Хятад улсын дарга Ши Жиньпин, Мальдивын ерөнхийлөгч Ибрахим Мухаммед Салех нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээжээ.
Ши Жиньпин хэлэхдээ “Хятад, Мальдивын найрсаг харилцаа олон жилийн түүхтэй. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн турш хоёр орон харилцан хүндэтгэж харилцан дэмжиж, их бага гүрэн гэлтгүй эрх тэгш, харилцан ашигтай үлгэр жишээ харилцааг бий болголоо. Сүүлийн жилүүдэд хоёр тал зовлон жаргалаа хамтатгаж цар тахлын эсрэг тэмцэн, “бүс ба зам”-ын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон талт үзлийг хамгаалан хоёр орны харилцаанд шинэ хүч сэлбэн, хөгжлийн ирээдүйг бий болголоо. Миний бие хоёр орны харилцааг чухалчлан үзэж, эрхэм ерөнхийлөгчийн хамтаар Хятад, Мальдивын иж бүрэн найраг хамтын ажиллагааны харилцааг тогтвортой хөгжүүлж, хоёр орон, хоёр ар түмэнд үр өгөөжийг нь хүртээхийг хүсэж байна” гэжээ.
Ибрахим Мухаммед Салех хэлэхдээ “Мальдив, Хятадын харилцаа хоёр орны түүхэн гарал үүсэл, бүрэн эрх, тэгш байдал, харилцан хүндэтгэсэн байдал, мөнхүү Мальдивын Засгийн газар "Нэг Хятад"-ын бодлогыг гуйвшгүй баримталсан бат бэх үндэс суурьтай юм. Хятад улс Мальдивын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан. Хоёр орны 50 жилийн турш бий болгосон урт хугацааны найрсаг хамтын ажиллагааны харилцаа улам цаашид хөгжинө гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.
