solongonews
Ши Жиньпин дарга Мүн Жэ Интэй уулзав
2019-12-23 21:13
Ши Жиньпин дарга Мүн Жэ Интэй уулзлаа.

 Бээжин дэх Ардын их хурлын ордонд 12-р сарын 23-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзлаа.

Хятад, Япон, БНСУ 3 орны удирдагчдын дээд хэмжээний 8-р уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Мүн Жэ Инд Ши Жиньпин дарга дотнын мэндчилгээ дэвшүүлээд хэлсэн үгэндээ:

- Хятад улс болон БНСУ нь Ази төдийгүй дэлхий дахинд нэр нөлөө бүхий чухал орон бөгөөд хоёр орны харилцааг эрүүлээр хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг ахиулах, олон талт үзэл, чөлөөт худалдааны механизмыг хамгаалах талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, хамтын ажиллагааны сайн найз, сайн түнш байсаар ирсэн юм. Өнгөрсөн хоёр жилийн туршид хоёр орны харилцаа тогтвортой хөгжих хандлагаа баталгаажуулж, харилцан анхаарч буй асуудлыг харгалзан, хоёр орны харилцааг илүү өндөр шатанд гаргасан гэж хэллээ.

   Хоёр тал өндөр чанартай хамтын хөгжлийг биелүүлэхээр зорилт болгон нөөц хүчээ ашиглаж, ажил хэрэгч хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэх ёстой. Хоёр тал "Бүс ба зам" санаачилгыг хамтдаа байгуулах, БНСУ-ын хөгжлийн стратегитай холбон, даруй үр дүнд хүргэж, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн 2 дахь шатны хэлэлцээрийг түргэсгэн, инноваци шинжилгээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан давуу талаа нөхөж, хөгжлийн үр дүнг хамтдаа хүртэх ёстой. Хоёр орны хүмүүнлэгийн салбарын солилцоог дэмжих зөвлөлийг сайтар ашиглаж, боловсрол, биеийн тамир спорт, залуус, орон нутгийн солилцоог сайтар өрнүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг нэмэгдүүлэх ёстой. Хууль сахиулах аюулгүйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил дамнасан гэмт хэрэгт цохилт өгч, хоёр орны нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулах ёстой гэж Ши Жиньпин онцолсон юм.

Тэрээр мөн:

- Өдгөө худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл, дээрэнгүй үзэл толгой өндийж, глобал засаглалыг үймүүлэн, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна. Хятад улс хариуцлагатай их гүрний хувьд өөрийн хөгжлөө дэлхийн хөгжилтэй нэгтгэн, дэлхийн улс орнуудтай эрх тэгш, харилцан ашигтай ажиллаж, хамтран үүрэг хүлээж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад бэлэн байна. НҮБ, Их хорь, АПЕК-ийн хүрээнд зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын шударга ёс, зүй ёсны эрх ашгийг хамгаалахыг хоёр орноос хүсэж байна гэж хэлэв.

  Мүн Жэ Ин БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргээд:

- 2019 он БНСУ, БНХАУ-ын хувьд түүхэн ач холбогдолтой жил юм. Хоёр орны харилцаанд чухал ахиц гарсан. Хятад улстай эдийн засаг, худалдаа, соёл, спорт, байгаль орчныг хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг БНСУ-ын "Шинэ өмнөд бүс шинэ умард бүсийн бодлого"-той холбон, гуравдагч зах зээл дэх хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсэж байна. Хятад улстай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Хятадын ардын сайн дурын цэргийн үрэгдсэн баатруудын чандрыг шилжүүлж өгөх ажлыг сайтар хийхэд бэлэн байна. Хонконг, Шиньжяны асуудал бол бүрмөсөн Хятадын дотоод хэрэг гэж БНСУ-ын тал үзэж байна гэж хэлэв.

Хоёр орны төрийн тэргүүн нар мөн Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо солилцсон юм. Дарга Ши Жиньпин: 

- Солонгосын хойгийн асуудлаар хоёр орны байр суурь, ашиг сонирхол нэгдэж байна. Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулж, асуудлыг хэлэлцээгээр шийдвэрлэхийг зорьж байна. БНАСАУ-тай харилцаагаа сайжруулж, Солонгосын хойгийн энхийн үйл явцыг ахиулахад шинэ хүч сэлбэхийг Хятад улс дэмжинэ гэж хэллээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл