Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 01-нд Энэтхэгийн ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярын мэнд хүргэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: 70 жилийг эргэн харахад Хятад, Энэтхэгийн харилцаа ер бусын хөгжлийн замыг туулсан. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орон энх тайван, цэцэглэн хөгжсөн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байгуулсан. Одоо илүү нягт түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа өдөр ирэх тусам гүнзгийрч, олон улс, бүс нутгийн томоохон үйл хэргээр тасралтгүй харилцаж байна. Одоо Хятад, Энэтхэгийн харилцаа шинэ гараанаас шинэ боломжийг эхлүүлж байна. Миний бие Хятад, Энэтхэгийн харилцааны хөгжлийг чухалд үзэж, Ковинд ерөнхийлөгчийн хамт хүчин зүтгэж, Хятад, Энэтхэгийн харилцааг шинэ шатанд ахиулж, хоёр орон, хоёр орны иргэдэд илүү их үр өгөөж хүртээж, Ази болон дэлхий нийтэд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэсэн байна.
Рам Натх Ковинд баярын цахилгаандаа: Өнгөрсөн 70 жилд Энэтхэг, Хятадын харилцаа бодит хөгжилд хүрч, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарт харилцаа өргөжин тэлж байна. Энэтхэг, Хятад улс хөрш орон, эртний соёл иргэншилт гүрэн, шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцын хувьд сайн харилцаатай байх нь хоёр орны үндсэн ашиг сонирхолд нийцэж байна. Бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд маш чухал юм. Энэтхэгийн тал Хятадын талтай илүү нягт түншлэлийн хөгжлийн харилцааг өргөжүүлж, гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэж тэмдэглэжээ.
