БНХАУ-ын дарга Ши Жиньпи, БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл нар хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан 08-р сарын 24-ний өдөр харилцан баярын захидал илгээжээ.
Ши Жиньпин "БНХАУ, БНСУ бол уул усаар залгалдсан үүрдийн хөршүүд бөгөөд хоёр орны ард түмэн гүн зузаан найрамдалт харилцаатай юм. БНХАУ, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн хугацаанд, хоёр талын хамтын хүчин чармайлтаар, хоёр орны харилцаа цаг үеийн урсгалд зохицуулан бүх талаар хөгжиж, баялаг үр дүнд хүрч, хоёр улс, хоёр ард түмэнд асар их үр өгөөжөө өгч, бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн юм" гэжээ.
"Эдүгээ дэлхий дахинд зуун жилд тохиолдож байгаагүй их өөрчлөлт болон энэ зууныг хамарсан тахал өвчин дэгдэж, дэлхий ертөнц донсолгоо ихтэй өөрчлөлтийн цаг үед ороод байна. Иймэрхүү зангилаа цаг үед БНХАУ, БНСУ -ыг багтаасан олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэлтэй, хамтран ажиллаж байж хямралыг даван туулж, хүндрэл бэрхшээлээс гарч чадна. Хоёр орны харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд Ерөнхийлөгч тантай стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, БНХАУ, БНСУ хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор гараа болгож, хоёр орны харилцааны сайн сайхан ирээдүй, хоёр орон, ард түмэнд илүү сайн ашиг хүртээхэд бэлэн байна" хэмээн Ши Жиньпин онцоллоо.
Ерөнхийлөгч Юн Сок Ёл баярын захидалдаа БНСУ, БНХАУ хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд цогтой халуун баяр хүргэжээ.
Тэрээр "Хоёр орон газар зүйн хувьд ойр зэргэлдээ, өнө удаан түүх соёлын хэлхээ холбоотой. 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны улс төр, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагаа байнга хөгжиж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тасралтгүй бэхэжсэн юм. Хоёр орны жилийн худалдааны хэмжээ 50 шахам дахинаар нэмэгдсэн бол иргэдийн солилцоо бүр хэдэн арван дахинаар нэмэгдсэн. Хоёр талын дээд түвшний солилцоогоо эрчимжүүлж, нийлүүлэлтийн гинжин хэлхээ зэрэг эдийн засгийн аюулгүй байдал, байгаль орчин, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн, хоёр орны ард түмэнд үр шимийг нь хүртээнэ гэдэгт найдаж байна" гэжээ.
Мөн өдөр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Сү нар ч харилцан баярын цахилгаан илгээжээ.
