Шинэ хууль гэр доторх ”араатан”-уудыг номхотгож чадах уу?
2015-12-28 18:21
Хэдхэн сарын өмнө хоёр хүүхдээ хазаж тамласан аавын жигшүүрт хэрэг нийтэд ил боллоо.Тэгвэл хоёр жилийн өмнө нөхөр нь эхнэрээ гудамжинд хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарч байлаа.
Талийгаач бүсгүй нөхрийнхөө байнгын дарамт, хүчирхийлэл, заналхийлэл, айлган сүрдүүлэлтийг тэвчих аргагүйдээ салах өргөдлөө харъяа дүүргийнхээ шүүхэд өгсөн байжээ. Энэ мэтээр хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байна.
Гэр доторх хүн дүрст “араатан”-уудыг аймшигт үйлдэл хийхээс нь хэрхэн таслан зогсоож, ийм гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлж, нялх үрс, эмэгтэйчүүдийг амгалан тайван амьдруулах вэ. Сүүлийн гурван жилд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 1505 бүртгэгдсэнээс 49 хүн амь насаа алдаж, 1180 хүн гэмтсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулснаар гэр бүл доторх хүчирхийллийг таслан зогсоож, хүчирхийлэл үйлдэгчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох талаар парламентаар хэлэлцэж байна. Одоогоор манай улсад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд хангалттай хариуцлага хүлээлгэдэггүй, нөхөртөө зодуулсан эхнэр нь салъя гэхээр шүүхээс “эвлэр” гэж буцаагаад өнгөрөх нь бий.
Өмнө нь гэр бүлийн хүчирхийллийг зөрчил гэж үздэг байсан бол шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, заавал хариуцлага тооцохоор тусгажээ. Мөн шинэ хууль батлагдвал хохирогчийг хамгаалахад ихээхэн өөрчлөлт хийгдэнэ гэж хууль санаачлагчид нь ярьж байна.
Энэ хуулийн өөрчлөлтийн талаар Монголжингоогийн ээжүүд, эмэгтэйчүүд маань ямар саналтай байна вэ. Энэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг номхотгож, хүчирхийлэл гарахаас сэргийлж чадах болов уу.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
