solongonews
Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Байдентай утсаар ярилаа
2022-07-29 11:07
Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Байдентай утсаар ярилаа.

Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 28-ны орой АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьжээ. Хоёр орны төрийн тэргүүн Хятад, Америкийн харилцаа, харилцан сонирхож буй асуудлаар илэн далангүй ярилцаж, санал солилцов.

Ши Жиньпин хэлэхдээ "Дэлхий нийтэд үймээн хийгээд өөрчлөлт гэх хоёр чиг хандлага өрнөж үргэлжилсээр байгаа өнөөгийн байдалд хөгжил болон аюулгүй байдал гэх хоёр том асуудал улам л тод томруун болж байна. Дэлхий ертөнц ээдрээ будлиантай байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэг, бүх улс орны ард түмэн Хятад, Америк хоёр орон тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалж, дэлхийн хөгжил цэцэглэлтийг эрчимжүүлэхийг найдаж байна. Энэ нь Хятад, Америк хоёр том гүрний үүрэг хариуцлага юм" гэжээ.

Ши Жиньпин Хятадын талын Тайванийн асуудлаарх байр суурийг тодорхойлов. Ши Жиньпин "Түүхийг эргэн харах юм бол Тайванийн асуудал ил тодорхой, Тайванийн хоолойн хоёр эрэг нэг Хятад улс байсаар ирсэн гэдэг нь маш тодорхой юм. Хятад, Америкийн гурван хамтарсан мэдэгдэл нь хоёр талын улс төрийн амлалт байж, Нэг Хятадын зарчим нь Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс юм. Хятад улс “Тайванийн тусгаар тогтнол” гэх салан тусгаарлах үзэл болон гаднын хүчний нөлөөг эрс эсэргүүцэж, ямар ч хэлбэрийн салан тусгаарлах хүчинд орон зай үлдээхгүй. Хятадын засгийн газар болон Хятадын ард түмэн Тайванийн асуудлаарх байр суурь ямагтын юм, Хятадын үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах нь Хятадын 1 тэрбум 400 сая гаруй хятдуудын хүсэл эрмэлзэл юм. Иргэдийн санааг огоорч болохгүй, галаар наадвал гарз ойрхон гэдгийг Америкийн тал ойлгохыг хүсэж байна. Америкийн тал хэлэх хийх хоёроо нэгтгэн Нэг Хятадын зарчмыг баримтлан, Хятад, Америкийн гурван хамтарсан мэдэгдлээ хэрэгжүүлэх ёстой" хэмээн цохон тэмдэглэлээ.

Ж.Байден хэлэхдээ "Өнөөгийн дэлхий ертөнц эгзэгтэй цаг үедээ байна. Америк, Хятадын хамтын ажиллагаа нь зөвхөн хоёр ард түмэнд бус бүх улс орны ард иргэдэд тустай. Америкийн тал Хятадын талтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэн, үл ойлголцол, буруу дүгнэлтээс зайлсхийн, хамтын ашиг сонирхолтой салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, маргаантай, санал зөрөөтэй асуудлаа зөв зохицуулах ёстой. АНУ-ын нэг Хятадын бодлого өөрчлөгдөөгүй, мөн өөрчлөхгүй, Америкийн тал Тайванийн "тусгаар тогтнол"-г хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг би дахин онцолж байна" гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн мөн Украины хямралын талаар санал бодлоо солилцсон бөгөөд Ши Жиньпин Хятадын зарчмын байр суурийг дахин илэрхийлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар энэхүү удаагийн яриагаа илэн далангүй, гүн гүнзгий утга агуулгатай гэж үзэж, харилцан холбоотой байхаар тохиролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хоёр талын ажлын хэсгүүдэд үүрэг болгов.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл