
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09-р сарын 14-ний өдрийн үдээс өмнө Бээжин хотоос мордож, Самаркандад болох ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXII дээд хэмжээний уулзалтад оролцож, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевийн урилгаар Казахстанд хийх төрийн айлчлалаа эхлүүлэв.

09-р сарын 14-ний үдээс хойш Ши Жиньпин тусгай онгоцоор Нурсултаны олон улсын нисэх буудалд очиход Казахстаны ерөнхийлөгч К.Токаев, Засгийн газрын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеуберди, Нурсултан хотын захирагч Куригинов болон бусад өндөр албан тушаалтнууд халуун дотноор угтан авлаа.

Дарга Ши Жиньпин Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Казахстаны Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлэв.
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Казахстан бол уул усаараа холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. 30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа үсрэнгүй хөгжиж, байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн өндөр түвшинд хүрсэн. Айлчлалын үеэр би ерөнхийлөгч Токаевтай хэлэлцээ хийж, Хятад, Казахстаны бүх талын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг хамтран гаргах болно. Энэхүү айлчлал нь хоёр орны хамтын хөгжил, хөгжил цэцэглэлтэд шинэ хүчтэй түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Токаев угтан авах ёслолын дараа Ши Жиньпинийг "Казахстан, Хятадын мянган оны яриа хэлэлцээ" хэмээх уран зургийн үзэсгэлэнг үзэхийг урив. Үзэсгэлэнд Казахстаны Үндэсний урлагийн музейн Хятад, Казахстаны урлагийн үнэт зүйлсийг дэлгэн үзүүлжээ. Хятадын уран зураг, шаазан эдлэл, мөн казах торго, керамик эдлэлүүд нь Хятад, Казахстаны олон мянган жилийн соёлын гайхамшигт харилцан суралцаж байсныг тод томруун дүрслэн харуулахаас гадна хоёр орны ард түмний үе үеийн найрсаг солилцооны түүхэн гэрч юм.
Ши Жиньпин хэлэхдээ "30 жилийн өмнө Хятад, Казахстан дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулж, утга агуулга нь байнга баяжиж, түвшин тасралтгүй дээшилж, илүү үр дүнд хүрсэн. Хоёр улс хилийн асуудлыг шийдвэрлэх, хил дамнасан газрын тос, байгалийн хийн хоолой тавих, олон улсын үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагаа явуулах, байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох зэрэгт манлайлан оролцож, хэд хэдэн “анхных”-ыг бий болгосон. Хятад улс Казахстантай харилцах харилцаагаа дээд хэмжээнд чухалчилж, Казахстаны үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг тууштай дэмжиж, Казахстаны үндэсний тогтвортой байдал, хөгжлийг хадгалахын төлөөх өөрчлөлт шинэчлэлийн арга хэмжээг тууштай дэмжиж байна. Хятад улс ямагт Казахстаны найдвартай анд түнш байх болно, Хятад улс Казахстантай хамтран ажиллаж, бие биеийнхээ хөгжил, сэргэн мандалд тууштай дэмжлэг үзүүлж, хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна. Хятад, Казахстаны эвдэршгүй найрамдал нь дэлхийн эерэг, дэвшилтэт хүчнүүдийг хөгжүүлэх, мөн хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахад тустай юм".
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Хятад, Казахстаны хамтын ажиллагаа бат бөх үндэс суурьтай, асар их нөөц боломж, өргөн ирээдүйтэй юм. Хоёр тал Ерөнхий сайд нарын тогтмол уулзалт, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хороо зэрэг одоо байгаа механизмыг сайн ашиглаж, стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, харилцан нөхөх давуу талуудыг бүрэн дүүрэн ашиглаж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ цар хүрээ, түвшинд ахиулах ёстой. Хоёр тал "Бүс ба зам"-ыг өндөр чанартай бүтээн байгуулж, эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, холболт, цар тахлын халдварын эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэн, том өгөгдөл, хиймэл оюун ухаан, дижитал санхүү, хил дамнасан цахим худалдаа, ногоон эрчим хүч, ногоон дэд бүтцийн салбарт шинэлэг хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Хүмүүсийн харилцаа холбоог нэмэгдүүлж, хоёр орны найрсаг солилцоо, харилцан ойлголцлыг ахиулах хэрэгтэй" гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад улс Төв Азийн орнуудыг улс төрийн аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг сахин хамгаалахыг дэмжиж, Төв Азийн орнуудын интегралчлал, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг дэмжиж, Казахстантай нягт харилцаатай байж, янз бүрийн шинэ асуудал, сорилтод зохих ёсоор хариу арга хэмжээ авч, гаднын хүчин хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг урт хугацаанд хамтаар хадгалахад бэлэн байна. Хоёр тал Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, "Хятад+Төв Азийн таван орон" зэрэг олон талт механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, ШХАБ-ын Самаркандын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад хамтран дэмжлэг үзүүлж, байгууллагын хөгжлийн дараагийн шатанд шинэ эрч хүч оруулна. Хоёр тал олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, илүү шударга, үндэслэлтэй дэлхийн засаглалын тогтолцоог байгуулахад "Хятад Казахстаны хувь нэмэр" оруулах ёстой" гэв.
Токаев БНХАУ-ын дарга Ши Жиньпиний удирдлага дор Хятад улс асар их бүтээн байгуулалтад хүрсэнд халуун баяр хүргэж, Хятадын Коммунист намын ХХ их хурал амжилттай болохыг хүсэв.
Токаев хэлэхдээ "Ши Жиньпин дарга цар тахлын халдвар дэгдсэний дараа анхны айлчлалаа Казахстанд хийсэн бөгөөд энэ нь Казахстан, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойтой давхцаж, хоёр орны хооронд харилцан итгэлцэл өндөр байгаа ба Казахстан, Хятадын байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд байгааг харуулж байна. Өнөөгийн үймээн самуунтай, ээдрээтэй олон улсын нөхцөл байдалд онцгой ач холбогдолтой Казахстан, Хятадын харилцаанд шинэ алтан 30 жилийг нээхийг хоёр тал тууштай баримталж байгааг харуулсан хамтарсан мэдэгдэлд бид хамтран гарын үсэг зурах болно. Ши Жиньпин даргын айлчлал нь Казахстан, Хятадын харилцааны хөгжлийн түүхэнд шинэ чухал үйл явдал болж, Казахстан, Хятадын байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд шинэ утга агуулга, түлхэц өгөх нь дамжиггүй гэж үзэж байна. Казахстан бол нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятад улс ямар ч нөхцөлд найдаж болох сайн түнш, найз байх болно. Ирэх жил Ши Жиньпин дарга "Бүс ба зам" санаачилга дэвшүүлсний 10 жилийн ой тохионо. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахад түлхэц үзүүлэх чухал хөдөлгүүр болсон юм. Казахстан цаашид ч идэвхтэй дэмжиж, оролцох болно. Казахстанд цар тахлын халдварын эсрэг тэмцэх, эдийн засгийн бүтээн байгуулалтад үнэтэй дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлж, Хятад улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, бүх шатны солилцоог эрчимжүүлж, эдийн засаг худалдаа, дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, ард иргэд, соёлын харилцаа зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Казахстаны тал Хятадын талтай хамтран дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг сайн хэрэгжүүлж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, "Хятад + Төв Азийн таван орон"-ын хүрээнд нягт уялдаа холбоотой ажиллаж, хамтран ажиллахад бэлэн байна. Бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, хамтын хөгжлийг ахиулна".
Хоёр орны төрийн тэргүүн нар "БНХАУ, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, нийтэлж, Хятад, Казахстан улс үе дамжсан найрамдалт, харилцан итгэлцсэн, хамтдаа жаргал зовлонгоо хуваалцсан хамтын ирээдүйн хамтын нийгэмлэгийг байгуулах зорилго, алсын харааны төлөө шаргуу ажиллах болно гэдгийг мэдэгдэв.
