Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 31-ний өдөр Луйс Инасио Лула да Силвад баярын захидал илгээж, Бразил улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Бразил хоёр нь хөгжиж буй том орнууд, хөгжиж буй зах зээлийн чухал орнууд бөгөөд нийтлэг ашиг сонирхол, үүрэг хариуцлагатай.
48 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны засгийн газар, нийгмийн бүх салбарын хамтын хүчин чармайлтаар Хятад-Бразилын харилцаа ихээхэн ахиц дэвшил гаргаж, янз бүрийн салбарт үр дүнтэй хамтран ажилласан. Хятад, Бразилын урт хугацааны найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр улс, хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад дөхөм болж, нийтлэг хөгжил, цэцэглэлтийг ахиулна. Би Хятад, Бразилын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, хоёр улс, хоёр ард түмний ашиг тусын тулд стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвөөс Хятад, Бразилын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хамтран төлөвлөж, шинэ түвшинд гаргахын төлөө сонгогдсон ерөнхийлөгч Лулатай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.
Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны саналын 93 хувийг тоолж дуусжээ. Бразилын Дээд шүүхийн дүгнэлтээс үзэхэд ерөнхийлөгчийн сонгуульд Хөдөлмөрийн намаас нэр дэвшсэн Луйс Инасио Лула да Силва ялалт байгуулсан байна.
Лула 1945 оны 10-р сард төрсөн, 1980 онд Бразилын Хөдөлмөрийн намыг үүсгэн байгуулж, 2003 онд Бразилын ерөнхийлөгч болж, 2010 онд улиран сонгогдож байсан Бразилын түүхэн дэх анхны ажилчин гаралтай ерөнхийлөгч юм. 2018 оны дөрөвдүгээр сард Лула авилгын хэргээр шоронд хоригдож, 2019 оны 11-р сард суллагджээ. 2021 онд Бразилын шүүх түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Лула 2022 оны тавдугаар сард Сан Пауло мужийн захирагчтай хамт ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно хэмээн албан ёсоор мэдэгдэж, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Сонгуулийн өмнөх санал асуулгын дүнгээс харахад, Лулагийн үнэлгээ өнөөгийн ерөнхийлөгч Болсонарогаас ямагт өндөр байв. Тэрээр мөрийн хөтөлбөртөө, "Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол Бразилын эдийн засгийг сэргээж, төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэн, үндэсний гол салбаруудын хувьчлалыг хязгаарлан, татварын шинэчлэлийг хэрэгжүүлнэ" хэмээжээ.
Олон улсын бодлогын хувьд тэрээр Латин Америкийн орнуудын хамтын ажиллагааны механизмыг эрчимжүүлж, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэн, Бразилын гадаад дахь байр суурийг нэмэгдүүлэхээр хичээн ажиллах болно гэдгээ мөн илэрхийлж байв.
