Жиндээ байнга санаа зовдог бол заавал уншаарай
Сэтгэлийн дархлаа биеийн дархлааны үндэс. Сэтгэл гутралтай, уруу дорой бодолтой, санаа бодолдоо өнгөрсөн бараан дурсамжийг тээн бодож явдаг бол царай зүс, бие махбод яаж өнгөлөг гэгээн эрүүл саруул байх билээ.
_700x700.jpg)
Энэ цаг үед хэн хүнгүй л дархлаагаа сайжруулахыг дор бүрнээ хичээдэг болсон нь илт. Хамрын шуухинаасаас аваад хямарч сулрах, халдварт болоод халдварт бус элдэв өвчнөөр дархлаа султай хүн хамгийн түрүүнд өвддөг нь тодорхой юм чинь яахын аргагүй. Энгийн жишээ гэхэд л танилын маань охин саяхан ядарч сульдаад, тураад байгаа нь ч анзаарагдаж. Хаврын шалгалт хичээл гээд оюутан хүүхэд хямарсан байлгүй гээд төдий л тоосонгүй. Нэлээн хэд хоногоос шөнөдөө халуурч, орондоо хөлрөн, уушиг, хэвлийн дээгүүр нь хөндүүрлэн өвдөж эхэлжээ. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд үзүүлэн, нарийн мэргэжлийн эмч зөвлөсний дагуу рентгенд харуултал сүрьегийн анхдагч үе гэсэн онош гарсан байна. Сандарсан ээж охин хоёр Халдвар судлалын Төвд очиж, уушгинаасаа литр гаруй ус авахуулж, хяналтанд ороод одоо өрхийн эмнэлгээсээ үнэгүй олгогддог эмийг шат дараалан ууж байгаа. Өвдөх гол шалтгааан нь юу байсныг ээж нь халаглан ярьж явна лээ, хөөрхий. Охин нь гоолиг сайхан болох гээд хоолоо сойж хэдэн сар явсан гэнэ. Сүрьеэг хүмүүс айхавтар халдварт өвчин гэдгээр нь л ойлгож жийрхдэг. Гэтэл энэ өвчний вирус хүний биед тээгдэн нуугдаж явж байгаад эгээ л эцэнхий сул, хөгширч доройтсон амьтныг арслан яаж ганц үсрээд л базаж унагадаг билээ, түүнтэй адил дархлаа суларсан үед илрэн гарч ирж, эрхтэн систем, уушгийг гэмтээн өвчлүүлдэг.
Зөв хооллох тухай судлаад, түүнийхээ дагуу хооллож чаддаг, өдөр бүр явган алхах болон дасгал хөдөлгөөн зэргийг хийдэг бол хааяа нэг дураараа идэхэд санаа зовох зүйл байхгүй буюу өөрийгөө бяцхан баярлуулахад гэмгүй.
Халуун бүлээн шөлтэй шимтэй хоолноос холдоод удсан бие ямар ч үед өвчлөхөд бэлэн явдагийн жишээ энэ. Үүнээс үүдээд бүсгүйчүүддээ дуулгамаар нэг зүйл эрхгүй санагддаг юм. Биеийн дархлаагаа сайжруулахыг бид хичээдэг ч сэтгэл зүйн дархлаагаа сайжруулах талаар онхид мартаж орхидог нь та бидний нэг алдаа.

Нийгмийн элдэв хандлага, нөлөөллөөс гадна бүсгүйчүүдийн сэтгэлийг мэрдэг нэг бодол нь “Би яана аа, тарган болохоор..., “Таргалчих байх даа, уг нь идмээр л байна”, “Хоолоо сойх уу? Эсвэл ганц л амьдрах юм хойно зөнд нь хаях уу?” гэсэн зовнил эргэлзээнүүд. Мэдээж өөрийн биеийн галбир, жин, эрүүл байдалдаа санаа зовох нь муу хэрэг биш боловч байнга жингийн тухай бодож санаа зовох нь яваандаа идэж байгаа зүйлдээ санаа зовох, хянах, идэж байгаа зүйлээсээ таашаал авахгүй байх, цаашлаад анорексия буюу хоолны дуршил алдагдах өвчлөлд хүртэл өртдөг байна. Энэ өвчний гол шинж нь үргэлж биеийн жиндээ сэтгэл хангалуун бус байж, байн байн жингээ хэмждэг байдалд хүргэдэг. Гэхдээ хоолны буруу зуршилтайн дээр хөдөлгөөн огт хийдэггүй жин нэмэгдэж таргалаад байгаа тохиолдолд таргалалтынхаа эсрэг бодитой арга хэмжээ авч байгаа эмэгтэчүүдийн тухай яриагүй юм шүү. Зөв хооллох тухай судлаад, түүнийхээ дагуу хооллож чаддаг, өдөр бүр явган алхах болон дасгал хөдөлгөөн зэргийг хийдэг бол хааяа нэг дураараа идэхэд санаа зовох зүйл байхгүй буюу өөрийгөө бяцхан баярлуулахад гэмгүй.
Сэтгэлийн дархлаа биеийн дархлааны үндэс. Сэтгэл гутралтай, уруу дорой бодолтой, санаа бодолдоо өнгөрсөн бараан дурсамжийг тээн бодож явдаг бол царай зүс, бие махбод яаж өнгөлөг гэгээн эрүүл саруул байх билээ. Аливааг хүндээр бүү тусга гэдэгчлэн биеэ эрүүл байлгахын тулд алив зүйлийн хэмжээ хязгаарыг зөв тогтоогоорой. Буруу зөрүү мэдрэмжиндээ өөрчлөлт хийх тийм хэцүү бишээ.
