solongonews
Б.Болор:Та өөртөө хайртай, бас үнэнч байвал жингээ хүссэнээрээ хасч чадна
2015-12-28 18:21
Хэзээ ч “Би турахаасаа өнгөрсөн” гэж бодож болохгүй. Тарган хүн бүр л турахыг дотроо хүсдэг. Гол нь тууштай байх хэрэгтэй.

Бүсгүй хүн гэдэг тэвчээр, итгэл, хүч, чармайлтын оргил нь гэдгийн нэгэн жишээг харуулсан эмэгтэйтэй ярилцлаа. Тэрээр өөртөө үнэнч, бас хайртай байвал ямар ч хүн өөрийнхөө хүссэн галбирыг бүтээж чадна гэдгийг бусдад ойлгуулж чадсан юм. Түүнийг Б.Болор гэдэг.

-Бүсгүйчүүдийн маань хүслэн болсон гуалиг сайхан бие галбирыг өөртөө бий болгож чадсан танд юуны өмнө баяр хүргэе. Ингэж өөрийгөө дайчилж, гоолигжихээр хэзээ шийдсэн юм бэ?

-Би ер нь их олон жилийн өмнөөс жин нэмсэн юм. Жилд нэг, хоер кг гээд л. 20 настайгаасаа л ингэж нэмсэн. Мэдээж, жин хасахыг хүсдэг ч нэмсээр байсан. Тэгээд л нэг өдөр 100 кг болсон байсан даа. Тэгээд ноднин 7-р сарын 25-нд жингээ хасахаар шийдсэн.

-Яагаад гэнэт жингээ хасахаар шийдсэн юм бэ. Хүн бүр гэнэт өөрийгөө анзаарах, эсвэл хүмүүсийн шүүмжлэлээс зайлсхийх гэж ийм шийдвэр гаргадаг байх. Тухайлбал, би гэхэд нэг л өдөр гэрэл зургаа хараад турахаар шийдэж байсан.

-Би яахав фитнесст яваад жил болчхсон байсан. Гэхдээ ердөө зам дээр алхах, гүйх төдий л байсан. Тэгээд л тэр өдрөөс эхлэн арай өөрөөр шийдсэн дээ.

 

Ааруул ч иддэггүй байсан. Аарууланд малын гаралтай тослог их байдаг. Эхний хагас жил өөртэйгөө маш хатуу тэмцсэн л дээ.

 

-Жин хасахад хэцүү шүү дээ. Та ямар дэглэм барьж байсан бэ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Би нүүрс усыг бараг 100 хувь хасч, уураглаг хүнс тэжээл хэрэглэсэн. Бас нимбэгтэй ус уудаг байсан. Сахар, давс, гурил, будаа, жимсийг ч бүр хорьсон. Ааруул ч иддэггүй байсан. Аарууланд малын гаралтай тослог их байдаг. Эхний хагас жил өөртэйгөө маш хатуу тэмцсэн л дээ.

-Тийм үү. Гэхдээ хүүхнүүд маань идэх юмаа хасчихаар юу идэх болж байнаа гэж асуух байх л аа. Бас дуртай амттангууд нүдэнд тороод л...

-Тэгнэ. Дуртай амттан нүдэнд зөндөө торно шүү дээ. Бүүр шүлсээ залгиад, нөгөө амттангаа амандаа хийчихээд буцаагаад гаргаад хаях үе зөндөө л байсан. “Өөртөө үнэнч байна шүү. Ингэж өөрийгөө хуурвал чи л тарган үлдэнэ” гэж өөртөө хэлдэг байсан. Хэцүү л дээ. Эхний нэг 2 сар маш их өлсөнө. Тийм болохоор байнга цадталаа иддэг байсан. Дуртайгаа иддэг, илчлэг өндөр хоол иддэг байсан хүн гэнэт ингэж дуртайгаа хасаад ирэхээр өлсөөд л байдаг юм билээ. Шөнө ч нойр хүрэхгүй.

-Тэгээд яаж та өөрийгөө ялан дийлж зөв дадалд суралцаж чадав аа. Ихэнх хүмүүс нэг эхэлчихээд дундаас нь шантраад буцчихдаг.

-Хамгийн том алдаа бол 14 хоног хичээгээд л үр дүн гарна гэж хүлээдэгт байгаа юм. Гэтэл тийм хурдан үр дүн гарна гэж юу байхав. Тэгээд л тураад л одоо байгаа миний зураг шиг болох гэж яарах нь том алдаа. Жин хасна гэдэг маш их тууштай үнэнч байдал шаарддаг юм шүү.

 

Хамгийн том алдаа бол 14 хоног хичээгээд л үр дүн гарна гэж хүлээдэгт байгаа юм. Гэтэл тийм хурдан үр дүн гарна гэж юу байхав. 

 

-Гэхдээ та үнэхээр тэсвэр алдах гээд байх хэцүү үедээ яаж өөрийгөө ялан дийлдэг байсан бэ. Бусад хүмүүс ч бас их сонирхож байгаа байх?

-“Үүнийг л давна шүү. Болороо чи өвчин тусаад элэг, бөөр чинь ажиллахаа болиогүй шүү. Эв эрүүл биеэ өөхөнд боож зовоохгүй шүү. Залуу байна сайхан болох ёстой, хөөрхөн болох ёстой. Чи хамгийн үзэсгэлэнтэй ээж болох естой” гэж өөртөө урам өгч зоригжуулдаг байсан. Тэгээд орой унтахдаа өглөө хурдан болоосой зааландаа очих юмсан, бэлтгэлээ хийх юмсан, жин дээр зогсож хэдэн грамм хассанаа харах гэж яарах болсон доо.

-Ингэхэд, хэдэн сарын дотор хэдэн кг хассан бэ?

-Жил юмуу даа. Гэхдээ эхэндээ бараг хоёр сарын дотор 20 кг хасаад үлдсэн нь удаан хасагдсан. Жин буурах тусмаа хасахад хэцүү болдог юм билээ. Их жин эхэндээ эрчтэй бууж байгаад гацдаг. Ер нь бол жилийн дотор 34 кг хассан.

 

Эв эрүүл биеэ өөхөнд боож зовоохгүй шүү. Залуу байна сайхан болох ёстой, хөөрхөн болох ёстой. Чи хамгийн үзэсгэлэнтэй ээж болох естой

 

-Үнэхээр гайхалтай. Миний ажигласнаар хүмүүс хурдан хугацаанд их жин хасахыг хүсдэг. Энэ нь бие махбодид эрүүл зөв зүйл мөн үү?

-Мэдээж хэт их жин хасах муу. Сард 3-5 кг жин хасах нь хэвийн гэдэг. Би бол ерөнхийдөө тийм л журмаар хассан.

-Ийм сайхан дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Таны ярилцлагыг уншиж байгаа охид, бүсгүйчүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Хэзээ ч “Би турахаасаа өнгөрсөн” гэж бодож болохгүй. Тарган хүн бүр л турахыг дотроо хүсдэг. Гол нь тууштай байх хэрэгтэй. Бас жин хасна гэдэг хоолоо хасаад эсвэл дасгал хийгээд л болчихдог зүйл биш. Цогц арга хэмжээ авах, сэтгэл зүй, цаг хугацаа бас хөрөнгө оруулалт, золиос шаарддаг. Өөртөө маш чанд хатуу үнэнч байх нь хамгийн чухал. Ганц удаа, нэг удаа гэж бодож өөрийгөө хуурч болохгүй. Тэгж чадвал хэсэг хугацааны дараа бүүр сайхан мэдрэмжийг мэдэрнэ дээ. Тэгээд сайхан зүйлийн амтаас багахан амтлаад эхлэхээр хүн бүүр хүчтэй, зоригтой, шантрахааргүй болдог юм байна лээ. Нэг л зүйлээс шүүрээд эхэлбэл, хүн тэр тусмаа эмэгтэй хүн сэтгэлийн болоод биеийн маш хүчтэй бодгаль шүү. Хамгийн гол нь оюун бодол, зүрх сэтгэлдээ итгэлийг очийг асаагаарай. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл