Хятад, Вьетнамын хоёр талын хамтын ажиллагааны удирдах хорооны XIV хурал 07-р сарын 13-ны өдөр Гуанши мужийн Наньнин хотод болж, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Вьетнамын ерөнхий сайдын орлогч Пам Бинх Минх нар хамтран хурлыг даргалав.

Ван И хэлэхдээ:
- Хятад улсын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Вьетнамын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг Нгуен нар хоёр орны харилцааг чиглүүлэн стратегийн харилцаа холбоо тогтоон ажиллаж байна. Хоёр талын бүх салбарууд ажил хэрэгч хамтын ажиллагаанд тасралтгүй шинэ ахиц дэвшлийг ахиулахад хамтдаа хүчин чармайлт гаргав. 2022 онд Хятад, Вьетнам хоёр улс дотоодын улс төрийн чухал зорилттой бөгөөд ерөнхий төлөвлөлт, зохицуулалтаа эрчимжүүлж, стратегийн ач холбогдолтой хамтын ирээдүйн хамтын нийгэмлэгийг байгуулахын төлөө хамтран ажиллаж, эв санааны нэгдэл, харилцан итгэлцлийг бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулах хэрэгтэй.
Нэг. Тэргүүлэн дагуулах шинж чанарыг чухал байранд тавих. Хоёр нам, хоёр орны удирдагчдын чухал нийтлэг ойлголтоор жолоодуулж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ шатанд ахиулах.
Хоёр. Стратегийн шинж чанарыг эрчимжүүлэх. Төр улсын засаглалын туршлагын солилцоогоо нэмэгдүүлж, хууль тогтоох байгууллага, нам хоорондын харилцаагаа эрчимжүүлэн, хоёр орны социализмын үйлсийн хөгжилд асар хүчирхэг онолын дэмжлэг хангах.
Гурав. Ажил хэрэгч шинж чанарыг тусгах. Хоёр орны газар зүйн тогтцын ижил төстэй тал болон үйлдвэрлэлийн харилцан нөхөх давуу талыг сайтар ашиглаж, бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншийн харилцааны гэрээний ашиг тусыг улам өргөжүүлэн, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлэх.
Дөрөв. Шинийг бүтээхийг урамшуулан дэмжих. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжил, нарны зай, цэвэр эрчим хүч зэргийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх.
Тав. Тогтвортой шинж чанарыг хадгалах. Хүмүүнлэгийн солилцоогоо нэмэгдүүлэн, хоёр орны найрамдлын иргэдийн үндэс суурийг бэхжүүлэх явдал болно.
Ван И хэлэхдээ:
- Ахан дүүсийн уламжлалт найрамдал, Коммунист намын удирдлагад тууштай байж, социализмын замаар замнах нийтлэг эрхэм зорилго бол Хятад Вьетнамын харилцааг хөгжүүлэх дотоод хүчин зүйл болох юм. Хоёр тал тус тусын бүтээн байгуулалт, сэргэн мандалтын зорилтоо тууштай ахиулж, хоёр орны стратегийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалан, бүс нутгийн нөхцөл байдлын өөрчлөлт, дэлхийн сорилтыг хамтдаа даван туулах хэрэгтэй.

Пам Бинх Минх хэлэхдээ:
- Хятадын Коммунист Намын ХХ их хурал амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэж байна. Хятадтай харилцах нь Вьетнамын гадаад бодлогын нэн тэргүүний зорилт бөгөөд Хятадтай найрамдалтай байх нь Вьетнамын стратегийн сонголт болох юм. Стратегийн харилцан итгэлцлийг бататгаж, олон салбарын хамтын ажиллагааг ахиулахад хоёр нам, хоёр орны дээд түвшний зөвшилцлийг хөтөч болгоход бид бэлэн байна.
Хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагааны нааштай үр дүнг нэгтгэн дүгнэж, харилцан тохиролцоог эрчимжүүлэн, нийтлэг ойлголтыг хамтын ажиллагааг ахиулах бодит үйл ажиллагаанд шилжүүлэхээр тохиролцов.
Уулзалтын дараа хоёр тал эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны гэрээ, хөдөө аж ахуй, далайн байгаль орчин, далайн хамтын ажиллагаа зэрэг баримт бичигт хамтран гарын үсэг зурснаа мэдэгдэв.
