БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 20-нд Шэньжэнь хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимтай уулзав. 
Ши Жиньпин:
- Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Анвар Ибрахимтай уулзах үеэр Хятад, Малайзын өндөр түвшний стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны шинэ “Алтан 50 жил”-ийн эхлэлийг тавив. Үүнээс хойш нэг жил гаруйн хугацаанд Хятад, Малайзын харилцаа өндөр түвшинд тасралтгүй хөгжиж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөө бодит үр дүн болон хэрэгжиж байна. Өөрчлөлт, тогтворгүй байдал хосолсон өнөөгийн дэлхий ертөнцөд Хятад улс Малайзын талтай хамт дипломат харилцаа тогтоосон анхны зорилгоо тууштай баримталж, хамтын ажиллагааны эрч хүчийг нэгтгэн, хоёр орны хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг улам гүнзгийрүүлэн, бодит үр дүнд хүргэх замаар хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
Ши Жиньпин:
- Хятад, Малайзын харилцаа улс төрийн бат бөх суурьтай, хамтын ажиллагааны давуу тал ихтэй, хөгжлийн өргөн ирээдүйтэй. Хоёр тал өндөр түвшний стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дээд түвшний стратегийн харилцаа холбоогоо хадгалан, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахад харилцан дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мөн хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, шинээр хөгжиж буй салбаруудын хамтын ажиллагааны боломжийг нээн илрүүлэх, гол төслүүдийг чансаатай хэрэгжүүлж, үр ашигтай ажиллуулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны цар хүрээ, чанарыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах үйл явцыг манлайлан хөгжүүлж, Хятад, Малайзын “Күнзийн болон Исламын соёл иргэншлийн яриа хэлэлцээ”-г үргэлжлүүлэн амжилттай зохион байгуулах, аялал жуулчлал, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ард иргэд болон орон нутгийн харилцаа холбоог улам нягт болгох хэрэгтэй. Түүнчлэн дэлхийн засаглалын шинэчлэлийг хамтран урагшлуулж, АПЕК зэрэг олон талт механизмын хүрээнд зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, жинхэнэ олон талт үзлийг хамтдаа хэрэгжүүлж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатайг онцлон тэмдэглэв.
Анвар Ибрахим:
- Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс хөгжлийн гайхамшигтай амжилтад хүрсэн. Хятад улс АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалт болон Хятад, Орос, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтыг амжилттай зохион байгуулсанд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Энэ нь Ши Жиньпин даргын олон улсын үйл хэрэгт үзүүлж буй онцгой нөлөө, манлайлах үүргийг бүрэн харуулж байна. Хятад, Орос, АНУ-ын төрийн тэргүүн нарын гаргасан “Энх тайвны тунхаглал” нь өнөөгийн олон улсын нөхцөл байдалд стратегийн чухал ач холбогдолтой юм. Тайванийн асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд Малайзын тал нэг Хятадын бодлогыг тууштай баримтална гэж хэлэв. Тэрбээр цааш нь Малайзын тал Хятадын талтай стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааны механизмыг бүрэн ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын гол төслүүдийг үр ашигтай хэрэгжүүлэх, хиймэл оюун ухаан зэрэг шинээр хөгжиж буй салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл иргэншлийн солилцоо, яриа хэлэлцээг дэмжих, олон улсын үйл хэрэгт зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар Малайз, Хятадын харилцааны түвшнийг тасралтгүй сайжруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
