БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 дүгээр сарын 20-нд Шэньжэнь хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Тайландын ерөнхий сайд Анутин Чарнвиракултай уулзав.

Ши Жиньпин:
- Хятад, Тайландын удирдагчид харилцан ойр ойрхон айлчилж байгаа нь “Хятад, Тайланд нэг гэр бүл” хэмээх уламжлалт найрсаг харилцаа болон хоёр орны харилцааны өндөр түвшнийг бүрэн харуулж байна. Өнөөдөр дэлхий дахинд зуун жилд тохиогоогүй их өөрчлөлт хурдтай өрнөж буй энэ үед Хятад, Тайланд харилцан итгэж, түшиглэж болох стратегийн хамтын ажиллагааны түншүүдийн хувьд улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлж, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой. Энэ нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхол, нийтлэг хүсэл эрмэлзэлд нийцэж байна.
Хятадын тал Тайландын үндэсний тогтвортой байдал, хөгжил дэвшлийг тууштай дэмжиж, хоёр орон тус тусын шинэчлэлийн замд гар нийлэн урагшилж, Хятад, Тайландын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг улам өндөр түвшинд гарган, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Ши Жиньпин:
- Хятад, Тайланд хоёр улс засгийн газар, улс төрийн нам, хууль тогтоох байгууллагуудын харилцааг нягтруулж, төр улсыг удирдах туршлагын солилцоог бэхжүүлэн, стратегийн нийтлэг ашиг сонирхлоо хамгаалах хэрэгтэй гэж онцлон хэлэв.
Хятад, Тайландын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтдаа хөгжихөд оршдог. Иймээс хоёр тал хөгжлийн стратегиа уялдуулж, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны механизмуудыг үр дүнтэй ашиглах шаардлагатай. Хөдөө аж ахуй, дэд бүтцийн харилцан холболт зэрэг уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүчний автомашин, агаарын болон сансрын технологи, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах, авран туслах ажиллагаа, усны нөөцийн менежмент зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болгох хэрэгтэй. Ингэснээр бүс нутгийн шинжлэх ухаан, технологийн инновац болон аж үйлдвэрийн хамтын ажиллагааны тэргүүлэх төвийг хамтран байгуулах боломжтой гэж хэллээ.
Ши Жиньпин мөн Хятад, Тайланд хоёр орон угсаа гарвал, соёлын хувьд ойр дотно тул соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны найрамдлыг ард түмний сэтгэлд улам гүн шингээх хэрэгтэйг онцлов.
Үүний зэрэгцээ цахим мөрийтэй тоглоом, харилцаа холбооны сүлжээ ашигласан залилан зэрэг хууль бус гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны иргэдийн харилцан зорчиход илүү аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатай. Мөн олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Дэлхийн өмнөдийн орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамтран хамгаалах ёстой. Хятадын тал Тайланд, Камбожийн харилцааг аль болох хурдан сайжруулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Анутин Чарнвиракул Хятадын Коммунист Намын XX сонгуулийн Төв Хорооны V бүгд хурал амжилттай болсонд баяр хүргэв.
Тэрээр Тайланд, Хятадын харилцаа цаг хугацааны шалгуурыг даван улам бэхжиж ирсэн. Тайландын тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, хоёр орны харилцааг улам өндөр түвшинд гаргахын төлөө ажиллана гэж хэллээ.
Тайландын тал Хятадын талтай дээд түвшний харилцаагаа үргэлжлүүлэн нягтруулж, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтцийн харилцан холболт зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Мөн хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Анутин Чарнвиракул Тайландын тал цахим мөрийтэй тоглоом, харилцаа холбооны сүлжээ ашигласан залилан зэрэг үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тууштай тэмцэж, Тайландад байгаа Хятадын иргэдийн аюулгүй байдлыг хамгаална. Мөн Хятадын иргэдийг Тайландад олноороо аялахыг урьж байна гэж хэллээ.
Тэрээр Хятад улс олон улсын үйл хэрэгт манлайлах онцгой үүрэг гүйцэтгэж байгааг Тайландын тал өндрөөр үнэлж байгааг илэрхийлээд, Хятадын тал АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтыг амжилттай зохион байгуулж, Ши Жиньпин дарга Хятад, Орос, Америкийн төрийн тэргүүн нарын түүхэн уулзалтыг амжилттай даргалсанд баяр хүргэв.
Тайландын тал цаашид АСЕАН–Хятадын хамтын ажиллагаа, Ланьцан–Меконгийн хамтын ажиллагаа, АПЕК зэрэг олон талт механизмын хүрээнд Хятадын талтай уялдаа холбоогоо бэхжүүлж, олон талт үзлийг хамгаалахыг хүсэн хүлээж байна.
Мөн Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөнийг зохицуулахад Хятадын талын гүйцэтгэж буй бүтээлч үүргийг өндрөөр үнэлж, цаашид ч энэ чиглэлээр идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
