, Европын Влиссинген, Бремерхавен боомтыг чиглэсэн. Энэ бол үндэсний автомашины “Бие даасан тээвэрлэлт”-ийн эрин үеийг эхлүүлэх BYD компанийн хил дамнасан анхны хөлөг онгоц юм. Автомашины экспорт өдөр ирэх тусам нэмэгдэхийг дагалдан BYD, Чери, SAIC зэрэг компаниуд ар араасаа энэхүү “аян”-д нэгдсэн.
Хятадын цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслүүд амжилттай гадаадад гарч байгаа үйл явдалд тээврийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай бол үүний ард боомт, гаалийн газрууд маш үр дүнтэй ажиллаж байгаа юм. Жишээ нь, сэргээгдэх эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспортын хэмжээ нэмэгдэхийн хэрээр Яньтянь олон улсын боомт нь 2022 оны 09 дүгээр сараас эхлэн автомашины компаниудад зориулсан чингэлэгт хөлөг онгоцоор тээвэрлэх “тусгай” хөтөлбөр боловсруулж эхэлжээ.
Тоон үзүүлэлтээс харахад 2021 онд Хятадын цахилгаан хөдөлгүүрт зорчигч тээврийн хэрэгсэл нь гадаад зах зээлийн 1.8 хувийг эзэлдэг байсан бол 2022 онд 4.6 хувь, 2023 онд 7.7 хувь болон өсөж, 2024 оны 10-р сар болоход 9.8 хувьд хүрсэн байна. Хятадын сэргээгдэх эрчим хүчний тээврийн хэрэгслийг гадаадын үйлчлүүлэгчид илүү их худалдан авах болсон төдийгүй улам сэтгэл ханамжтай болсоор байна.
Хятад брэндийн цахилгаан хөдөлгүүрт хоёр ч ширхэг автомашинтай Бразилын иргэн Нилтон:
- Хятадын цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслүүд нь ухаалаг жолоодох систем, автомат суудал зэрэг дэвшилтэт тоноглолттой бөгөөд эдэлгээ сайтай байдаг гэж хэллээ. Цахилгаан хөдөлгүүрт автомашинаар гол усны ойролцоо, ой модоор аялахад маш таатай байж, цонхоо онгойлгоход хөдөлгүүрийн дуунд харшлагдахгүйгээр эх байгалийн дуу чимээг сонсох боломжтой байдаг нь түүний хувьд үнэхээр сайхан санагддаг байлаа.
10 сая ширхэг цахилгаан машин зарсан нь төдий л хангалттай биш. Хятадын цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалт, эрэлт хэрэгцээ өссөөр байна. Дэлхийн хэмжээнд харахад ногоон аялал, тогтвортой хөгжил нь ерөнхий чиг хандлага болсон. Хятадын цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг импортлох, эсвэл Хятадын үйлдвэрүүдтэй техникийн болон үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах зэрэг замаар олон улс орнууд Хятадын “ногоон аян”-д ганзага нийлүүлж байна. Ирээдүйд Хятадын сэргээгдэх эрчим хүчний тээврийн хэрэгслүүд гадаадад илүү гайхалтай амжилт бүтээл гаргана гэдэгт итгэлтэй байна.

Зураг 1: 135 дахь Кантоны үзэсгэлэнгийн үеэр худалдан авагчид цахилгаан хөдөлгүүрт автомашин сонирхож буй нь
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛҮ ХАНЬШИНЬ
Зураг 2: Чүнчин хотын Ханьвэй сэргээгдэх эрчим хүчний компанийн ажилтнууд дугуй угсарч буй нь
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ХУАН ВЭЙ
Зураг 3: Жянсү мужийн Тайцан гармын олон улсын чингэлэг тээврийн боомтоос экспортлоход бэлэн болсон цахилгаан авто автомашинууд
Гэрэл зургийг: ЖИ ХАЙШИНЬ
Зураг 4: Узбекистаны нийслэл Ташкент хотын иргэд Хятад үйлдвэрийн цахилгаан хөдөлгүүрт автобусаар аялж буй нь
Гэрэл зургийг: ГЕОРГИЙ НАМАЗОВ
Зураг 5: Жянши мужийн Наньчан хотод байрладаг Жянлин цахилгаан хөдөлгүүрт автомашины компанийн угсралтын цехийн ажилчид экспортын захиалгын дагуу яаран ажиллаж буй нь
Гэрэл зургийг: ШЫ ЮЙ
