Хүнс гэдэг иргэдийн амьжиргаатай шууд холбоотой. Хүнсний аюулгүй байдал нь улсын аюулгүй байдлын чухал үндэс суурь юм. БНХАУ байгуулагдсаны дараа ард түмний хоол хүнсний асуудлыг шийдвэрлэх нь улс орныг удирдах, төрөө баталгаажуулах тэргүүн чухал ажил гэж үзсээр ирсэн. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятадын Коммунист Намын удирдлага дор шаргуу хөдөлмөр, цуцалтгүй хүчин чармайлтаар Хятад улс хөдөө аж ахуйн маш сул үндэс суурьтай, ард түмний амьдрал туйлын ядуу нөхцөл байдалтай байсан ч өөрийн хүчин чадалд тулгуурлан хүнсээр өөрийгөө хангах үндсэн түвшинд хүрч, мөн 1.4 тэрбум орчим хүний хүнсний асуудал амжилттай шийдэгдээд зогсохгүй, оршин суугчдын амьдралын чанар, хоол тэжээлийн түвшин мэдэгдэхүйц сайжирч, хүнсний аюулгүй байдлын асуудал дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон амжилтад хүрсэн юм.
2019 оны 10-р сарын 14-нд "Хятадын хүнсний аюулгүй байдал" нэртэй Цагаан ном анх удаа гарсан. Цагаан номд: ”Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар төв болгсон Намын төв хороо хүнсний аюулгүй байдлыг улс орны засаглалын нэн тэргүүний ажил гэж үзэж, ‘Үндсэндээ хүнсээ бие даан хангах байдлыг батлах, үр тариа зайлшгүй аюулгүй байх’ хүнсний шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж, өөртөө төвлөрсөн, дотооддоо суурилсан, үйлдвэрлэлийн хүчин чадал баталгаатай, импорт хэмжээтэй, шинжлэх ухаан, технологийн дэмжлэгийг бий болгосон улсын хүнсний аюулгүй байдлын стратегийг тогтоож, Хятадын онцлогтой хүнсний аюулгүй байдлын замд орсон гэж дурдсан байдаг. Хятад улс дотооддоо түшиглэн хүнсний бүтээгдэхүүнээр өөрийгөө хангах үндсэн зарчмыг баримталж, тариалангийн талбайг хамгаалах хамгийн хатуу чанд тогтолцоог хэрэгжүүлэн, хөдөө аж ахуйн хангамжийн бүтцийн өөрчлөлт, тогтолцоо, механизмын шинэчлэлийг үргэлжлүүлэн сайжруулав. Улмаар үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадлыг тасралтгүй ахиулж, үр тарианы эргэлтийн шинэчлэлийн түвшинг эрс дээшлүүлэн, үр тарианы хангамжийн бүтцийг тасралтгүй оновчтой болгож, үр тарианы аж үйлдвэрийн эдийн засгийг илүү өндөр түвшинд, чанартай, тогтвортой хөгжүүлэн, илүү үр ашигтай, илүү тогтвортой хүнсний аюулгүй байдлын баталгааны тогтолцоог аажмаар бий болгосон. Түүнчлэн улсын хүнсний аюулгүй байдлын баталгаа улам хүчирхэгжин, Хятадын онцлогтой хүнсний аюулгүй байдалд хүрэх зам улам тогтвортой, өргөн хүрээтэй болсоор байна.
Хүнсний аюулгүй байдал бол дэлхийн энх тайван, хөгжлийн чухал баталгаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах чухал үндэс суурь юм. Энэ бол хүн төрөлхтний тогтвортой хөгжил, ирээдүйн хувь заяатай холбоотой. Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж буй орон бөгөөд хариуцлагатай том орны хувьд дэлхийн хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад эерэг хүчин байсаар ирсэн. Хятад улс дэлхийн хүнсний аюулгүй байдлын засаглалд идэвхтэй оролцож, олон улсын солилцоо хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, олон талт худалдааны тогтолцоог тууштай хамгаалж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, хамтын хөгжлийг сайжруулахад нааштай хувь нэмэр оруулж байна.
