solongonews
Өөрчлөлт нээлтийн “цонх”-оос инновацын “цонх” хүртэл
2020-10-12 20:09
Өөрчлөлт нээлтийн “цонх”-оос инновацын “цонх” хүртэл

Шэньжэнь, Хятад улсын хамгийн анхны эдийн засгийн онцгой бүс. Одоогоос 40 жилийн өмнө буюу 1980 онд Хятад улсын өөрчлөлт нээлтийн бодлогын хэрэгжилтийг даган зүүн өмнөд тэнгисийн эргийн Шэньжэнь хот эдийн засгийн хөгжлийн хошууч, хөгжил өөрчлөлтийн “цонх” болж ирсэн юм.

Өдгөө Шэньжэньд гаалиар нэг ширхэг илгээмжийг 22 секундэд шалган нэвтрүүлж, стратегийн чанартай шинэ тулгар аж ахуй нэгж өдөр бүр 100-аар “өрхөө татаж” байна. 2020 оны эхний хагаст Шэньжэнь хотын импорт, экспортын худалдаа бүгд өсөн нэмэгдсэн бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн түрүүнд 5G сүлжээ, үндэсний технологийн ерөнхийлсөн төвийг байгуулаад байна.

40 жилийн өмнөх тэнгисийн эргийн загасчны жижигхэн тосгон өнөөдөр төрөл бүрийн сорилтуудын ард гарч, эдийн засаг, нийгмийн чансаатай хөгжлийг биелүүлж, даян дэлхийн хүмүүсийн таньдаг, мэддэг, очихыг хүсэж зорьдог олон улсын томоохон хот болжээ.

2019 оны 08-р сард Хятад улсын төв засгийн газар Шэньжэньд Хятадын онцлогтой социализмын үлгэр жишээ хошууч бүсийг байгуулах чухал бодлого, шийдвэр гаргаж, 2025 он гэхэд Шэньжэнь хотыг орчин үеийн интегралчилсан, инновацад тулгуурласан хот, 2035 он гэхэд олон улсын хэмжээнд томоохон нэр нөлөөтэй инновацын төв, тус зууны эцэс гэхэд өрсөлдөх хүчин, инновац, нөлөө тусгалаараа дэлхийд манлайлсан үлгэр жишээ хот суурин болгон бүтээн байгуулах үечилсэн төлөвлөгөө, шаардлагыг дурдан гаргасан билээ. УТЗЗ-ийн БХХ-ны Эдийн засгийн зөвлөлийн дэд эрхлэгч Лю Шижинь, “Хятадын онцлогтой социализмын үлгэр жишээ хошууч бүсийг байгуулах талаар Шэньжэнь нэгэнт нааштай туршлага, аргачлал олсон нь үндэсний эдийн засгийн чансаатай хөгжлийг идэвхтэй дайчилж чадах болно” гэжээ.

Шэньжэнь хотын захиргааны Хөгжил судлалын төвийн эрхлэгч Ү Сыкан, “Шэньжэнь хот ерөөс нэг л байнгын үүрэг хариуцлага, зорилттой явж ирсэн. Тэр нь даруй улс орны хөгжлийн шинэ хэв загварыг судлан туршиж, шинэ туршлага, шинэ аргачлалыг бий болгох явдал юм” гэв.

Шэньжэнь хот дахь “Пэнчэн” нэртэй үндэсний “лаборатори”-д 20 гаруй академич Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүсийн интернет, хиймэл оюун, дэвшилтэт боловсруулах аж үйлдвэрийн салбар зэрэг тэргүүний технологийг судалж байдаг. Хятадын Инженерийн Академийн академич, “Пэнчэн” лабораторийн захирал Гао Вэнь, “бид “Үүлэн тархи-II” шинжлэх ухааны аппаратыг судалж бүтээн, ашиглалтад шилжүүлэхэд 9-хөн сар зарцуулсан. Яг ийм 1 тэрбум юаниас дээш хөрөнгө оруулалттай шинжлэх ухааны төхөөрөмжийг өмнө нь судалж бүтээхэд наанадаж 5-аас 7 жил шаарддаг байсан” гэв.

Өдгөө, Шэньжэнь хот нэгэнт 100 гаруй улс орон, бүс нутгийн 300 гаруй боомттой олон улсын далайн контейнер тээвэрлэгч хөлөг онгоцны 219 маршрут ажиллуулж, экспортын худалдааны нийт хэмжээгээрээ 27 жил дараалан Хятадын том дунд хотуудын эхэнд бичигдэж иржээ. Шэньжэнь хотын Шэкөүгийн нээлттэй бүсэд 5G технологи ашиглан бүрэн автоматажсан 20 тонны хөлөг онгоцны зогсоол бүхий ухаалаг боомт нэгэнт ашиглалтад шилжиж эхлээд байна.

2020 он гарснаас нааш Шэньжэнь хот 14 салбарын бизнес орчны өөрчлөлтийг дэмжих 210 гаруй төрлийн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлсэн бол Хятад улсдаа хамгийн урьтаж гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах үйлчилгээний газар, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих мэдээ мэдээллийн үйлчилгээний тавцан зэргийг байгуулж, улам илүү зах зээлжсэн, хууль дүрэмжсэн, интегралчилсан бизнес орчныг бүрдүүлж байна. Одоо дэлхийн топ-500-ын аж ахуйн нэгжийн 300 нь Шэньжэньд хөрөнгө оруулж, 1-ээс 7-р саруудад Шэньжэнь хотын бодитой ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 4 тэрбум 900 сая ам долларт дөхөж, 12.8 хувиар өсөн нэмэгдсэн байна. Хятад дахь Америкийн худалдааны нийгэмлэгийн тэргүүн Алан Бийб, “Шэньжэнь хот олон ургалч бүхий эдийн засгийн үндэс суурийг бүрдүүлсэн бөгөөд энд технологийн маш сайн аж ахуй нэгжүүд бүхэл бүрэн эко системийг бүрдүүлсэн нь гадаад хөрөнгийг татах чухал хүчин болж байдаг” гэв.

Дэлхийн Эдийн засгийн форумын ерөнхий захирал Борге Брендегийн үзэж буйгаар, Хятад улсын хөгжлийн замнал хүмүүст гүн сэтгэгдэл үлдээсний нэг чухал хүчин зүйл бол даруй Хятад улсын нээлттэй бодлого юм. Ши Жиньпин даргын удирдлага дор Шэньжэнь хот хөгжлийн улам их амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл