solongonews
“Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэн Монголд нээгдэв
2019-12-26 15:50
“Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэн Монгол Улсад нээгдэв.

СИНЬХАУ агентлаг, МОНЦАМЭ агентлаг хамтран зохион байгуулсан Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэн Хятад улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр энэ сарын 23-нд Монголын үндэсний уран зургийн галерейд нээгдэв.

Уг ёслолд Хятад улсаас Монголд суугаа ЭСЯ-ны түр хамаарагч Ян Чиндүн, БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, Синьхуа агентлагийн Улаанбаатар дахь салбарын дарга Асган болон төр нийгмийн олон салбарын 100 гаруй хүн оролцов.

Түр хамаарагч Ян Чиндүн “Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэн Монголд нээгдсэнд баяр хүргээд “Хятад Монгол хоёр орон нь уул усаар холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн түнш. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцааны хөгжил өөдрөг байсан. Онцгойлон 2014 онд Ши Жиньпин дарга Монголд түүхэн айлчлал хийн, хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулахаа зарлан, хоёр орны харилцааны шинэ эринийг нээсэн. Одоогоор хоёр тал дээд түвшний нягт харилцаатай байж, улс төрийн итгэлцэл нэмэгдэн, стратегийн холбоогоо хурдатган, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагаа тогтвортой явагдаж, хоёр орны ард иргэдийн сэтгэл санааг нэн ойртуулав.

Энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэ удаагийн үзэсгэлэнг СИНЬХАУ болон МОНЦАМЭ агентлаг хамтран зохион байгуулж байна. Зонхилох гэрэл зураг нь хоёр агентлагийн түүхэн ховор материалиас бүрдэж байгаа ба хоёр орны 70 жилийн хугацааны найрамдал болон хоёр орны иргэдийн гүн зузаан харилцааг илтгэж байна. Ирээдүйд Хятад Монголын харилцаа улам сайжирч, найрамдлын шинэ харилцааг үргэлжлүүлэн бүтээж, нэн гүнзгий түүхэн замналыг бий болгоно гэдэгт бат итгэж байна” гэв.

Дэд сайд Г.Ганбаяр, “2019 он бол Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн жил. Далан жилийн хугацаанд хоёр орны харилцаа өргөжсөөр ирснийг хоёр талын хүчин чармайлттай салгаж болшгүй. Энэ удаагийн гэрэл зургийн үзэсгэлэн хоёр орны 70 жилийн ер бусын харилцааны түүхийг эргэцүүлж, Монгол Хятад нь салж болшгүй сайн хөрш болохыг илэрхийлсэн байна. Цаашид Монголын тал Хятадын талтай хамтран хоёр орны олон салбар дахь солилцоо болон хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол Хятадын харилцааны шинэ хуудсыг нээх, шинэ өндөр хэмжээнд хүргэхийг зорьж ажиллана” гэв.

Дарга Б.Ганчимэг, “Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа чухал амжилтад хүрч, хоёр орны ард иргэдэд аз жаргал авчрав. МОНЦАМЭ агентлаг СИНЬХАУ зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулах болно” гэв.

Ян Чиндүн, Г.Ганбаяр болон Хятад, Монголын зочдын хамт гэрэл зургийн үзэсгэлэнгийн туузыг хайчилсан юм.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл